Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах зүй ёсны шаардлага бий ч иргэд хохирох ёсгүй. Тэр тусмаа иргэдийн өмч болсон газрыг иргэдтэй харилцан тохиролцож тодорхой шийдэлд хүрсний үндсэн дээр барилгажуулах ажлыг хийх ёстой. Гэтэл дахин төлөвлөлтөд газраа өгөхгүй гэснийх нь төлөө иргэдийг дарамталж, айлган сүрдүүлсэн асуудлууд гарсаар байна.


Бүр сүүлдээ, гэр орон, бие махьбоди руу нь хүч хэрэглэн халдсан хэргүүд ч гарч эхэлжээ. Хотынхоо хөгжил дэвшлийн төлөө гэж хүнээ золиослох шаардлага байгаа юу. Хүнээ дээдэлж байж улс хөгжих бус уу.

 

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хувьд дахин төлөвлөлтийн асуудлаар 2012 оны сонгуулиар гэр хорооллынхныг "атгасан" гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сайхан амлалтуудыг хэлж, маш боломжийн саналтайгаар шинэ орон сууцтай болох саналыг тавьсан. Гэтэл өнөөдөр дахин төлөвлөлтөнд сонгогдсон компаниуд нь хөрөнгийн чадавхигүй хийгээд иргэдийг эдийн засаг, эд эрхтэн, эрүүл мэндээр нь хохироож байна. Үүний "үр шим"-ээр зарим иргэд гудамжинд, харин үлдсэн нь түрээсийн байранд хоног төөрүүлж явна. Иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг байдлыг нь овжноор ашиглаж газрыг нь булааж буй энэхүү үйлдэлд төр засгаас анхаарал хандуулах хэрэгтэй байна.

 

Бид энэ удаагийн ярилцлагын буландаа дахин төлөвлөлтийн маргааны асуудлаас болж хохирсон иргэн Ж.Туулыг оролцуулж, бодит байдлыг тодрууллаа.

-Таныг дахин төлөвлөлтийн асуудлаас болж гэр орон, бие махбодиороо хохирсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-2014 оны аравдугаар сарын 7-ний өдөр “Бэрэн” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Сүх-Очир гэдэг хүнээр удирдуулсан 5-6 хүн манайд ирсэн. Бидний зүгээс халдлагад өртөнө гэж санаа зовсон учир хаалга үүдээ түгжээд оруулаагүй. Гэтэл тэд трактортой ирж хашаа эвдсэн. Улмаар манай хүүхдийн хоолойг боож ухаан алдуулж унагасан. Тухайн үед бид айж, сандарч цагдаагийн алба хаагчдад дуудлага мэдээлэл өгсөн. Гэтэл тэд цагдаа дуудах сургаар зугтсан.


Тухайн өдрийн маргааш нь буюу аравдугаар сарын 8-ний өглөө "Бэрэн" компанийн төслийн удирдагч н.Эрдэмсайхан , хуулийн зөвлөх н.Сүх-Очир нар дүрэмт хувцастай 30 гаруй залуусыг дагуулж ирээд хашаа байшин эвдүүлсэн. Үүнээс хойш манайхруу удаа дараа халдах гэж оролдсон.


-Тухайн компанийн зүгээс таньд яг ямар шаардлага тавьсан бэ?
-Удаа дараа нүүхийг шаардсан. Манайх Сүхбаатар дүүрэг, 100 айлын “А” зэрэглэлийн байрлалд байдаг. Тиймээс бид өөрсдийн санал бодлоо тавьсан. Гэтэл тэд “Танайд ийм боломж олдож байгаа нь их юм. Иргэдийг битгий турхир. Ийм байдлаар байвал газрын хөрснөөс арчина” гэж сүрдүүлж, халдсан. Сүрдүүлээд зогсохгүй гал голомтоор минь оролдож, бурхан тахилыг маань ч сүйтгэсэн. Монгол хүн ийм зүйлд эмзэглэхгүй байхын аргагүй биз дээ. Үр хүүхэд, орон гэрээ сүйтгэхийг харах маш хэцүү юм билээ.


70 жил болсон өвөг дээдсийн гал голомтоо зүгээр өгчихмөөргүй байна. Гэхдээ би дааж давшгүй шаардлага тавиагүй. Мөн хүний эд хөрөнгөнд шунаагүй. Зөвхөн өөрийн байгаа эд хөрөнгөө л хамгаалахыг хичээсэн.

