Хавар оройн урин салхи зөөлөн сэвэлзэх Улаанбаатарын гудамж юу юугүй зуныг урин дуудаж байгаа нь илт. Ийм л цагаар энгэрээ задгайлж тавиад алхах хичнээн сайхныг надаар хэлүүлэх юун.

Цэцэрлэгт модод гөлөглөж, дэлхий ээж дэлэнгээ сад тавьж ахуй сайхан цаг л даа. Ийм л ирж яваа цагийн буулганд алхаж явтал нээлттэй салхивчаар “Норовынхон давраад байна уу үгүй. Ерөнхий сайд Алтанхуяг манай Энхболдыг ч үг хэлүүлэхээ болилоо. Ер нь МАН-ынханг үг хэлүүлэхгүй байна. Тэр дүү нь Тэгшбаяр гэж нөхөр манайд цөмийн цахилгаан станц барих юм байх аа. Норовынхон даврахгүй шүү. Яахаараа ах дүүгээрээ нэг нэгнээ дээш нь татаж хамтдаа давардаг байна,аа” хэмээх халамцуухан эрийн дуу хадлаа. Ямартай ч тухайн үед Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан Норовын Тэгшбаярыг мөн үеийн Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн төрсөн дүү гэж ойлгосон нэг “соц” нөхөр дөрөө чангалсан бололтой. Ухаж ойлгоогүй хүнд бол Н.Тэгшбаяр, Н.Алтанхуяг хоёр ах дүү байж болохоор санагддаг нь аргагүй. Тэгээд ч хүн заавал бүхнийг мэдэх албатай биш бөгөөд хардах эрх нь хэнд ч нээлттэй юм болохоор яахав дээ.

 

Захын хүн ах дүү хэмээн таамаглаж болох адил төстэй зүйл энэ хоёр нөхөрт олон байдгийг тэгэхэд л би анзаарав. Мэдээжийн хэрэг овог нь адилхан Норов. Ус нутаг нь адилхан Увс. Хоёулаа МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн. Нэг нь АН-аас УИХ-д суудалтай, Ерөнхий сайд. Нөгөө нь АН-аас ҮЗХ-ны гишүүний данстай, Цөмийн энергийн газрын даргын албатай. Хүссэн ч эс хүссэн ч зах хязгаар нутаг Увс хүний зан чанар хоёуланд нь байж таарна. Яг энэ өндөрлөгөөс харахад энэ хоёр нөхөрт хаа ч тал алддаггүй чанар бий. Төв халхын үзлээр бол тийм нэг “гулгамтгай” чанар гэх үү дээ. Нийгэмд харагдах байдал ийм байхад захын нэг нөхөр андуурч болох л доо. Харин Н.Алтанхуяг Малчин сумынх, Н.Тэгшбаяр Өмнөговь сумынх. Мань эрийнхээр бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг төрсөн дүү Норовын Тэгшбаярыг өөд нь татаж, АН-д ҮЗХ-ны гишүүн болгож, улмаар Цөмийн энергийн газрын дарга болгож дээ. Ерөөсөө Н.Тэгшбаярын амьдрал ахуй ч Н.Алтанхуягаас хамааралтай гэж хэлэхэд бэлэн хүн мэр сэр байдаг аж.

 

Тиймээс Норовын Тэгшбаяр гэж хэн билээ гэж өөрийн эрхгүй бодоход хүргэсэн юм. Олон жилийн өмнө МУИС-ийн оюутны ширээний араас гарсан шагай шиг бор залуу их сургуулийн дугуй зааланд илтгэл тавьж ахуй цагт нь анх мэнд мэдсэн юм. Үүнээс хойш он цаг олон удаа тоосоо шилгээж өдгөө дөч хүрсэн эрс болсон ч сэтгэлийн мухарт нэг нэгнээ гэсэн тэмүүлэл мөнхөд бадарч байгаагаас харвал Норовын Тэгшбаярын тухай дээрх халамцуухан эрээс арай илүү мэдэх юм байна гэж бодохгүй юу. Улстөрийн халуун чулуу долоож, хүйтэн халуунд адилхан ажрахгүй болсон Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Алтанхуягтай төрөл болж андуурагдахад яагаад болохгүй гэж. Ямар ижлээ худалдсан хулгайчтай ахан дүүс болж андуурагдсан биш. Нөгөө талаас эрх нөлөө бүхий хүнтэй ах дүү болтлоо сэрдэгдэнэ гэдэг Н.Тэгшбаярын ажил үйлс өөдөө явааг илтгэнэ. Түүнээс уруудаж, арчаагаа алдсан нэгнийг мандаж яваатай яаж зүйрлэх билээ. Ажил үйлс нь дэлгэрч, зовхи нь өөдөө яваа л хүнийг ийн андуурч хардах болов уу.

