Цөцгийтэй зайрмаг, шоколадтай зайрмаг... Би ч дуртай, чи ч дуртай, бүгдээрээ дуртай... гэдэг дууг хүн бүхэн мэднэ. 

Харин энэ үгэн дээр эрвээхэйтэй талх, тамхитай жигнэмэг, нохойн соёотой хиам гээд нэмчихэд нэг их буруудахгүй болчихоод байна. Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн хэд, хэдэн сэдвийн нэг нь яах аргагүй хүнсний аюулгүй байдал байлаа.

Хүнсний аюулгүй байдал гэхээр арай томдоод байгаа юм. Учир нь цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд өгдөг, багачуудын амтархан иддэг жигнэмэгээс тамхи гарсан явдал цахим ертөнцийнхнийг хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн юм. Үүний дараахан бас нэгэн үндэсний үйлдвэрлэгчийн талхнаас эрвээхий илрэв. Харин энэ бүхний өмнө дахиад л нэг томоохон компанийн үйлдвэрлэдэг хиамнаас нохойн соёо илэрч шуугиан тарьсан. Кимчинээс ч өт гарахад нэг их цочирдохоо больчихож.

Угаасаа хиамны үйлдвэрт ажиллаж байгаа иргэд өөрсдөө бүтээгдэхүүнээ хэрэглэдэггүй юм билээ. Кимчи ч ялгаагүй. Маш бохир орчинд үйлдвэрлэл явагддаг тухай нэгэн танил маань хуучилсан.  За тэгээд та бидний, үр хүүхдүүдийн маань, нийт монголчуудын амтархан иддэг хүнснээс юу, юу ч илрэв  дээ.

Энэ бүхнийг бүгдийг жагсаавал цаг, цаас хоёр дэндүү их шаардах тул ингээд орхие. Чипс, зайрмагнаас янз бүрийн зүйл илрэх нь энүүхэнд. Бэлэн бууз, баншнаас ч цаас гарч байсан тохиолдол ч бий. Бууз, банш үйлдвэрлэгчид махаа арвижуулахын тулд цаастай хамт машинддаг гэх яриа ч бий. Махны үнэ тэнгэрт хадчихаад байгаа энэ цагт үйлдвэрлэгчид янз бүрийн арга сэдэж байгаа биз. Гэхдээ үнэ нэмэгдлээ гээд хүний эрүүл мэнд, амь насанд дайсагнаж болохгүй.

Ер нь хүнс үйлдвэрлэгчид бол эмч нараас дутуугүй хариуцлагатай ажиллах ёстой. Тэдний хэн хэнийх нь хүний амь нас байдаг болохоор тэр. Үйлдвэрлэгчдийн гаргасан алдаанаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол цөөнгүй. Харин эмч нарын хариуцлагагүй байдлаас болж өвчтөн үхсэн тохиолдол түүнээс ч олон. Уг нь хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгж компаниуд хамгийн хариуцлагатай байх ёстой. Дарга нарт зориулж биш иргэдийн эрх ашгийн үүднээс ариун цэврийн маш хатуу журмыг мөрдөж, ажилчиддаа хатуу шаардлага тавих ёстой.

Үйлдвэрлэлийн орчин ариун цэврийн шаардлагыг дээд зэргээр хангасан байх учиртай. Гэтэл үйлдвэрийн ажилчид ажлын байран дээрээ тамхи татах бол энүүхэнд. Үсээр жан, хуванцараар хоол хийгээд байгаа юм чинь гэж Хятадуудтай барьцах хэрэггүй. Монгол ямар хоёр тэрбум хүнээ тэжээх гэж ядаж байгаа биш. Хоёрхон сая хүнээ чанартай хоол, хүнсээр хангачихаж дөнгөмөөр.

Эрх биш малын махнаас янз бүрийн зүйл илрэхгүй юм даа. Гэхдээ ченжүүд махныхаа өнгийг алдагдуулахгүйн тулд янз бүрийн тариа тарьдаг гэх яриа бий. Импортын бүтээгдэхүүнээс л хордоод байгаа мэтээр ярьдаг. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ ч гэсэн хордож байна.

Өнгөрсөн  онд МХЕГ-аас хийсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын дүнгээр сүүний 60 үйлдвэрээс 42 нь эрсдэлтэй, мах махан бүтээгдэхүүний 139 аж ахуй нэгжээс 79 үйлдвэр өндөр эрсдэлтэй, гурилын 32 үйлдвэрийн 47 хувь нь эрсдэлтэй гэж гарсан байна. Бидний идэж буй хоол хүнс ийм л эрсдэлтэй байна гэсэн үг. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хүнсний холбогдолтой ямар нэгэн халдвар гарч, хэн нэгэн амь үрэгдсэний дараа л гэнэт арга хэмжээ авч эхэлдэг.

Уг нь урьдчилан сэргийлэх гэж нэг хэллэг бий. Үйлдвэрлэл эрхлэгчид ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандах учиртай. Бүтээгдэхүүнээ худалдаанд нийлүүлэхээс өмнө шалгадаг байх ёстой. Тэгэхгүй бол өттэй кимчи, соёотой хиам зооглосоор байх нь байна шүү. Эсвэл гол нь иргэд бүтээгдэхүүнд нь хордож, амь насаараа хохирсон хойно нь хашрах гээд байгаа юм уу. Монгол хүний уужуу ухаан, тайван зан сайхан гэлцдэг ч иймэрхүү зүйл дээр бол тохирохгүй хэллэг болчихоод байна.

Х.Жаргал