-Тань руу халдсан асуудлаар та хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч, шүүх эмнэлгийн дүгнэлт хүртэл гаргуулсан. Тухайн үед хохирогчоор тогтоогдсон байсан. Гэвч биеийн байдлаас шалтгаалаад эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд бид шүүх хурлын өмнө сэжигтэн бас яллагдагч болчихсон байсан.


-Хохирогчоос ялтан болсон гэдэг чин юу гэсэн үг вэ?
-Хохирогчоос сэжигтэн. Сэжигтнээс ялтан болчихоод байна. Биднийг нотлох баримтгүй болгосон. Манай хүүхэд хоёр гар утсаар бичлэг хийсэн. Гэтэл “Бэрэн” компанийн хамгаалалтын албаны залуус утсыг нь булааж авч эвдээд мемори, сим карт бүгдийг нь аваад алга болгосон. Тухайн утасны бичлэгт манай гэр рүү дайрч орж ирж байгаа, гар бариад цохиж, өшиглөж байгаа гээд тэдний хийсэн маш муухай үйлдлүүд бичигдсэн


Гэвч энэ бүгдийг тэд өөрсдийн гараар усгасан. Тэгсэн хэрнээ эл компанийн зүгээс өөрсдийнхөө эвлүүлж, монтажилсан бичлэгээ цагдаагийн байгууллагад баримт болгож өгсөн байна лээ. Тухайн бичлэгийн цаг, үйл явдал бүгд зөрж байгаа.

 

Улмаар намайг эмнэлгээс гараад ирэхэд нөхөр, хүүхэдтэйгээ нийлж залуус руу хүч хэрэглэсэн гэж мэдүүлсэн байсан. Ингээд биднийг нотлох баримтгүй гэх шалтгаанаар эрүүгийн хуулийн 99.2 буюу хүч хэрэглэсэн, бүлэг хэргээр ял оноосон. Гуравхан хүн 30 гаруй залуусын өөдөөс яаж хүч хэрэглэх юм бэ. Хүний санаанд багтамгүй зүйл ярьж, ял тулгасан.


Бидэнрүү дайрч, хүч хэрэглэснийг гэрчлэх маш олон гэрч байгаа. Айл хөршөөс эхлээд гудамжны бүх хүн тэдний үйлдлийг харж байсан ч тэднээс мэдүүлэг, тайлбар аваагүй. Гэтэл зөвхөн “Бэрэн” гэх компанийн ажилчдаас гэрчийн мэдүүлэг тайлбар аваад өнгөрсөн байна лээ. Тэд бүгд нэг төрлийн мэдүүлэг өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрчүүд бүгд зодоон болсоныг үгүйсгэсэн. Тэр олон хүн нэг мэдүүлэг өгнө гэдэг байж боломжгүй зүйл шүү дээ. Энд нэмж хэлэхэд, манай гэр бүлийн зүгээс нэг ч хүн рүү дайрч халдаагүй.

-Таны зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтээс эхлээд нотлох баримтуудаасаа нэгийг ч цагдаагийн байгууллагад өгч чадаагүй юм уу?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт, эмчилгээний төлбөрийн баримт зэргийг өгч, хавтаст хэрэгт тусгуулсан. Гэвч энэ бүхнийг харгалзаж үзээгүй. Мөн биднийг буруутай гэж нотлох юу ч байгаагүй. Гэвч Бэрэн компанийн талд шийдвэр гарсан. Сүүлд нь хавтаст хэрэгт тусгасан тухайн баримтууд ч алга болсоныг мэдсэн.


-Танай дүүрэг хороонд дахин төлөвлөлтөд хамрагдаагүйгээсээ болоод хохирч буй айлууд хэр байна вэ ?
-Маш олон байгаа. Улаанбаатар хотын 9 дүүргийн гэр хороололд энэ бүх асуудал байгаа гэж бодож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шүүмжилж, учир дутагдалтай байгааг нь хэлдэг мянга, мянган иргэн байна. Бид нийлж нэгдэж гомдол саналаа гаргаж хүртэл явж байгаа.

Над шиг хохирсон нэг айлын жишээг дурдахад л, нэг өдрийн дотор нүү гэсэн байгаа юм. Ингээд тэр айл, айлын хоосон буурин дээр монгол гэрээ бариад эргээд хашаандаа очтол ганцхан шөнийн дотор хашаа, байшинг нь нураачихаж. Ингээд энэ айл ганцхан шөнийн дотор байшин ч үгүй, хашаа ч үгүй болсон. Хашааныхаа тал банзыг л авч чадсан байна лээ. Ийм байдалтай болсон айл яах юм бэ. Өнөөх гэрээ хэлцэлийг нь албан шахалтаар зөвшөөрч л таарна шүү дээ.