 

Одоо тэр олон сайхан үрийн аав, өрх гэр толгойлсон эцэг хүн болжээ. Түүний хувьд Төрд данстай алба хаших болсоор удлаа. Ямартай ч “Биеэ засаад гэрээ засчихсан, Төрөө засалцах”-аар зүтгэж яваа нэг эр хүн. Өнөөдрийн өндөрлөгөөс он цагийн өмнөх рүү өнгийвөл Н.Тэгшбаярын анх уулзаж суусан тэр л зан араншин, өөрийн гэсэн үзэл бодол нь он цагийн үзэмжийг дагаж өөрчлөгдсөн нь үгүй, янзаараа. Гагц өөрчлөгдсөн юм гэвэл өөрийнх нь унаган тэр үзэл баримтлалд баахан буурь сууж хашир заах мэт. Арга ч үгүй биз. “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат” гэж өвгөд минь зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Бага залуудаа л мэнд мэдээд “Ажил сайн уу” гэхэд “Гайхамшигтай сайхаан” хэмээн инээж угтана. Тэр мэнд өнөөдрийг хүртэл янзаараа. Өнөөх л инээмсэглэл, сайн сайхныг урин дуудах мэт сэтгэл төрүүлдэг нь ямагт хэвээрээ. Оюутан ахуй цагтаа сургалтынхаа төлбөрөө хийх гээд “Дэнжийн 1000”-ын барааны зах дээр тэрэг түрж явсан гэдэг. Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт ихэнх оюутнууд энэ мэт аргаар төлбөрөө залгуулдаг байв. Н.Тэгшбаяр ч тэднээс өөр замаар төлбөр олох арга олоогшүйдээ биш байх. Өөрийнхөө хүч хөдөлмөрийг тэргүүнд тавих нэгэн гэдгийг өдгөө хаа хаанаа сайн мэдэх болсон биз ээ.

 

Тэдний дээд удамд 23 мянган толгой малтай Дүүдээ гэгч баян хүн байгаад хоёр хүү болох Насан-Очир, Мягмар нарт малаа хувааж өгсөн юм гэдэг. Хүү Мягмар нь насан өөд болохдоо улаан армид тусалж байхыг эхнэр Бадамдаа сануулсан аж. Тиймээс Бадам нь улаан армид 10 мянган төгрөг, 1600 бог мал, 16 тэмээ, 10 агт морь бэлэглэж түмэн олноо “Фронт Бадам” гэж өргөмжлөгдсөн Энгэлийн Бадам билээ. Дүүдээ баяны хүү Норов нь өдгөөгийн Улсын төв лабораторийн захирал Н.Тэгшбаярын аав юм байна. Харин Н.Тэгшбаярын аав Норов Увсын Өмнөговь сумын нэгдэлд нэгэн насаараа жолоо мушгисан хүн гэнэ лээ. Энэ бол дурдах ёстой түүх учраас бяцхан хадуурав.

 

Нэгэнтээ Н.Тэгшбаяр Төрийн өмчит “Мон-Атом”-ын дэд захирлаар ажиллаж байгаад 2012 оноос Цөмийн энергийн газрын даргаар ажилласан юм. Түүхэндээ ганцхан удаа 1996 онд ялалт байгуулаад байсан АН 16 жилийн дараа хоёр дахь удаагаа улстөрийн талбарт арай илүү саналаар цэнхэр туг хатгасан. Удтал хүлээсэн ялалтын хундага чөлөө завгүй харшихын зэрэгцээ том жижиггүй албан тушаалын төлөөх аян дайнд мордсон. Ёстой л сонгуулиас ч илүү яриа хөөрөө болсон байх. Арга ч үгүй, нэрт зохиолч Д.Норовын “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд “Мөн ч их хүлээсэн дээ” хэмээдэг дээ. Тэдний хувьд энэ ялалтыг мөн ч их хүлээсэн. Тухайн цагт Н.Алтанхуяг сайдуудаа томилоод танхимаа бүрдүүлчихлээ, дэд сайдуудын асуудал шил даран шуугиан дэгдээв. Энэ үед Н.Тэгшбаярын нэр мөн ч олон салбарын дэд сайдын нэрсэнд цохиж харагдсан. Өглөө ирээд хэвлэлийн тойм харвал Н.Тэгшбаяр дэд сайд болох нь гэсэн мэдээлэл хаа сайгүй харагдах. Тэр тусмаа Түлш эрчим хүчний дэд сайд хэмээн нэлээд удаан хугацаанд цоллуулсан. Миний хувьд түүнийг дэд сайд болчихлоо гэж бодохгүй юу. Түүнтэй хамт хэвлэлээр цоллуулж байсан нөхдийн бараг 80, 90 хувь нь дэд сайдынхаа суудалд очсон. Хэвлэлийнхэн маань тэгтлээ төөрдөггүйг ахин нэг харлаа. Гэтэл дэд сайдуудын марафоныг тэргүүлж байсан Н.Тэгшбаяр маань харин байдаггүй. Ойрын эх сурвалжийн салхинаас нэгэн үг сонсогдов. Дэд сайдын суудлыг АН-ын фракцууд хувааж авсан. Гэхдээ том дарга нарын цүнхийг нь зөөж, тал тохой татдаг, хөрөнгөлөг хэдэн нөхөд очлоо хэмээсэн. Тухайн үед хэвлэлээр ч ийм мэдээлэл бишгүй л цацагдсан учраас үүнийг нуршаад яахав. Эх сурвалжийн хэлж байгаа нь үнэн бол Н.Тэгшбаяр юу гэж сайд болохов дээ гэж бодлоо.

