“Ирвэс хамгаалах сан”-ийн байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүхтэй уулзаж ярилцлаа.

 

ДҮҮ НАРЫГ НЬ БАС ДАРАМТАЛСАН БАЙДАГ. ҮҮНИЙГ ЯРИМААРГҮЙ БАЙНА

 

-Өнгөрсөн лхагва гаригт Мөрдөн байцаах газарт таныг дуудсан гэсэн. Хэн гэдэг мөрдөн байцаагч хүлээн авч уулзсан вэ?

 

-УМБГ-ын дэд дарга энэ хэргийн ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар дуудаж уулзлаа. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа Хөвсгөлд хэрэг болсон газар очихдоо надтай уулзаагүй. Хүү минь хүнд хорлогдсон байхад тэр хэргийг мөрдөж шалгаж байгаа байцаагч уг нь эхлээд ар гэрийнхэнтэй нь уулзмаар. Энэ тухай би Хууль зүйн сайдад гомдол мэдүүлсэн. Тэгээд өнгөрсөн лхагва гаригт дуудаж уулзаад надаас уучлалт гуйсан. Энэ хэргийг эрт илрүүлье гэсэн бол хэрэг гарсан тэр үед л уулзах байсан. Одоо ч энэ хэрэг огт илрээгүй байна.

 

Алдаагаа баталгаажуулах хамгаалах, хувийн хорсолд шилжиж буй мэт харагдаж байна. Би үүнийг мэдрээд мөрдөн байцаагч зарим хүнд “Төрд ийм юм байдаггүй юм шүү, ёс суртахуунтай байж ажлаа хийх хэрэгтэй” гэдгийг хатуу хэлсэн. Үхсэн хүнийг яаж ч доромжилж буруутгаж болно. Ард нь аав ээж, ахан дүүс, найз нөхөд, ажлын газар, Монголын сайхан ард түмэн амьд үлдэж байгаа гэдгийг ч сануулсан.

 

-Та Хууль зүйн сайдыг шүүхэд өгсөн юм уу?

 

-“Сэтгэцийн өвчтэй амиа хорлосон” гэдэг дүгнэлт мэдээлэл түгээд байхаар нь тэр мэдээллийг нь хэвлээд сайд уруу авч орсон. Сайд бүгдийг ойлгосон байсан. Гэхдээ нүүр нүүрээ хараад ярилцаж байгаа учраас эр хүмүүсийн ёсоор гар барьж үлдэх юм үгүй гэдгээ баталсан. Юм бол шууд үнэн байх ёстой. Хууль зүйн сайдад хэргийн бодит байдал, шалгасан хүмүүсийн алдааны талаар хэлсэн. Их нухацтай анхааралтай сонсож сэтгэлээсээ бүрэн ойлгож байгаа байдал нь бидний сэтгэлийг бага ч болов тайвшруулсан. Харамсалтай нь, хэргийн талаарх зарим мэдээллийг илт буруу өгч байсан юм шиг санагдсан.

 

-Танаас мэдүүлэг авсан уу?

 

-Үгүй, надаас мэдүүлэг аваагүй. Харин хэргийг илрүүлж болох ямар сэжүүр байгаа баримт нотолгооны тухай ярилцсан. Ойлголцол муу байжээ. Тиймээс хэргийг илрүүлэхийн тулд хамтарч ажиллах нь зөв юм байна гэцгээсэн. Анхнаасаа буруу зүйлчилсэн. Усанд амиа алдсан гэдэгт итгүүлчихсэн. Үүнээс болж энэ хэрэг замхарч буруу тийш эргэж, солиорсон, галзуурсан хүн хайж хамаг цагаа алдсан. Сэтгэцийн өвчтэй хүн усанд унаж амиа хорлодог юм байна гэж нийгэмд ойлгуулсан.

 

- Амиа хорлохын тулд 1000 км туулж далай уруу явах уу гэдэг их хачирхалтай санагдаад байгаа юм?

 

-Харин тийм. Түүнээс наана үхнэ биз дээ. Тэр болтол давхихад ядаж өөр бодол орж ирнэ биз дээ. 15-16 цаг явж очдог газар шүү дээ.

 

-Замын пост болон ШТС-ын камеруудад машинаасаа өөрөө бууж сууж байсан нь бичлэгт үлдсэн гэдэг. Хэн нэгний дарамт, барьцаанд явсан гэх сэжиг таамгийг батлах баримт байна уу?

 

-Дарамтад явсан нь тодорхой. Утсаар ярих боломжгүй. Аав ээжтэйгээ нэг ч яриагүй. Утсаар нь өөр хүн ярьж байсан. Ямар ч эрх мэдэлгүй явсан нь мэдэгддэг. Цэвэр зохион байгуулалтай хэрэг. Миний хүү алуурчидтай явж байсан. Аль болох хол явуулж, ул мөрийг балартуулж нууж алах зорилготой алуурчидтай явж байсан. Тэд миний хүүг шууд барьцаалж авч явсан. Ямар нэг байдлаар хүлээлт, найдлага төрүүлж алах хүртлээ тайван байдлаар авч явсан. Мэдээж алах газраа ширүүссэн нь тодорхой. Түүнээс биш эндээс чамайг ална гэж хэлсэн бол тэр хооронд амьд хүн аргатай амьд гарах ямар нэг арга хэмжээ авна биз дээ. Тэгэхээр арай ч алчихгүй юм байна гэдэг горьдлого төрүүлсэн байх.

 

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Дүү нарыг нь барьцаалсан, сүрдүүлсэн зүйл байсан болов уу?

