Манай төр нийгмийн барьж байгаа гишүүд ажилдаа хоцорч, ажлаа хийхгүй байж болдог болжээ. Гэтэл ард иргэдийн хувьд ажлаасаа хоцорсон тохиолдолд цалингаас нь торгох, минут тутамд мөнгө хасдаг. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирэхгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцуулахаар болжээ. УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гарагуудад 09.00 цагт эхлэх ёстой. Өнөөдрийн хуралдаан 128 минутаар хоцорч эхлэв. Нэгдсэн чуулганы хуралдаан нийт гишүүдийн 51 хувь буюу 39 хүрч байж ирц бүрдсэнд тооцдог.

Энэ удаагийн хуралдаан 39 гишүүний ирцтэй эхлэв. Үүнд Ардчилсан намын бүлгээс 26, "Шударга ёс эвсэл"-ээс зургаа, ИЗН-аас нэг гишүүн, бие даагч гурван гишүүн ажилдаа цагтаа ирсэн байна. Харин Ардын намын бүлгийн гишүүд чуулганы танхимд цуварч орж ирсэн ч картаа уншуулаагүй юм. Учир нь тэд Хүүхдийн мөнгийг эсэргүүцэж, ирцээр барьцаалах гэсэн ч амжилттай болоогүй. УИХ-ын дарга З.Энхболд телевизээр дамжуулан чуулганы танхимд ирээгүй гишүүдэд хандаж, цалин авдаг, ажилдаа ирэхийг шаардаж, ажилдаа ирээгүй бол цалин хасдаг хууль санаачлах үүргийг Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамбаатарт даалгав. Үүний дараа Ардын намынхан картаа уншуулсан байна.

Т.Буянаа