“Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ” гэж ярьдаг. Хүний сэтгэл гэж ямар хүчтэй, сэтгэлээ зөв жолоодсон хүн амжилтад хүрдгийг тун энгийнээр тодорхойлсон нь энэ. Тэр ч утгаараа сэтгэл зүй бол үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ нийгэмд чухал нөлөө үзүүлдэг салбар.

Сонирхолтой нь, сэтгэл судлалыг хамгийн хөгшин бөгөөд хамгийн залуу салбар гэж тодорхойлдог юм билээ. Анхны шинжлэх ухаанч төсөөлөл МЭӨ VI зуунд үүссэн гэж үзвэл яах аргагүй хөгшин салбар. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлснээс хойш 100 гаруйхан жил өнгөрсөн гэж бодохоор залуудаа орно.

Монголчууд бидний хувьд сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэлзүйч нарын талаар Холливудын киноноос л бага зэрэг мэдээлэлтэй болсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Хүмүүний амьдралд уур бухимдал, гутрал, шийдэхэд бэрх асуудал өдөр тутам тохиолдоно.

Сэтгэлзүй бол хөгжсөн орнуудад амьдралынх нь энгийн үйлчилгээ болсон зүйл

Өндөр хөгжилтэй орны иргэд ийм тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчид хандан зөвлөгөө авч, асуудлыг эрүүл ухаанаар шийдэх гарцаа олдог. Харин бид ойр дотнын хэн нэгэнтэйгээ зөвлөлдөхөөс хэтэрдэггүй. Эсвэл бухимдлаа тайлж байна гээд бор дарстай нөхөрлөнө. Гэвч асуудал шийдэгдсэн нь ховор.

“Сэтгэцийн гажигтай, эсвэл асуудлаа шийдэж чадахгүй сул дорой хүн сэтгэлзүйчид ханддаг гэж хүмүүс бодоод байдаг. Уг нь сэтгэлзүй бол хөгжсөн орнуудад амьдралынх нь энгийн үйлчилгээ болсон зүйл. Хүн сэтгэлзүйчид хандаж, сэтгэл дотор бугшаад байсан зүйл, тулгарсан асуудлаа ярьж зөвлөлдвөл эрүүлээр сэтгэж, шийдвэр гаргахад тустай. Сэтгэлзүйч бол хүмүүсийн эргэлзээг нь тайлахын тулд мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлдэг хүн гэж товчхондоо ойлгож болно” хэмээн “Монгол өрх” хүрээлэнгийн сэтгэлзүйч С.Баасанбат тайлбарлав.

Түүхийн хуудас сөхвөл энэ салбар Дэлхийн II дайнаас хойш эрчимтэй хөгжсөн юм билээ. Өдгөө зарим оронд сэтгэлзүйн боловсролыг бага ангиас нь зааж, амьдралд хөлөө олоход нь тусалдаг болжээ. Тэр ч байтугай Австрали, АНУ болон Скандинавын орнуудад иргэд эрүүл мэндийн даатгалаараа жилд нэг удаа сэтгэл зүйн курс эмчилгээ авах эрхтэй байдаг байна. Харин манайд энэ салбар хөгжлийнхөө эхний шатанд яваа гэж болно. Хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээний талаар тэр бүр мэддэггүй, сэтгэлзүйчид очдог нь хуруу дарам цөөн. Хоногийн хоолоо аргацааж ядаж байгаа хүмүүс сэтгэлзүйчид мөнгө төлөхтэй манатай байдаг болохоор аргагүй биз ээ.

Уг нь монголчууд үр хүүхдээ үлгэр, зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг сэтгэл зүйн өвөрмөц аргачлалтай ард түмэн. Буурлын сургуулийг сонсож өссөн хүүхэд зөв хүн болон төлөвшиж, амьдралын нугачаанд биеэ авч явах чадвар суудаг байв. Гэвч жил ирэх тусам энэ уламжлал алдагдсаар байна.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нийт массын сэтгэлзүйн байдлыг тодорхойлохдоо дараах таван индекс нийгэмд ямар түвшинд байгааг авч үздэг. Энэ нь авлига, архидалт мансуурлын тархалт, хүчирхийлэл, зугаа цэнгэл, садар самуун болон мухар сүсэг. Хэрэв энэхүү таван индекс өндөр гарвал ард түмний амьдрал эмх замбараагүй бөгөөд гутрал руугаа орж байна гэж үзнэ. Харамсалтай нь, дээр дурдсан таван индекс Монголд тун өндөр түвшинд байгааг та надаар хэлүүлэлтгүй мэднэ.

Монголд сүм хийд олон байгаа нь сэтгэлзүйн салбарын хөгжил сул байгаагийн илэрхийлэл болов уу

Тухайн оронд архидалт, мансуурлын тархалт зургаан хувиас дээш гарвал аюулын харанга дэлдлээ гэж үздэг юм билээ. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 1997 онд энэ төрлийн судалгаа хийхэд 13 хувьтай гарч байжээ. Хожим 2012 дахин судалгаа явуулаад 15-20 хувь байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан юм.