 

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Талийгаач миний том хүү. Удаахь хүү маань байгалийн аялал жуулчлалын менежментээр төгсөн. Нэг охин нягтлан, нөгөөх нь компьютер праграмм хангамжийн мэргэжилтэй. Манай дөрвөн хүүхэд өөр өөр мэргэжилтэй ч бүгд байгальд ээлтэй. 1987 оноос би өнөөдрийг хүртэл 29 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Янз бүрийн маргаан зөрчил алийг тэр гэхэв. Ажиллаж байсан үйлээрээ харагддаг. Энэ хүн хэзээ ч энэ ажлаас урвахгүй үүний төлөө үнэнч шударга байснаараа ард түмэнд итгэл төрүүлж чаддаг. Миний хүү тийм л байсан. Ар гэр, дүү нарыг нь бас дарамталсан байдаг. Үүнийг яримааргүй байна.

 

ЭХЛЭЭД СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮН ХАЙЖ БАЙСАН БОЛ ОДОО АВГАЙ ХҮҮХЭН ЭРЖ ЭХЭЛЛЭЭ

 

-Та прокурорт өргөдөл гаргасан гэсэн?

 

-Цагдаагийн дарга Р.Чингис, Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өргөдөл гаргасан. Шалгаж байна гэсэн л хариу өгдөг юм. Мөрдөх үйл ажиллагааг нэгтгэсэн. Энэ нь нэг нь Монголын өмнөд хязгаар, нөгөө нь хойд хязгаарт болсонтой холбоотой нэгтгэх арга хэмжээ авсан байх. Миний бодлоор шалгаж, мөрдөж байгаа явц нь алдаатай. Итгэл үнэмшил муутай болохоор нэгтгэх шаардлага УМБГ-т байсан болов уу даа. Нэгэнт олон түмэнд ил болсон энэ хэргийн илрүүлэлтэд цаашид хэрхэн хандах нь Цагдаагийн байгууллагын нэр хүндэд нөлөөлөх нь зайлшгүй. Шуурхай шалгах бодол байгаа байлгүй.

 

Ард түмэн үнэн зөвөөр нь шийдээсэй гэж шаардаж хүсэн хүлээж байна. Өдөр бүхэн л ийм сэтгэгдэл цахим ертөнцөөр хөвөрч байна. Ер нь ганц байгаль хамгаалагч амиа алдаад зогсохгүй алсдаа байгаль хамгаалах асуудал яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Цашид нийгэмд ийм хохирол гарсаар байх буруу хандлага тогтох аюултай. Тиймээс алуурчныг олох л хэрэгтэй.

 

-Ямар нэгэн сэжмээр холбогдсон муу мэдээллийг мэдсэн, ноцтой үйлдлийг харсан ч байж болох юм. Мэдээлэл ихтэй хүн ямар нэг юмны золиос болох талтай. Талийгаач танд ямар нэгэн ноцтой зүйлийн талаар ярьж байсан уу?

 

-Манай хүүхэд дарга, эрх мэдэлтэй хүн биш. Гэхдээ яагаад алуурчдын хараанд өртөж, хэд хэдэн удаагийн халдлагад өртөв гэдэг асуудал. Миний хүүд хувийн ямар нэгэн зүйл байхгүй. Байгаль дэлхий, ирвэсийн амьдрах орчинд аюул занал болж байгаа ашигт малтмалын лицензийг цуцлуулах тухай тэмцэж, өрөм тавиулахгүй гэж нутгийн иргэдтэй хамтарч түүний төлөө шударгаар тэмцэж байсныг мэднэ. Тэмцэж байсан баримтууд байдаг. Шударга байсны төлөө гурван удаагийн халдлагад өртсөн. Барьцаалж байсан хүмүүс хүртэл тэгж хэлж дарамталсан байдаг. Үүнээс л болж амь насаараа хохирлоо.

 

Түүнээс биш миний хүүхэд гэр бүл, өөрийн гэсэн гэр орон өмч хөрөнгө байхгүй. Амар тайван байгаль дэлхий, ан амьтан дунд хамгийн дуртай ажлаа баяр баясгалантай хийж явсан хүн. Үүнийг ганц би ч биш байгууллага хамт олон, найз нөхөд, олон улсын байгууллага нь бүгд хэлж баталж, магтаж байна. Бид хоёр хол байдаг хүүгээ өдөр бүр, үргэлж хараад юу болж байна гэх боломжгүй. Харин найз нөхөд хамт олон, эрдэмтэн судлаачид дүү нар нь биднээс илүү мэдэж тодорхойлж байна.

 

-Найз охин байсан уу?

 

-Байхгүй. Миний хүү гэр бүл ч зохиож амжаагүй. Архи дарс хэрэглэдэггүй. Баар цэнгээний газраар явдаггүй. Хэдэн янгир, ирвэс гээд уул хадаар л гүйж явсан. Дургүй хүнд байгаль хамгаалагчийн ажил хэцүү. Дуртай хүнд жинхэнэ амар амгалан, аз жаргал, баяр баясгалантай ажил. Миний хүү мэргэжилдээ дуртай, өөрөө баяр баясгалантай, ирээдүйдээ тэмүүлэлтэй, зорилготой ажиллаж байсан.

 

-Та бол насаараа байгаль хамгаалагч байж Хөвсгөлийг тэр чигт нь тусгай хамгаалалтад авахуулж чадсан хүн. Тэр утгаараа хүү тань таны мэргэжлийг өвлөж. “Сүмбээг сэтгэцийн өвчтэй, өөрийгөө хутгалсан” гэдэг мэдээлэл дуулахад хэцүү байв уу?

 

-Асуудлын гол энд л байна. Өөрийгөө хар зөндөө ууланд гурав хутгалчихаад ирнэ гэж хүний санаанд яаж орох юм. Тэгэхээр энэ хэргийг зориуд ийм байдалд оруулж, ийм байгаасай гэж хүсч зохион байгуулсан байцаагч, хүмүүс байна. Байсан болоод ийм зүйлийг зохиож гаргаж ирсэн. Тэгэхээр үүнийг зохион байгуулсан хүмүүсийг олох хэрэгтэй.

 

-Одоогоор цагдаагийнханд олсон мэдээлэл сэжүүр байна уу. Эсвэл өөрсдөө холбоотой гэж та үзэж байна уу?