Өөрөөр хэлбэл, тэр айл айсандаа л гэрээ хийсэн гэсэн үг. Тэднийг “Улсын хөгжилд саад хийж байгаад та нар байр ч үгүй, байшин ч үгүй болно шүү” хэмээн заналхийлсэн гэсэн.


-“Бэрэн” компанийн дахин төлөвлөлтөөр барьсан байр ашиглалтанд орчихсон уу?
-Энэ компани айлуудтай жилийн гэрээ хийгээд хүчингүй болоод байсан. Улмаар гурван жилийн дараа гэрээгээ шинэчилсэн болоод 2014 оны арванхоёр сард айлуудаа байранд нь оруулсан байгаа. Бид удаа дараа шаардах хуудас өгч асуудал болсоны эцэст ийн байранд нь оруулсан гэж хэлж болно. Гэрээнүүдийг иргэн хооронд хийснээс биш албан ёсны гурвалсан гэрээ хийгээгүй. Ямар нэг шаардлага тавьсан иргэдийг айлгаж, сүрдүүлдэг. Энэ байдлаас болж иргэд өөрийн амьдрах орон сууцаа хэзээ ашиглалтанд орохыг ч асууж чадахгүй явсан үе бий.


-Дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагууд руу хандсан уу?
-Маш хэцүү юм билээ. Иргэдийг хүлээн авах төв гээч зүйлрүү олон удаа очсон. Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзах гэж хүсэлт гаргасан. Хүсэлтүүдийг маань ч хүлээж аваагүй. Хүсэлт хүлээж аваагүй хүмүүс уулзалт хийхгүй нь ойлгомжтой.


Хохирсон иргэдийн зүгээс дахин төлөвлөлт явуулсан бүх албан тушаалтнуудыг шүүхэд өгнө гэж байгаа. Дахин төлөвлөлтийг буруу явуулсан. Дахин төлөвлөлтийн компаниуд учир дутагдалтай байгаа.

 

Адаглаад, иргэдийн газрыг аваад өгсөн байр нь алга дарам жижиг. 19-41 мкв орон сууц л өгч байх жишээтэй. Гал тогоо, тагт, аваарын шат, угаалтуур ч байхгүй. Баян айлын томхон хөрөгч шиг л галын өрөөтэй. Ариун цэврийн өрөөний хэмжээг хүртэл та бүхэн хараарай. Томхон биетэй хүн ч багтахааргүй жижиг.

 

Одоо бүр, дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцыг “Амьдралын төвшингөөс дунд болон доогуур иргэдэд зориулсан орон сууц” гэж нэрлээд байна шүү дээ.


-Дахин төлөвлөлтөд хохирсон иргэд эрх ашгаа хамгаалуулахаар албан байгууллагуудад хандсан уу?
-Олон газар хандсан. Хүний эрхийн хороонд ч хандсан. Аль аль нь дорвитой шийдэлд хүрсэн, хохирогч болсон иргэд рүү хандсан зүйл хийхгүй байна. Харин "Нийтийн эрхийг хамгаалах холбоо" гэж байдаг юм билээ. Тэр холбоонд учир байдлаа хэлж, хууль эрхзүйн зөвлөгөө аваад, эрх ашгаа хамгаалуулахын төлөө нэгдэн ажиллаж байгаа.

Энэ хүн бол Гэр хороолол дахин төлөвлөлтийн "үр ашиг"-аар хохирсон олон мянган хүний төлөөлөл. Энэ хүний цаана 5-6 мянган хүн дахин төлөвлөлтийн уршгаар орох оронч үгүй сууж байна.

 

Удахгүй монгол түмний уламжлал сар шинийн баяр болох гэж байна. Гэтэл орох оронгүй, очих газаргүй хохирсон иргэд хаа сайгүй байгааг дахин онцлох нь зүйтэй биз. Төр засаг гаргасан шийдвэрээ эргэн "тольдож", гашуун үнэнээс жишээ авч, үр дагаварыг ажиглаж, олон түмэнтэйгээ уялдаа холбоотой байвал ард иргэдийн эрх ашиг ингэж хөндөгдөхгүй л байх. Батлаад, журамлаад, хуульчлаад орхичихдог асуудал чинь эргээд олон түмнийг хөлдөө чирээд байна шүү дээ.

 

Дахин төлөвлөлтийн асуудлыг зүгээр нэг сонгуулын шоу бас амлалт болгож орхиж болохгүй Э.Бат-Үүл дарга аа.

 

Үргэлжлэл бий.

Д.Ундрах /24tsag.mn/