УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албаны төлөөллүүд энэ сарын 16-нд “Хөгжлийн банк”-ны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. Бондын хөрөнгөөс Дархан-Уул аймагт 70 гаруй тэрбум санхүүжилт хийгджээ. Тухайлбал, Дархан- Улаанбаатарыг холбосон авто замын шинэчлэл, ТОСК-ийн 1000 айлын орон сууц барих төсөл, шинээр барьж, байгуулах орон сууцны цахилгааны шугамыг барих зэрэг ажлуудыг санхүүжүүлэхээс гадна ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 80 гаруй үйлдвэрт дэмжлэг үзүүлжээ. Энэ удаад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид “Хөгжлийн банк”-аас тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан есөн үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцав.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс Дархан-Уул аймагт шинээр нээгдсэн “Монгол лааз үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дотоодын үйлдвэрлэгчид жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэвч лаазыг нь гадаадаас импортоор авдаг. Харин удахгүй дотоодоосоо хангах боломжтой болжээ. “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэд 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.

Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж, жилдээ 6 сая ам.долларыг гадагшаа урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын урсгал зогсох боломжтой болох нь. Үйлдвэрүүд хоорондоо сүлжээ үүсгэж, шаардлагатай материал, бүтээгдэхүүнийг заавал гадаадаас авалгүй дотоодоосоо худалдан авалт хийвэл борлуулалт эрс нэмэгдэх бололцоотой аж. Аль болох импортыг багасгаж, өөрсдөө үйлдвэрлэж байж бид бүтээгч, үйлдвэрлэгч орон болно. Барилгын компаниуд барилга барихдаа “Хаан ноос”-оор дулаалга хийж, хүнсний үйлдвэрүүд “Монгол лааз”-аа сонгож, элэгний нухаш, жигнэсэн махаа савлаж зарахад л олон Монгол хүний дуслуулсан хөлс бүхэн түүнд шингэж, нэмүү өртөг бий болсоор байна.