 

-Олоогүй байгаа. Эхлээд сэтгэцийн өвчтэй хүн хайж байсан бол одоо авгай хүүхэн хайж эхэллээ.

 

-Яагаад авгай хүүхэн хайх болов?

 

-Гэр бүлгүй байсан болохоор өөр авгай хүүхэн байсан л байх ёстой гэж мөрдөж эхэлсэн юм байна. Өнөөдөр би цагдаагийнхантай муудалцаж байна. Та нар ёс суртахуунтай байгаарай. Ард нь амьд хүн үлддэг юм шүү. Чадаагүй хэргээ өөр маягаар зохиож явах чинь буруу шүү. Холбогдох газарт нь мэдэгдэнэ гэсэн.

 

Малчдаас тийм хүн хайсан гэсэн мэдээллийг би Өмнөговиос дуулсан. Тийм хүн олоод тэр хүний нөхөртэй янз бүр болоод тэгээд нөхөр нь хардаж хутгалсан гэдгээр гэр бүлийн асуудалтай болгож харагдуулах маягаар мөрдөж шалгаж байна гэсэн үг. Хэргийг буруу мөрдөөд өөр замаар яваад байгаа. Тэгэхээр үүнийг зогсоох хэрэгтэй. Байцаагчдын асууж байгаа байдал. Хүнтэй уулзаж буй хандлага. Асууж байгаа хүмүүсийн хэлж ярьж гомдолж байгааг харахад тийм л юм цухалзаад байна.

 

-Цагдааг илрүүлнэ гэдэгт та эргэлзээд байна аа даа?

 

-Эргэлзэж байна. 27-той хүнийг авгай аваагүй нь учиртай гээд. Гэтэл 20-той битгий хэл 40, 50 настай хүн ч авгайгүй явж байдаг л биз дээ. Сайдад нь би хэлсэн. Энэ арай л биш. Та нар болиорой гэж.

 

-Говийн малчин айлуудаар хайж байна гэсэн үг үү?

 

-Өмнө ч гэсэн манай хүүхдийг ийм байдлаар дарамталж, айлгаж, байцааж асууж байсан байдаг юм. Өөрт чинь эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж хэлж байсан.

 

-Урд нь ийм гомдол гарч байсан юм уу?

 

-Тэд өөрийгөө хутгалсан гэдгийг баталгаажуулахын тулд ямар нэгэн шалтаг шалтгаан олох шаардлагатай болоод солиорч байхгүй юу. Ингэхийн тулд ууланд хэсэж яваа хүүхдийг яаж хийгээд доромжлоод, гүтгээд ямар нэг юм гаргая гэж дөрөвдүгээр сараас хойш хайсан. Үнэхээр цэвэр, юу ч гарч ирээгүй.

 

-Тэгэхээр цагдаагийнхан мөрдөх үйл ажиллагааг буруу сэжүүрээр явуулаад байна гэж та хэлж байна уу?

 

-Тийм. Эхлээд тэд миний хүүг сэтгэцийн өвчтэй өөрөө амиа хорлосон гэдэг сэжүүрээр мөрдөөд мухардсан байдаг. Ямар ч үндэслэл байхгүйг миний хүүгийн хийж байсан ажил үйлсийг нь харуулсан нэвтрүүлэг, кино, олон улсын мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлт харууллаа. Өнөөдөр би цагдаагийнханд дахин хэллээ. Та нар мөрдлөгийн сэжүүрээ өөрчлөхгүй бол энэ хэрэг илрэхгүй. Алуурчин цаана чинь аз жаргалтай явсаар байна. Эсвэл та нарыг зориуд зохион байгуулж, цаг хугацаа хожих гэсэн санаа байна гэж хардахаас өөр зам алга гэсэн.

 

ЯМАР ЗАВЬ БАЙСАН БЭ ГЭЭД ХЭРГИЙГ ШАЛГАХ СЭЖҮҮР, БАРИМТ ХАНГАЛТТАЙ БАЙСАН

 

-Цагдаагийнхан таныг хэргийн илрүүлэлтэд хэрэг болох зүйлийг хэлэхээр та дуугүй бай. Та нараар ажлаа заалгахгүй гэсэн гэл үү?

 

-Тэгж л байсан.Тэгээд би энэ хэргийг энэ сэжүүрээр нь мөрдвөл үр дүнтэй гэж тодорхой санаануудыг хэллээ. Хууль хяналтын байгууллагынхны зарим нэгийг нь тусгаарлах, заримыг нь шалгах хэрэгтэй гэдгийг хэллээ. Мэргэжлийн байгууллага ингэж ажиллаж болохгүй.

 

-Хууль хяналтынхан өөрсдөө холбоотой гэсэн үг үү?

 

-Байцаагч нар нь буруу ажилласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хууль бусаар ашиглаж ард иргэдээ доромжилж дарамталсан байдлаар хүч түрсэн зүйл бий.

 

-Таныхаар сэжэгтэн байна уу?

 

-Хуулийнхан өөрсдөө мэдэж байгаа, хангалттай нотлох баримт, ул мөр байна шүү дээ. Би мөрдөн байцаагч биш. Гэхдээ байгаль хамгаалагч хүн гэдэг мөн л хэрэг зөрчил дээр ажилладаг. Минийхээр бол энэ хэрэгт нотлох баримт хангалттай байдаг. Гэтэл яагаад илрүүлэхгүй байгаад учир байгаа юм. Тиймээс энэ хэргийг мөрдөж байгаа Өмнөговь, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр илрэхгүй гэдгийг хэрэг болсон өдрөөс хойш авч буй бүх мэдээлэл, цагдаагийнхны мөрдөх үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэрээс харахад тодорхой байгаа юм.

