Улсын Их Хурлын Даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөлгөөнийг энэ сарын 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөлгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм. Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, түүн дотроо ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэж байна.

Энэхүү олон улсын зөвлөлгөөний хамгийн гол үр дүн бол нотолгооноос үйл ажиллагаа руу шилжих буюу судалгааны үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг олон нийт ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар арагаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байна. Жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байгаа гэв.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8%, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1%-иар тус тус нэмэгджээ. Монгол улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн хоёр жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан нь ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлттэй гардаг ажээ. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь буурсан ч хор ихтэй байгаа гэсэн үг.

Энэ үеэр "Хүний амьдралын турш /ураг, хүүхэд, насанд хүрэгчдэд/ дахь агаарын бохирдлын өртөлт түүний нөлөөлөл" сэдвээр Лос Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн доктор, профессор Дэвид Варбуртон илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан зургийг үзүүлэн дэлхийн агаарын бохирдолтой улсуудаас давсан бохирдсон агаартай улсын тоонд Монгол Улс орж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүд дунд уушгины үйл ажиллагаа хэвийн нэг ч хүүхэд байхгүй. Агаарын бохирдол хоол боловсруулах эрхтний хавдар, дотоод эрхтний хавдар үүсдэг. РМ2.5 тоосонцорт агуулагдаж байгаа хортой бодис үүнд нөлөөлдөг. Мөн үрэвсэлт өвчин үүсгэж байна" гэлээ.

Мөн тэрбээр агаарын бохирдлоос үүдэн эхэсийг хаадаг учраас амьгүй төрөлт бий болдог. Дулааны эрчим хүчийг нүүрснээсбус нарны эрчим хүчээр солих зардалыг танилцуулж байна. 600,000 тонн нүүрс шатаахад 3x109 кВт.ц эрчим хүч үүснэ. Харин 6,400 акр нарны зай хураагуур ийм хэмжээний эрчим хүч үүсгэнэ. Нарны эрчим хүчний аж ахуй АНУ-д 1 акр нь 500,000 ам.долларын үнэтэй. Энэ нь өргөн уудам нутаг дэвсгэртэй танай улсад арай хямд тусна.

Хүмүүсээс та үхэхгүйн тулд хэдийг төлөх вэ гэсэн асуултад АНУ-д сая саяар нь төлнө гэсэн. Харин Монголд амьдрах хугацаагаа 50 хувиар өсгөхийн тулд 200 мянга орчим доллар төлнө гэсэн. Монгол гэсэн хөх тэмдэгийг хадгалж, хүүхдүүдийг энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бид зайлшгүй яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй байна. Хүүхдийн эмч хүүхдийг аварч байгаа нь ирээдүйн татвар төлөгчийг бий болгож байна гэдэг. Хөх тэнгэрийн Монголыг энэ чигээр нь хадгалацгаая гэж уриалж илтгэлээ өнөдөрлөсөн юм.

 

Түүнчлэн "Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, бууруулах боломж" сэдвээр Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын их сургуулийн доктор, профессор Ким Мулхоллан илтгэлдээ "Монгол хүүхдийн нэг хүртэлх насандаа эмнэлэгт хэвтсэн шалтгааны нэгдүгээрт уушгины хатгалгаа өвчин ордог. Уушгины хатгалгаанд хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд ихэвчлэн өртөж байна. Монгол улсад хоол тэжээлийн дутагдал түгээмэл биш ч уушгины хатгалгаа их байгааг анхаарч энэ талаар судалсан. Үр дүнд нь орон зайн дутагдал байсан. Унтахдаа нэг өрөөнд олуулаа амьдарч, унтаж байгаа нь нөлөөлж байна. Жишээлбэл, нэг гэрт зургаан хүн амьдарч, түүний гурав нь тамхи татаж байгаа нь хүүхдийн амьсгалах агаар хэрхэн хордож байгааг илэрхийлж байна.

Амьсгалын замын аливаа халдвар авсан хүүхэд гадаа гарч даарах юм бол хүндэрч уушгины хатгалгаа болох магадлал өндөр байна. Эрүүл мэндийн байгууллага энэ тал дээр анхаарч, зөвлөхгүй байх шиг байна. Агаар бохирдуулагч тоосонцор жижиг байх тусам уушгины гүнд ордог. Тамхины утаа маш хортой учраас энэ чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй.

Мөн утаанаас болоод хүүхдийн жин бага төрөх магадлалтай. Утаанд өртсөнөөр биед эмгэг төрөгч нян бий болдог. Хүүхэд утаанд өртөж гүн амьсгал авах бүрт нян орж байдаг гэсэн үг юм. Түүнчлэн утаанд байснаар хүүхдийн дархлаа сулардаг талаар судалгаа нотолж байна.

19-20-р зууны үед Европт уушгины хатгалгаагаар өвдөх хүүхдийн тоо мөн насанд хүрэгчдийн тоо дээд түвшиндээ хүрсэн байдаг. Хүүхдийн эндэгдлийн асуудал энэ үед тулгамдсан бөгөөд хүнс тэжээлийн дутагдал өндөр байсан. Эхчүүд хүүхдээ хөхөөр хооллохгүй байсан нь ч үүнд чухал нөлөө үзүүлж байсан. Түүхий нүүрс, газрын тос ашигласнаас үүдэн агаарын бохирдол ихсэж байсан нь ч үүнд нөлөө үзүүлж байсан гэдэг. Тэгэхээр өнөөгийн Монгол улстай ойролцоо байсан гэж болно.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээ, хоол тэжээлийн дутагдал бусад улс оронтой харьцуулахад тийм ч муу биш. Тэгэхээр уушгины хатгалгаа өвчний шалтгаан нь агаарын бохирдол гэж болохоор байна. Уушгины хатгалгааны үед дархлаажуулалт чухал. Монгол Улсын хувьд вакцинжуулалт тийм сайн биш байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн жил гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээс харагдаж байна.

Бага насандаа хоёроос дээш удаа уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхэд бронхит өвчнөөр өвчлөх магадлал ихтэй. Мөн агаарын бохирдол ч үүнд нөлөөлдөг. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүд 10-15 жилийн дараа гэхэд энэ өвчнөөр өвчлөх магадлал тун өндөр байна. Өнөөдөр нас биед хүрсэн хүүхдүүд багадаа харьцангуй цэвэр агаарт өссөн. Харин өнөөдрийн ийм нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг ирээдүйд юу хүлээж байгааг би хэлж мэдэхгүй байна.

Уушгины архаг өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна. Агаарын бохирдлыг эрс шийдэмгийгээр яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг онцлов.

Цаашид Улаанбаатарын утаатай хэрхэн тэмцэх агаарын бохирдлоос сэргийлэх бодит зөвлөмжийг хүргэх болно.