Танай хүүхэд сургууль дээрээ хаанаас, юу худалдан авч идэж байгааг мэдэх үү? Та өдөрт хүүхэддээ хоолонд нь хэдэн төгрөг өгдөг вэ. Тэд таны өгсөн мөнгөөр ихэвчлэн хямд үнэтэй, хүний биед шимт бодис өгдөггүй хүнсний бүтээгдэхүүн авч иддэг гэдгийг мэдэх үү. Үүнээс үүдэн тэдний ихэнх нь жилд 1-2 удаа хоолны хордлого авч, эрүүл мэндээрээ хохирдог байна.

Танай хүүхэд гэдэс гүйлгэх, хоолны хордлого авч байсан бол сургууль дээрээ юу иддэснийг нь асуугаарай. Тэд таньд ундаа, зайрмаг, чихэр, пирошки, ороомог авч идсэн хэмээн хариулах байх. Өнгөрсөн онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын долоон дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон 5-12 дугаар ангийн 1408 сурагч хамруулан сургуулийн ойр орчимд худалдаалж байгаа хүсний чанар, аюулгүй, тэдгээрийн хүүхдүүдэд үзүүлэх хор нөлөөлийн талаар судалгаа хийжээ.

Сурагчдын дөнгөж таван хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь маш бага үзүүлэлт юм.

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг гэжээ. Сурагчид доорх бүтээгдэхүүнийг хамгийн их авч хэрэглэдэг байна. Үүнд ундаа 66, пирошки 55.1, зайрмаг 48.4, чихэр 39.1 хувь хэрэглэдэг нь харьцангуй хямд үнэтэй, шимт чанар муутай бүтээгдэхүүнүүд худалдан авч иддэг. Сурагчдын дөнгөж таван хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь маш бага үзүүлэлт юм.

Учир нь ид өсөж яваа энэ насанд сүүн бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэж кальци авах ёстой байдаг хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэтэл сурагчид долоон хоногийн 3-4 өдөр дунджаар 800 төгрөгөөр зарагддаг пирошкийг хэрэглэдэг нь судалгаагаар хамгийн их давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүнд оржээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд судалгаанд хамрагдсан сурагчдын 17.8 хувь нь хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд тал хувь нь пирошкиноос болж хорджээ. Хордлого үүсгэсэн хоол хүнсний дийлэнх хувийг пирошки, мантуун бууз, хуушуур, төрөл бүрийн хоол, бургер, ороомог, кимбаб, салат зэрэг хоолнууд эзэлж байна. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд 2-оос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй байна. Сургуулийн сурагчид ямар нөхцөлд яаж хадгалж байгаа анзаардаггүй бөгөөд худалдаж авахдаа шошгон дээрээс хадгалах хугацааг л хардаг гэнэ.

сурагчид долоон хоногийн 3-4 өдөр дунджаар 800 төгрөгөөр зарагддаг пирошкийг хэрэглэдэг нь судалгаагаар хамгийн их давтамжтай хэрэглэдэг

Түгээмэл зарагддаг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг, сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд багтаж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг хамгийн их зовоож байгаа юм. Хүн өдөрт таван граммаас дээш давс хэрэглэхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг бөгөөд сурагчдын хэрэглэдэг хоол, хүнсэд давс багатай ангилалд хамаарах бүтээгдэхүүн байгаагүй гэнэ.

Хүүхдүүдийн хамгийн их авдаг чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрчээ. Эдгээр будагч бодис дотор олон улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт байгаагүй боловч Е102, E110, E122, E124, E129 зэрэг зарим улс орнуудад хүнсэнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн будагч бодис байгаа юм. Эдгээр нь хүнсний будагч бодисыг хүүхдэд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэг гэж үзсэний улмаас Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож, хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхгүй байх, мөн уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр хүүхдийн анхаарал төвлөрөлт, хөдөлгөөнд идэвхид нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга тавихаар хуульчилсан байдаг байна.

Түгээмэл зарагддаг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг, сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд багтаж байгаа

Гэтэл бид хүүхдээ өдөрт юу авч идэж байгааг асуудаг ч үгүй. Үүнээс болж таны хүүхдийн ходоод яваандаа өвчлөх эрсдэл ойрхон байгааг дээрх судалгаа бэлхэн харуулж байгаа байх. Иймд та хүүхэддээ ямар бүтээгдэхүүн авч хэрэглэхийг заахаас гадна өглөө сургуульд нь явахад нь өдрийн цайг нь бэлдэн явуулж хэвшихийг уриалмаар байна.

Т.Буянаа