Азийн зарим улсууд цагаан сарыг тэмдэглэдэг ажээ
2016/02/09
Цагаан сар буюу сарны тооллын шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Эдгээр орнуудад Монгол, Төвд, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Энэтхэг, Лаос, Бутан, Индонез, Тайвань зэрэг Азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа улс орнууд багтдаг бөгөөд тэдгээр улс орнууд өөр өөрсдийн ёс заншлаар Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингээд цагаан сарын баярыг Азийн орнууд хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Бутан
Бутанчууд үндэсний баяраа “Бурман” хэмээн нэрлэдэг аж. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлэгдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг байна. Шар өнгө нь Бутанчуудын хувьд урт наслахын бэлгэдэл аж.
Төвд болон Вьетнам улс
Нэгдүгээр сарын 10-ны өдөр төвдүүд шинэ жилээ угтав. Төвдүүдийн хувьд зөвхөн буддын шашны соёл нэвт шингэснээрээ онцлог. Тэд Манал бурхныг цэнгүүлж, сайн зүгийн олон бурханд идээ будаагаа өргөдөг байна. Шинийн нэгэнд гэр бүлээрээ цамын бүжиг үзэхээр төв талбайдаа цуглана. Харин гэр бүлээрээ уламжлалт хүнсээ хэрэглэн тэмдэглэдэг байна. Мөн таван суудлыг бэлгэдэг таван өнгийн хийморийн дарцагыг дээвэр дээрээ мандуулдаг уламжлалтай.Вьетнам улс мөн л 10-ны өдөр цагаан сараа тэмдэглэж буй. Сүүлийн 30 жилийн хугацаанд уламжлалаа алдсан ч ерөнхий шинж тэмдэг нь хадгалагдан үлджээ. Гэр бүлээрээ цуглан идээ будааныхаа дээдийг идэж шинэ оноо угтдаг байна. Уламжлалт хүнс болох будааг энэ өдөр ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд битүүний өдөр зочныхоо өрөөнд будаа шиддэг уламжлалтай. Шинийн нэгэнд цацсан будаагаа цуглуулж хоймортоо залдаг уламжлалтай аж.
Япон
Японд уг баярыг Уламжлалт шинэ жил хэмээн 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Японоор уг баярыг О-Шогацу гэж нэрлэдэг байна. Япончууд энэ баяраар Сусухарай хэмээх тусгай цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн, Омочи, Озони хэмээх цагаан будаагаар хийсэн боов, идээ будаа засдаг. Мөн энэ баярын гол идээ нь төрөл бүрийн загасаар хийсэн хоол байдаг. Мөн өөрсдийн цагаан будаагаар исгэсэн саке архиа ууцгаадаг ба цайны газрууд нь эдгээр өдрүүдэд үнэгүй саке архи үүдэндээ тавьсан байдаг ажээ. Хүүхдүүд нь эцэг эхдээ мэндчилгээ дэвшүүлж, бяцхан дугтуйд мөнгө хийж өгдөг бөгөөд энэ ёслолоо Отоши-Дама гэж нэрлэдэг ажээ.мөн сүмд очиж бурхандаа мөргөцгөөдөг байна. Харин одоо Япончуудын 80 гаруй хувь нь Христын шашинтай болсон тул уламжлалт цагаан сарын баяраа ахмадууд нь ихэвчлэн тэмдэглэж , залуучууд нь ёслол төдий, фестиваль маягаар өнгөрөөдөг болжээ.
Хятад
Хятадын Цагаан cap нь манай Цагаан сартай ойролцоо болдог. Хамгийн том баяр болох Хятадын Цагаан cap нь 15 хоног үргэлжилдэг юм. Орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэрээ болон гудамж талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг байна. Гэр бүл, хамаатан саднаараа цугларахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйд хийсэн «азын мөнгө»-ийг хүүхдүүдэд өгдөг аж. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг юм. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.
Солонгос улс
Хоёр Солонгос адилхан эртнээс тогтож ирсэн уламжлалын дагуу цагаан сараа тэмдэглэдэг. Хойд Солонгост социалист үзлийн улмаас сүүлийн 50 жилийн турш эртнээс мөрдөгдөж байсан уламжлал алдагджээ. Харин Өмнөд Солонгос энэ жил Хятадтай адилхан хоёрдугаар сарын 10-ны өдөр шинэ оноо угтаж буй. Соёл ёс заншилаараа Азийн бусад улсуудтай нэн төстэй. Хамгийн түрүүнд гоймонтой болон будаатай шөлийг баярын ширээний хүндэт зоогийн нэгээр залдаг. Мөн үндэсний хувцас болох ханбукаа өмсч ураг төрлөөрөө баяраа тэмдэглэдэг байна. Тёкгук буюу хоолны ёслол гэж нарийн дэг журмын дагуу цагаан сараа тэмдэглэдэг ажээ. Энэ баярын үеэр ахмад настангууд хамгийн хүндтэй хүмүүст тооцогддог бөгөөд насныхаа эрэмбээр амар мэндээ мэддэг уламжлалтай юм байна. Цагаан сарын үеэр үндэсний тоглоом болох юнори гэх хөлөгт тоглоомыг тоглодог аж. Сүүлийн жилүүдэд баруунжих үзэгдэл дэлгэрсний улмаас ихэнх иргэд нь энэхүү баярт ач холбогдол өгөхөө больжээ. Ихэвчлэн хөдөө нутгийн ард иргэд л цагаан сараа тэмдэглэдэг байна.
Камбож
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.
Тайланд
Тайланд улс Шинэ жилээ Камбожтай адил дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Ургацаа хурааж дуусаад баярлах баяраа тайчууд Songkran гэж нэрлэдэг гэнэ. Тайчууд Songkran баяраа зургаан хоног, зарим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг байна. Баярын хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биенээ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь Шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой гэнэ.
Малайз
Малайзад ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяруудын нэгдэл тэмдэглэдэг гэж болно. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малгай үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсаж, бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна.
Лаос
Лаос улсын үндэсний баярыг “Лин” хэмээдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг аж. Харин шинийн нэгэн болоход 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил өргөж, дараа оныг хур бороо их орж, будаа арвин хураахыг бэлэгддэг байна. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай байна.
Зочин · 2016/02/10
nice