 

Тэдний яриагаар бол мөрдөх үйл ажиллагааг нэгтгэж, шинээр мөрдөж эхлэх гэж байгаа тухай ярьж мэдээлж байна. Миний ойлгож байгаагаар Хөвсгөл дэх мөрдлөгийг зогсоож, хэргийн материалыг хот руу татаж нэгтгэсэн байна. Өмнө нь Өмнөговьд хутгалуулсан, дараа нь Хөвсгөлд хүн алаад ус уруу хаясан зэрэг хоёр хэрэг нь нэг нь говьд нөгөө нь хангайд болсон учраас нэгдэж өгөхгүй байсан байх. Гэхдээ энэ хэргийг нэгтгэлээ гээд арга барилаа өөрчлөхгүй бол илрэхгүй.

 

-Утсаа суудал доороо бичлэг хийхээр үлдээсэн байсан. Мөн завьтай хүмүүс ирж байна гэсэн бичлэг байдаг. Энэ хангалттай нотлох баримт болох уу?

 

-Суудал дороо байгаагүй. Утас нь байдаг газраа л байсан. Завь байсан. Хий юм харлаа гэж бодоход ядаж од тэнгэр, морь мал харж болно. Тэгэхээр алуурчид завьтай л байсан. Тэр завийг хаанаас авсан. Ямар завь байсан гээд хэргийг шалгах сэжүүр, нотлох баримт хангалттай байсан. Үүнээс эхлээд мөрдөж болно биз дээ. Тэнд жуулчны хэдэн бааз л завьтай. Гэхдээ шалгаж байгаа байлгүй. Тэр бүгдийг надад хэлэхгүй байгаа. Хэлэх ч ёсгүй байх. Завсраар нь хэргийг өөрчлөх, булзааруулах, муучлах гэсэн юм гаргаж ирээд байна. Хохирогчийг буруутгах гэсэн тал нь давамгайлж байна.

 

-Хясаан дээр байна гээд байсан. Тэгэхээр далайн урдуур Хатгал ороогүй явсан байх уу?

 

-Машинаар бол далайн урдуур зүүн эргээр явна. Гэхдээ Хясаа уруу очоогүй. Хайчийн ар гэдэг газарт очсон байдаг. Хатгал тосгон өнгөрөөд Алаг-Царын амнаас нааш Хайчийн ар гэдэг газар. Хүн бараг явдаггүй модон дундуур явж очдог газар.

 

-Машинаа өөрөө барьж очсон байх уу?

 

-Хараагүй болохоор мэдэхгүй. Тэнд бол өөр хүн авч очсон байх. Хүн амьтан бараг явдаггүй газар алах зорилгоор л явсан нь тодорхой.

 

-Хэрэв хэн нэгний дарамтад явсан гэж үзвэл авч явсан хүн нь тэр газрыг мэддэг байсан байх магадлалтай гэсэн үг үү?

 

-Угаасаа өөр зам, гарах гарцгүй газар, мэддэг, мэддэггүй ч хэн ч байсан ганц л замтай. Хоёр талаараа битүү модтой. Тэр замд орсон л бол тэрүүгээрээ л явна. Хэргийн мөрийг нь баллах гэсэн зорилготойгоор л авч явсан.

КЕМБРИДЖИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАХ УРИЛГА НЬ ИРСЭН

-Байгаль хамгаалал, ирвэс янгир гээд хийж байгаа ажил нь нэг зүйл рүү чиглэсэн хүү байжээ. Нэг юм уруу хэт тэмүүлэхээр бас их эрсдэл дагуулдаг гэдэг?

 

-Судалгаа хийж байна гээд ганц нэг тоо баримт бичээд явсангүй. Бүр сэтгэл зүрхээрээ л явсан. Зэрлэг амьтдын амьдрах орчинд ямар аюул занал байна. Түүнийг хэрхэн яаж багасгах, доройтолд оруулахгүй байх арга зам нь юу вэ гээд тэмцэж байсан нь баримтат нэвтрүүлгээс харагдаж байгаа юм.

 

Аз жаргал гэдэг хүний дур сонирхол. Ер нь байгаль хамгаалал гэдэг энэ ажилд “би хийхгүй бол надаас өөр хэн хийх юм” гэх юм уу, эсвэл хаяад явж чадахгүй, хаячих гэхээр харамсал бий болдог. Би эндээс явбал бүх юм сүйдэж, амьтад нь хүртэл алуулчих юм шиг хорогдох сэтгэл төрдөг. Тиймдээ ч гэр бүлээ хүртэл зохиож чадахгүй явсан байх. Сонинд өгсөн ярилцлагадаа “Найзууд хотод ир гэдэг. Би хот уруу явах дургүй” гэж хэлсэн байдаг.

 

-Янгирууд нь шүгэлдэхээр гарч ирж байгаа. Ирвэсийн зулзагатай авахуулсан зураг энэ тэрийг харахад бүр ижил дасал болчихсон байжээ?

 

-Зэрлэг амьтантай ойр ижил дасал болно гэдэг ховор зүйл. Энэ байдал байгаль хамгаалалд асар том сургамж, туршлага болно. Байгалиа, ан амьтдыг чин сэтгэлээсээ хайрлаж хамгаалж чадвал ямар ч уулын зэрлэг амьтан хүнтэй ийм ойр байж болдгийг харуулж чадсан маш гайхамшигтай үйл явдал. Би үүнийг хараад хүүгээрээ бахархах сэтгэл төрөөд зогсохгүй харамсаж, ганц удаа ч болсон тэр газар нь очиж байхгүй яав даа гэж хүртэл өөрийгөө зэмлэж сууна. Хүүг минь нэг л юм татаад байдаг байсан байх. Үнэхээр очихгүй байлаа гэхэд тэр хөөрхөн амьтад нь нүдэнд нь харагдаад л их л сэтгэл зовдог байсан байх даа гэж бодогдох юм.

 

-Та байгаль хамгаалагч хүн болохоор хүүгээ хэд хэдэн удаагийн халдлагад өртөж байхад түүнийг хорьж чадаагүй байх л даа?

