Зүүний үзүүр дээр атга будаа асгахад нэг нь тогтвол хүн болж төрөх аз завшаан тохиодог гэдэг. Тэгвэл тэрхүү будааг харь элэгийн хүн ч бус энэ хорвоод дуудаж авчирсан ээж, аав нь нясалчихдаг тохиолдол цөөнгүй гарсаар.

Ой гарантай хоёр уушги нь хатгаатай охиноо халуун цээжиндээ, тэврээд ангир уургаа амлуулах байтал ес эхэлсэн үед хүйтэн орцонд хаяж явсан хэрэг шинэ жилийн баярын өмнөхөн гарсан. Сайхан сэтгэлт хүн охиныг олж, яаралтай ЭХЭМҮТ-д хүргэн эмчилгээ хийлгэж байсан билээ. Гэсэн ч дулаан гэрт гэр бүлийнхээ халуун хайран дунд тонгочиж, хэлд, хөлд орох насандаа энэ охин эмнэлгийн орон дээр өвчинтэйгээ тэмцсээр уржигдар нас барлаа. Уг нь монголчууд үхтэл үр харам гэдэг дээ. Тээж төрүүлсэн үрээ тоолгүй хаясан эхийг цагдаагийн алба хаагчид олж илрүүлсэн. Тэрбээр 22 настай, өрх толгойлсон эмэгтэй байсан. Амьдралын боломжгүйн улмаас хүүхдээ асарч чадахгүй хэмээн мэдүүлэг өгсөн тэрбээр охиноо өнгөрөхийн өмнө эмнэлэгт очиж сахисан юм билээ. Гэлээ ч хорвоод ирээд хоёр оныг туулж амжаагүй хөөрхий охин хүн болж төрөөд халуун тэвэрт нь ангир уургыг нь амлахдаа анх харж байсан ээжийнхээ царайг олж үзэлгүй олон хонож, ахин харсандаа санаа нь амарсан уу, энэ хар бараан нийгэмд гомдсон уу үүрд явчихлаа. Талийгч охины ээжид цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял ногдуулах байх. Харин хүний охин үрийн нэг биеийг хоёр хуваачихаад хээв нэг тоогоогүй орхисон талийгч охины эцэг зүгээр өнгөрөх үү. Ийн богино настай дурлал, цуурсан шаазан шиг гэр бүлийн хохирогч хүүхэд байсаар байх уу гэсэн асуулт гарч ирж байна.

 

Өнгөрсөн онд мөн төрүүлсэн эх нь тоолгүй үрчилж, төрсөн эцэг, хойд эхийнхээ гэр бүлийн хэрүүлийн дуун дунд толгой гудайлган өөрөө буруутай гэмшиж, аавынхаа суран бүс, бөө хойд эхийнхээ суртай модоор зодуулан инээж халгих насандаа миний буруу, баярлалаа хэмээн амандаа бувтнасаар дөрөвхөн настай охин өөрт ахадсан хахир хатууг туулсаар хэзээ ч эргэж ирэхгүйгээр одсон. Уг хэргийн шүүх хурлын үеэр талийгч охины эцэг нэгтэй дүү нь хойд эхийнх нь хэвлийд байсан. Хэрэгтэн Цогт, Маралмаа нар хамтран амьдрахаасаа өмнө аль аль нь гэр бүл зохиогоод амжсан ба Маралмаа нэг, Цогт хоёр хүүхэдтэй байсан. Ийн гэр бүл болохыг хөзрөөр байшин барих мэт хөнгөн хуумгай санадаг залуусын хохирогч болж нэг хүүхэд бурхны оронд одож, нэг нь эцэг, эх нь торны цаана байхад, нөгөө хоёр нь өнчин өрөөсөн өсөх нь.

 

Үүнээс гадна хоёр жилийн гаруйн өмнө хамгийн түрүүнд хайрлаж, хамгаалах ёстой эцэг нь таван настай хүүгээ заазуурдаж, биеийг нь хэрчсэн явдал гарсан билээ. Архиныхаа халуунд өөдөөс нь эсэргүүцэх нь битгий хэл зугтааж чадахгүй хүүгээ “Та нар намайг цагдаад барьж өгсөн” хэмээн ийнхүү шийтгэсэн. Амьдрахыг архи уухын нэр хэмээн томьёолсон энэ эрийн гараас хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй залуус хүүг амжиж авраагүй бол таван настай тэр хүү амиараа хохирохыг хэн байг гэхэв.

 

Эдгээр жишээнүүд зөвхөн олон нийтийн анхаарлын төвд өртсөн хэргүүд. Гэтэл гэр бүл, асран хамгаалагч хэмээх “хөшиг”-ний цаана хүчирхийллийн золиос болж гэм буруугүй атлаа сэтгэл санаа, бие махбодиороо хохирч байгаа хэчнээн хүүхэд байгаа бол, цаашдаа хохирсоор байх уу.

 

 

Б.Төгөлдөр