Түүнчлэн бид өмнөө тулгарсан аливаа нэг асуудлыг шийдэж чадахгүй бол лам, бөө, зурхайч дээр очдог. Хүмүүс сэтгэлзүйн үйлчилгээний талаар мэдэхгүй, ийм үйлчилгээ авах боломжгүй учраас сонголт нь ийм болчихоод байгаа юм. Ер нь Монголд сүм хийд олон байгаа нь сэтгэлзүйн салбарын хөгжил сул байгаагийн илэрхийлэл болов уу.

Энэ талаар сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, АНУ-ын иргэн Алберт Чан тун тодорхой тайлбарласан. “Хүмүүс сэтгэлзүйчид хандахын оронд лам, бөө дээр очиж байгааг би буруутгахгүй. Бас зөв ч гэж хэлэхэд хэцүү. Хүн өмнөө тулгарсан асуудлаа шийдэхийн тулд бөө, лам дээр очиж засал хийлгэдэг. Үүний дараа тайвшралыг олж, сэтгэл амар үлдвэл болж л байна шүү дээ. Мэдээж итгэл, үнэмшилтэй байгаа учраас л сүм, хийдийг зорьдог.

Гэхдээ тухайн үед тайвширлаа ч гэсэн асуудал нь шийдэгдэхгүй хэвээр үлдвэл тэр хүн юунд итгэх болж байна? Энэ нь цаашдаа маш том сэтгэцийн өвчин үүсгэх магадлалтай. Хүн болгон төгс биш. Тиймээс бүгдэд нь шийдвэрлэхэд бэрх асуудал тулгарна. Энэ тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчийн туслалцааг авахын гол ач холбогдол нь хувийн эрх ашиг нөлөөлөөгүй зөвлөгөө авч чаддаг.

Жишээ нь, “Би хүчтэй, ухаантай хүн. Тиймээс чиний төлөө залбирч, сайн сайханд хүргэнэ” гэхээс илүү “Чи бол чадварлаг хүн. Чамд бололцоо байна. Чи өөрийнхөө асуудлыг шийдэж чадна” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлдэг. Энэ хоёрыг хооронд нь харьцуулаад үзвэл аль нь үр дүнтэй болох нь харагдах болов уу” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Монголд сэтгэлзүйчээр үйлчлүүлдэг хүн цөөн байдаг нь мэдээлэл муугаас гадна иргэдийн амьжиргааны түвшинтэй холбоотой гэдэг нь тодорхой. Нөгөөтэйгүүр энэ салбарын бүтэц, уялдаа холбоо тааруу байдаг нь хөгжилд чөдөр, тушаа болдог гэж дүгнэхэд буруудахгүй. Өнөөдөр манайд МУБИС, МУИС, ХУИС, Энх-Орчлон гэсэн дөрвөн ч сургууль мэргэжлийн сэтгэлзүйчийг дөрвөн жилээр бэлтгэж байна. Харин төгссөн хүн бүр ажлын байртай болж, амьдралын баталгаагаа хангаж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.

Монголчууд үр хүүхдээ үлгэр, зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг сэтгэлзүйн өвөрмөц аргачлалтай

Өдгөө Монголд 300-400 сэтгэлзүйч байдаг гэсэн судалгаа бий. Угаас зах зээл нь хомс, үйлчлүүлэгч цөөн үед мэргэжлийн боловсон хүчнийг ингэж олноор бэлдэх шаардлага байна гээсэн асуулт эндээс урган гарна. Мөн сэтгэлзүйчдийг нэгтгэн зангидаж, мэргэжлийн лиценз олгож, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хураан авах эрх бүхий байгууллага манайд алга. Тиймээс хэн дуртай нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв байгуулж, тэр хэрээр салбарын нэр хүндийг унагасаар.

Сэтгэлзүйн төвд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь архины асуудалтай иргэд байдаг аж. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүмүүжил, нойргүйдэл, амиа хорлох оролдлого, хамт олны харилцаа, өөртөө итгэх итгэлээ хэрхэн олж авах, удирдах арга барилаа яаж сайжруулах вэ гэсэн нийтлэг асуудлаар мэргэжлийн хүнд ханддаг байна.

Үнийн хувьд янз бүр. Анхны уулзалт нь (2-3 цаг) 30 мянган төгрөг гэж байхад үүнээс хоёр, гурав дахин үнэтэй нь ч бий. Уг нь төр, засгийн зүгээс анхаарал хандуулж, сэтгэл зүйн үйлчилгээ авах эрхийг эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой нь холбоод өгвөл мэргэжлийн хүнд хандах иргэдийн тоо нэмэгдэнэ. Тэр хэрээр иргэд сэтгэлийн бухимдлаа таягдан хаяж, эрүүл ухаанаар шийдвэр гаргах боломж бүрдэх юм.

Хэрэв сэтгэлзүйчид жинхэнэ утгаараа ажиллаад эхэлбэл иргэдийн өвчлөл багасч, үүнийгээ дагаад эрүүл мэндийн салбарын ачаалал багасна. Мөн гэмт хэргийн гаралт буурч, шоронд зарцуулдаг мөнгө багасах зэргээр төрийн ачааг хамгийн их хөнгөвчлөх салбар бол сэтгэл зүй. Гэвч энэ чухал салбар аль яаманд харьяалагдах нь хүртэл тодорхойгүй байна. Тиймээс иргэд тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд лам, бөө дээр очсон хэвээр.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