 

-Хүний дуртай зүйлийг хорих шиг аюултай ял байхгүй.

 

-Гэхдээ эцэг хүний хувьд та мэдэрч зөвлөж байсан уу?

 

-Хоёр, гурван удаагийн халдлага болж байхад би мэдэрч байсан. Тэр үед за яахав гадагшаа сургуульд явчихвал хоёр гурван жил хөндийрч, мартагнах байх. Тэр болтол харзнаж байя гэдгийг хүүтэйгээ ярьж тохирсон байсан. Гадаадад сурахаар хэд хэдэн газарт материалаа явуулж эхнээсээ урилга нь ирсэн байсан. Тухайлбал, АНУ-ын Кембриджийн их сургуульд сурах урилга нь ирлээ.

 

Одоо бол бидэнд тийм аз аль алинд нь байсангүй. Ер нь гадагшаа сургая гэдэг оролдлого хийсэн байсан. Сая төслийнх нь гадаад захирал хэлэхдээ “Монголд төдийгүй дэлхийд гялалзсан од биологич” гэж хэлж байна. “Маш богино хугацаанд судалгааны ажилд гаршин дадлагажиж, сэтгэл зүрхээ зориулж явсан судлаач” гэсэн. 2008 оноос судалгааны ажлаа эхэлж 2010 оноос жинхэнэ мэргэшсэн.

 

-Говьд ажилласнаараа амиа алдах байсан юм бол Хөвсгөлдөө ажиллаж байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодогддог уу?

 

-Хөвсгөлдөө байсан бол ийм зүйл болохгүй байсан. Бидний хувь заяа алдаа юм байлгүй дээ. Гэхдээ биологич, байгаль хамгаалагч хүн эх орны хаана байгаль орчин ан амьтан, хүн ардын амьдрал сүйдэж байна тэнд л байх ёстой.

 

Ах нь үнэнийг олохын төлөө хаа хүртэл явах ёстой байна тэр хүртэл явна. Мэдээж төр энэ хэрэгт гар хумихаад суухгүй байх гэж бодож байна.

 

ШҮҮХ ЭМНЭЛЭГ ТЭР ДОР НЬ ГАРГААД ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ, ХОЁР САРЫН ДАРАА ХЭЛЖ БАЙГАА ДҮГНЭЛТЭД ИТГЭХЭД ХЭЦҮҮ

 

-Цагдаагийхан таныг дуудаж уулзахад энэ хэрэг илрэх юм байна гэсэн итгэл төрсөн үү?

 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зөв сэжүүрээр нь явсан бол хүний амь нас хэлтрэхээс өмнө зогсоож болох л байсан. Арга барил хандлага нь анхнаасаа буруу. Тиймээс энэ нөхдийг бүгдийг өөрчилж энэ хэргээс зайлуулах хэрэгтэй. Нэг хэвшмэл арга барилд орсон хүмүүс нөгөө л арга барил уруугаа буцаж зууралдаад хэргийн илрүүлтэд ахиц гарахгүй байна. Угаасаа мөрдөж байгаа энэ бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэй. Анхнаасаа хохирогчийг буруутгаж байсан мөрдөгчид одоо гэв гэнэт үнэн мөнөөр нь илрүүллээ гэхэд тэдний нэр хүндэд муугаар нөлөөлөх тул тэд олохыг хүсэхгүй. Магадгүй тэдэнд дарамт шахалт ирж байгааг үгүйсгэхгүй. Эвгүйдээ тулвал дахин хэн нэгэн хүний амь эрсдэж мэднэ.

 

-Яагаад?

 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш олоогүй будилсан хүмүүс гэнэт олохоор нэр хүндэд нь онцгүй биз дээ. Олон түмнээс нууж хааж байснаа дарга нараасаа айгаад гэнэт гаргаад ирсэн гэх үү. Тэгэхээр энэ баг мөрдөж байгаа цагт хэрэг илрэхгүй.

 

Өмнөговь аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч Түмэнбаяр гэгч, Гурвантэс сумын цагдаагийн тасгийн Төрбат нар ажлаа сайн хийсэн бол миний хүүг алуурчин алж чадахгүй байсан гэж бодогддог. Тэд хэргийн үнэн мөнийг тухайн үед нь олсон бол одоо Тостынхоо нуруунд ирвэсийн мөрөөр явж, янгиртайгаа ярилцан, хэдэн малчиддаа туслаад л инээж баясаад явж л байх байсан гэж бодохоор сэтгэл өмөрч, гомдол асгардаг юм. Үүнийг Монголын ард түмэн хүсч байсан, Монголын уул ус, онгод тэнгэр харж байгаа шүү дээ.

 

-Та шалгаж байгаа бүрэлдэхүүнийг өөрчлүүлэх хүсэлтээ гаргасан уу?

 

-Сайд дарга нар нь яагаад илрэхгүй,илрүүлж чадахгүй удаад байгааг өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Хувь хүн мөрдөн байцаагчид ч хамаатай. Ул мөр, нотлох баримт хангалттай байгаад байхад илрүүлж чадахгүй байна гэдэг ойлгомжтой. Хүсэхгүй байгаа болохоор тэр. Тэдний хандлага, сэтгэл, энэ хэргийг илрүүлэх гэсэн чин хүсэл үүнд хамаатай.Шалгалт нь амжилтгүй, удаан байна гэдэг ямар нэгэн нөлөөлөл байна. Энэ бүгдийг хараад Монголын хуулийн хэрэгжилтийг удирдаж байгаа дарга сайд нар гадарлаж байгаа байлгүй. Энгийн хүмүүс гадарлаад байхад.

 

-Өөрчиллөө гээд хэрэг илрүүлэлтэд нөлөөлөх үү?

