МАН-ын генсек Ж.Мөнхбатын франц Улсад хийсэн айлчлал амжилттай боллоо
2016/02/01
Францын эрх баригч Социалист намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Парис хотод ажлын айлчлал хийлээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нам болох Социалист намын дарга Жан-Кристопе Камбаделис болон тус намын гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүстэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уулзаж хоёр намын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тохирсон байна. Хоёр нам ойрын хугацаанд хамтын ажиллагаа, түншлэлийн стратегийн санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд цаашид харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургаж бэлтгэх, Францын Jean Jaures-ийн сантай хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг чухал ач холбогдол бүхий асуудлуудаар хамтран ажиллахаар болжээ. “Ноён Камбаделис болон Ж.Мөнхбат нарын уулзалт тус хоёр намын харилцаан дахь дээд хэмжээний анхны түүхэн ач холбогдол бүхий уулзалт боллоо” гэсэн мэдээ Францын Социалист намын цахим хуудсанд гарсан байна. 1250 онд IX Луй хааны элч болох Г.Рубрук ламтан Бат хааны Алтан ордны улсаар дайран Хархоринд ирж их хаан Мөнхөд бараалхсанаар Монгол Францын дипломат харилцааны түүх бичигдэж эхэлсэн байдаг. Мөн энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Францын парламентын дээд танхим болох сенатын ордонд зочилж сенатын гишүүн Филипп Мюлертэй уулзсан байна. Францын Үндэсний ассамблейн гишүүн, Монгол Францын парламентийн бүлгийн дарга эрхэм ноён Шартьейтэй хийсэн уулзалтаар Францын соёлын төвийн асуудал болон монголын эзэнт гүрний музей байгуулах, монголд загас үржүүлэх, хамгаалах төв барих төсөл дээр санал солилцож хамтран ажиллахаар болжээ. Монголын эзэнт гүрний түүхэн музей байгуулах ажлыг Ж.Мөнхбат дарга санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд монголын нэртэй түүхчид энэ төсөл дээр ажиллаж байгаа билээ. Архангай аймгийн нутагт Тамир, Орхон голын бэлчирт баригдаж буй загас үржүүлгийн төв Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг 10-аад голд жилдээ 500-700 мянган тул, хадран, зэвэг зэрэг загасыг үржүүлэн жарамгай болгон усанд тавих ногоон хөгжлийн төлөөх томоохон төсөл юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын үеэр тус улсад сурч, ажиллаж буй оюутан залуусын төлөөлөл Ж.Мөнхбат генсектэй уулзаж санал бодлоо солилцсон байна.