 

-Сэтгэцийн өвчтэй байж байгаад ус уруу гүйгээд орчихсон. Ууланд гүйж яваад уурлаад, ядраад өөрийгөө хутгалжээ гэдэгт итгэж үнэмшиж байгаа хүмүүсийг өөрчлөх хэрэгтэй. Тэд хэзээ ч энэ дүгнэлтээсээ буцахгүй. Тэгэхээр эхлээд тэднийг өөрсдийг нь шалгаж гаргасан дээрх дүгнэлт алдаатай байсан гэдгийг нотлох зүйлийг олж ил болгох хэрэгтэй. Ямар алдаа гаргаж энэ хэргийг бүрхэгдүүлсэн гэдгийг тодруулах хэрэгтэй.

 

-Энэ хэрэг сонгууль дөхөж буйтай холбоотой юу. Нэлээд том хэргүүд ухагдаж эхэлсэн тухай цахим ертөнцөөр шуугиж эхэллээ. Тухайлбал, төмөр замтай холбоотой. Тэгэхээр эдгээр том хэргийг дарахын тулд нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь хандуулах зорилгоор ирвэс хамгаалагчийн хэргээр халхавч хийж хүчийг сааруулах гэж байна гэсэн сэтгэгдэл байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

 

-Хүн болгоны санаа оноо янз бүр. Мушгин гуйвуулах нэг хэсэг байхад нөгөө нэг хэсэг нь өрөвдсөн хайрласан, бахархсан сэтгэгдлүүд. Түүнээс биш газар нутаг ан амьтан ирвэс хамгаалахын төлөө явж амь насаа алдсан хэрэг, гадаад дотоодод холбоотой их хэмжээний мөнгөний хэрэгтэй тэнцүүлж нэг хэргээр нэгийг нь даруулж, нөгөөг нь тодруулдаг юм гэж байхгүй. Энэ бол хүмүүсийн хардсан муу санаа. Түүнээс төрд ийм зүйл байхгүй, байх ч боломжгүй.

 

-“Хэдэн тэрбум төгрөгтэй холбоотой хэргийн араас нэхэн сурвалжилдаггүй атлаа заавал ирвэс хамгаалагчийн араас тэгтлээ явдаг нь юуны учир вэ”. Гэтэл “Ирвэс эрхлүүлэхийн учир” нэвтрүүлэг байгаль хамгаалагч хүүг хэн байсныг олон нийтэд таниуллаа гэсэн сэтгэгдлүүд цахим ертөнцөд хөвөрч байна, та харсан байх?

 

-”Ирвэс хамгаалах сан” өөрсдийн явуулж буй үйл ажиллагаа, ууланд болж буй ажлын явц, тэнд байгаа дотоод зөрчил, уул уурхай, газар нутгийн хоорондын тэмцэл, зэрлэг амьтдын амьдрах орчны хумигдал, доройтол, малчдын амьдралд аюул заналхийж буй нь говьд тодорхой болсныг харуулсан. Энэхүү сэтгэл зовоосон үйл явдлыг баримтаар үлдээж архивлахын тулд “Ирвэс хамгаалах сан” байгаль хамгаалах сэтгэл зүрхтэй мэргэжлийн хүмүүс хамтарч энэ нэвтрүүлгийг урд өмнө хийсэн юм билээ. Нөгөө талаар “Цензургүй сурвалжлага” багийнхан газар дээр нь бодит байдал дээр яг юу болсныг ямар ч цензургүй гаргаж тавьсан.

 

Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гурвантэс сумын цагдаагийн хэсгээс ямар нэг мэдээлэл өгөхөөс илт татгалзсан гэдэг. Илт татгалзана гэдэг анх хутгалуулсан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хариу өгч чадахгүй байна гэдэг нь тэд энэ хэргийг илрүүлэх чадваргүй гэдгээ харуулсан.

 

-Тэгэхээр хэргийг илрүүлэхийн тулд эхлээд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын байцаагч нарыг шалгах хэрэгтэй гэсэн үг юм биш үү?

 

-Тийм тэнд л энэ хэргийн сэжүүр бий. Угаасаа миний хүүг тэнд ажиллаж байхад нь л ажиллуулахгүй гэж айлган сүрдүүлж дарамталж эхэлсэн. Энэ тухай дарга нарт нь хэлээд байгаа юм. Үнэхээр мэргэжлийн ур чадвар дутаад мөрдөж илрүүлж, чадахгүй байсан бол бид чадахгүй байна гэдгээ анхнаасаа хэлэх ёстой байсан. Гэтэл энэ тухай нэг ч үг дуугараагүй. Хэлэх үг тэдэнд байгаагүй байх. Энд л төрийн хүмүүс үгээ хэлэх хэрэгтэй.

 

-Цагдаа нар хэргийг мөрдөхийн тулд эхлээд уул уурхайн компанийг шалгаж, хэд нь өрөм тавьсан, ямар зөрчил гардаг тухай шалгасан байлгүй дээ?

 

-Тэр тухайгаа бидэнд хэлэхгүй. Шалгаж байна гэж хэлдэг үг чинь мэдэхгүй гэдэг мянган үгийн таглаа шүү дээ. Уг нь би тэгж л шалгаж эхлэх байх гэсэн шалгаагүй гэдэг нь мэдэгдэж байна.

 

-Сүүлийн зургаан сар Өмнөговьд очооогүй гэж байсан. Энэ үнэн юм уу?

 

-Хутгалуулж ирснийхээ дараа сар шахуу эмнэлгээр эмчлүүлж байгаад гэрээрээ зусаад ажилдаа орно гээд явсан.

 

-Өнгөрсөн долоо хоногт УМБГ-аас мэдээлэл хийлээ. Талийгаачийг бага зэргийн согтолттой, живэлтийн байдалтай нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ?

 

-УМБГ-аас намайг дуудаж уулзсаны маргааш ийм мэдээлэл хийх гэж байна гэдгээ хэлсэн. Миний хүүхэд архи дарс уудаг хүн биш. Архи уудаг байсан бол машин дотор нь бүтэн шилтэй архи үлдэх байсан уу. Тэгэхээр шүүх эмнэлэг үнэн хэлж байгаа бол алуурчид миний хүүд хүчээр архи уулгаж, дараа нь өөрийг нь далайд живүүлж хаясан гэдэг нь тодорхой. Эсвэл мансууруулах зүйл хэрэглэж ухаан санааг нь орон гаран болгож алсан. Гэхдээ судсанд нь тариагүй. Задлан шинжилгээгээр илрэх учраас. Тиймээс нүүр, аманд нь ямар нэгэн мансууруулах юм түрхсэн байх. Энэ бол эртнээс төлөвлөсөн хууль хяналтынхан өөрсдөө оролцсон хэрэг. Шүүх эмнэлэгт итгэхэд ч хэцүү. Тийм л байсан юм бол тэр дор нь гаргаад хэлэхгүй яасан юм.

 

Хоёр сарын дараа ийм дүгнэлт хэлж буйд итгэхэд бэрх. Энэ бол худлаа. Цагдаагийн Б.Баатархүү, Э.Идэрцог нар мэдээлэл хийхдээ. Бид Өмнөговь явсан тэнд уул уурхай ард иргэдийн хооронд тэмцэл болоогүй. Нинжа ч алга гэж хэлж байна. Уул уурхайн тэмцэл буу шийдэм барьж, буудаж зодолдож эхэлдэггүй юм. Өрөм тавихаас эхэлдэг гэдгийг тэд мэдэхүй байна. Миний хүү хэд хэдэн компани өрөм тавьсныг болиулж байсан баримт бичлэг надад бий. Ийм л хүмүүс хэргийг мөрдөж байна

 

ХЭРГИЙГ ШАЛГАЖ БУЙ ХҮМҮҮС ИРГЭДЭД ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 

-Та хүүхдээ удаа дараагийн халдлагад өртөж амь нас нь дээсэн дөрөөн дээр байх үед хүүдээ энэ дарамтаас гарах талаар ч юм уу, боль ч гэдэг юм уу хэлж байв уу?

 

-Залуу хүн гэнэдэж байна. Ууланд явж байхад элдэв төрлийн юм тааралдсан түүнд хандах хандлага зэрэг ярьж байсан зүйлийг нь эргэцүүлж бодоход гэнэн байж дээ миний хүү. Залуу хүн болохоор зоригтой айх айдасгүйгээс л гэнэдлээ. Миний залуу үеийн ажиллаж байсан нөхцөл байдал одоо үеийнхээс илүү хурц байна. Мөн Хөвсгөл, Өмнөговь хоёр аймгийн эрх ашиг тэс өөр. Өмнөговь аймаг газрын доорх байгалийн асар том баялагтай бол Хөвсгөл газрын дээрх байгалийн сайхнаараа ялгаатай.

 

Хөвсгөлчүүд их азтай улс, нийт газар нутгийнхаа 27 хувийг, аймгийн газар нутгийнхаа 57 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан нь гайхамшигтай. Би үүнд л хамгийн бардам байдаг. Гэтэл бусад газар тусгай хамгаалалтад авахуулах гэж байгаль хамгаалагч нар нь уйлж байна. Миний хүү тусгай хамгаалалтад авахуулахын төлөө зүтгэж яваад амиа алдлаа. Магадгүй миний хүү амьд мэнд ажлаа хийж, ирвэсээ эрхлүүлээд явж байсан бол хэдхэн жилийн дараа Тосон бумбыг тусгай хамгаалалтад авахуулчихсан, ирээдүйд над шиг ингээд яриад сууж л байх байсан. Миний бахарахдаг зүйл бол, миний нутагт хэн ч гишгэж чадахгүй.

 

Яагаад гэхээр улс нь, аймаг нь хамгаалдаг. Тусгай хамгаалалтад авч хууль бус ан зогссоноор сүүлийн 15 жилийн хугацаанд зэрлэг ан амьтад өссөн. Янгир ямаа 70-80-аад байсан бол одоо 400 гаруй, аргаль угалз 30 хүрэхгүй байсан бол 100 хол давсан халиу буга, хандгай нэлээдгүй өссөн. Өмнөговийнхон аль хэдийн тусгай хамгаалалтад авах л хэрэгтэй байсан. Ихэнх газар сэндийлэгдлээ, ухаж төнхлөө, хамаг баялгийг нь авлаа ард түмэн нь баяжвал баяжихаар боллоо.

 

Гэтэл бодит байдал ямар байна. Зарим газраа уул уурхайг хөгжүүлэх нь зөв. Гэхдээ хойч үедээ үлдээх юмаа үлдээх ёстой биз дээ. Бидний өвөг дээдэс үлдээгээд ирсэн. Үлдсэн тэр газар нь ан амьтан, мал, малчдадаа үр өгөөжөө өгч, өвлөгдөх тийм л зарчимтай. Монгол хүн махаа хавар иднэ гэж намар үүцэлдэг шиг газар нутгаа 100 жилээр нь өвлөж үлдээх үүрэгтэй ард түмэн.

 

Ихэнх газар нь хавтгайдаа лиценз болчихсон Өмнөговьчуудын өмнөөс харамсах багадна. Хятадууд эзэн суучихсан малчид, ард иргэд нь уйлж байдаг. Хүмүүсийн хүсэл тэмцлийг Монголын төр биелүүлэх хэрэгтэй. 600 мянган га газар нутагтай, хоёрхон уултай. Тэр ууланд нь дэлхийд байхгүй нэн ховор цоохор ирвэс байдаг. Дэлхийн 14 оронд ирвэс байдаг ч цоохор ирвэс нэн ховор. Цоохор ирвэс байгаа газар байгаль орчин хамгийн цэвэр байна гэсэн үг. 1500 гаруй янгир ямаа, зээр, говийн мал амьтныг ундаалсан жижигхэн булаг шанд, горхи энэ бүгд цогцолсон байдаг. Манай Хөвсгөлд булаг шанд жижигхэн хэдий ч говьдоо бол алт.

 

-Та тэнд очиж үзсэн үү?

 

-Би үзээгүй. Хүүгээ тэнд байхад нь очиж үзэхгүй яав даа гэж гэрийнхэнтэйгээ яриад харамсаж сууна. Нутгийн малчидтай нь уулзахгүй яав даа. Тэдэнтэй эрт танилцаж байхгүй яав гэж харамсаж уйлж сууна даа, ах нь. Ядаж газар нутгийнх нь баримжааг мэдсэн байсан бол хүүгийнхээ хутгалуулсан хэргийг би олох л байсан. Шууд алсаас хараад л эндээс орж болно, тийшээ гарна. Хэн байж болох уу, хаагуур очих, хаашаа зугатах зам харгуй нь хаанаасаа ордог гээд бүгд нүдэнд ил харагдах байсан.

 

-Өмнөговьд танд найз, танил бий юү?

 

-Хүмүүс бий. Гэхдээ тэд яг тэр хөдөө байдаггүй болохоор мэдэхгүй байгаа. Нутгийнхны яриа, хандлага гарч байгаа. Миний хүүг говийн малчид, нутаг уснынхан андахгүй. Ямар их хайртай ам сайтай байсан нь мэдрэгдсэн. Мөн хүүгийн минь сайхан сэтгэл, зан чанар зэргийг магтаж муу хэлэх үггүй, дандаа миний хүү гэж дууддаг тухай хамт ажилладаг хүмүүс нь бүгд ярьж байсан. Заримдаа манай хүүг та нар авчих уу гэж хүртэл ярьдаг байсан. Тэгэхээр миний хүүгийн энэ хэргийн захиалагч хэн байсныг говийхон бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь цаг нь болоогүй байна. Түүнээс биш толь шиг мэдэж байгаа.

 

-Цаг нь яагаад болоогүй гэж?

 

-Хэргийг шалгаж буй хүмүүс иргэдэд итгэл төрүүлж чадахгүй байна. Найдваргүй, анх хэлсэн ганц нэг сэжүүр зарлагдсан байгаа нь итгэл төрүүлэхгүй. Хэргийн талаар хэлэх үү, үгүй юу гэдэг хэн байцааж байна тэр хүн итгэл үнэмшил төрүүлж чадахүй байгаатай холбоотой.

 

100 байцаагч шалгахад ганцханд л хэлнэ, 99-д нь хэлэхгүй. Яагаад гэвэл итгэхгүй. Хэргийн гэрч мэдүүлэг өгнө гэдэг байцаагчид итгэсэн үед л өгнө. Ер нь тэгээд манай хүү нас барсан хэргийг шалгаж байгаа нь “ажиллагаа хөдлөхийн хазгай” гэгч болж байгаа. Зөв замд оруулах талаар ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Ийм төрлийн хэрэг түвэгтэй байх, усанд үхсэн, модноос байшингаас дүүжлэгдсэн хэрэгтэй адил гэж үзээд амиа хорлосон гээд хаадаг гэсэн.

 

Тэр хэргүүд ахуй амьдрал, хэрүүл, хайр сэтгэл хөрөнгө мөнгөний маргаанаас болдог гэдэг. Манай хүүд огт тийм зүйл байгаагүй. Амьдрал өөд тэмүүлж л явсан хүүхэд. Бидэнд хангалттай мэдээлэл байгаа. Цагдаагийн ажиллагааг хүндэтгэн ажиглаж байна. Бидний олж өгсөн материал дээр ажиллаж байгаа байх. Үүнд хөнгөн дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Алуурчидтай явж байхдаа машинаа барьж тайван яваа нь өөрөө амиа хорлох үндэслэл болохгүй шүү дээ.

 

-Хатгалынхан танд юм хэлэхгүй байна уу?

 

-Маш нууц байх шиг байна. Гудамжны хүнээс миний хүүг унаж татдаг уу, аав нь гэж ямар нөхөр байна гэж асуусан гэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Хүний эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас асуудаг биз дээ. Миний хүү нэг ч удаа ханиад хүрч байгаагүй. Нэг ч удаа өвдөж эмнэлэгт очиж байгаагүй. Энэ бол доромжлол. Хатгалын төвөөр ороогүй. Шууд далайн урдуур гүүрээр гараад явсан. Тэрүүгээр энэ жил айл өвөлжөөгүй. Хатгалын төвөөр орсон бол мэдэгдэх л байсан.

 

-Одоо энэ хэрэг өндөр авлаа. Хэргийн илрүүлэлтэд хэрхэн нөлөөлөх бол?

 

-Хүмүүс та энэ хэргийг их өндөр авахууллаа. Одоо та зогсоо гэх юм. Би эхлүүлнэ, би зогсооно гэж юу байхав дээ. Хэргийг илрүүлэхэд нөлөөлөх л байх гэж бодох юм. Гудамжинд танихгүй хүнгүй болсон байна. Бүгд л таниад гашуудаад л харамсаж байгаагаа илэрхийлж байна. Санаатай биш ч гэсэн санамсаргүй байдлаар хэргийг буруу тийш болгочих вий гэсэн ойр дотны хүмүүсийн анхааруулга, сануулга байна.

 

Би цахим ертөнцөөр, хэвлэл мэдээллээр өндөр авахуулсан хэрэг илэрдэг, илрэхгүй гэдгийг мэдэхгүй. Гадаад дотоодоос олон хүн миний үтсыг хаанаас олж авдаг юм бүү мэд ярьж байна. Японоос нэг хүн хөндлөнгийн хувийн мөрдөгч олох гээд мөнгө цуглуулж эхэлсэн гэж хүртэл ярьсан. Миний хувьд н юм үнэнээрээ илрээсэй л гэж хүсч байна. Монголынхоо хууль хяналтын байгууллагад найдаж хүлээж, харж байя.

 

 

Ц.Мягмарбаяр