 

Нэгдүгээрт, тэр өөрийн гэсэн хатуу үзэл баримтлалтай, өөрөө өөрөөрөө өөрийгөө бүрдүүлж яваа залуу. Тэгтлээ улстөрийн зүгээс том нөлөөлөл үгүй гэсэн үг. Мэдээж багаасаа үзэл санаагаа нэгтгэж, итгэл үнэмшлээ өгч ирсэн АН-ын зүгээс бодлогын хэмжээний дэмжих эс дэмжих тухай асуудал байлгүй л яахав. Хоёрдугаарт, тэр хэзээ ч тал тохой татаж, бусдын цүнхийг зөөж гүйхгүй. Зөөх гээд оролдсон ч өөртөө зохихгүй гэдгийг тэр сайн мэдэж таарна. Гуравдугаарт, тэр хөрөнгөлөг нэгний дэргэд таргийн таван ямаатай л нөхөр. Энэ нь ядуу гэсэн үг биш л дээ. Бусад шиг ихэс дээдэст тал засаад байхаар илүүдээ гарсан хөрөнгө бол үгүй байх. Тэгэхээр тэр энэ удаагийн дэд сайдын марафонд дээрх шалтгаануудын улмаар хоцорсон гэхэд болно. Уг нь дээр дурдсан халмаг эрийн бодож байгаагаар бол Н.Алтанхуяг төрсөн дүүгээ дэд сайд бүү хэд жинхэнэ сайд болгочих л байхгүй юу. Харин агентлаг газрын дарга нарын марафон ахиад л хэвлэлээр шуугиан тарилаа. Аанай л өнөөх Н.Тэгшбаяр марафоныг тэргүүлсээр. Энэ удаад би огт тоосонгүй. Дэд сайдаас үүдэн сонссон баттай эх сурвалжийн “цүнх зөөх”, “хөрөнгөлөг”, “тал тохой татах” гэх мэт мэдээлэл нөлөөлсөн үү яасан огт анзаарсангүй. Гэтэл агентлаг газрын марафоныг тэргүүлэгч маань Цөмийн энергийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч болсон тухай Засгийн газрын тэргүүний баттай мэдээлэлтэй танилцах нь тэр. Нүдээ олсон томилгоо гэж хэлж болно. Түүнд физикийн боловсрол байгаагаас гадна энэ зүгт ажилласан туршлага ч бий, зангараг ч бий учраас нүдээ олжээ гэж бодлоо. Ерөөсөө энэ томилгоонд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар Ц.Жадамбаа гэсэн маш цөөн нүдээ олсон томилгоо байсны нэг нь Н.Тэгшбаяр л даа.

 

Энэ үед Монгол Улсад Цөмийн энергийн газар гэж байдаг юм уу, ер нь цөмийн технологи гэж байдаг эсэхэд ч эргэлздэг байсан гэхэд худлаа болохгүй. Хэдийгээр дэгсдүүлж байгаа ч үнэний ортой зүйл шүү. Ямартай ч массыг хамарсан ойлголт байгаагүйг сэтгүүлч миний бие баттай хэлж чадна. Ерөөсөө цөмийн технологи гэхээр Чернобилийн дэлбэрэлт, Фүкүшимагийн дэлбэрэлтээс өөр мэдээлэл үгүй. Ганцхан цөмийн технологи гэдэг бол аюул гэдэг л ойлголтой өнөөдөрт ирсэн түмэн юм. Уг нь цөмийн салбар нь манай улсад үүсч хөгжөөд 50 жилийн нүүрийг үзчихсэн шүү дээ. Харин Н.Тэгшбаяр Цөмийн энергийн газрын дарга болсон цагаас хойш Монгол Улсад ийм байгууллага байдаг юм байна, чухам юу хийдэг, ямар үйл ажиллагаа явуулдаг зэргээр сонирхож эхэлсэн. Тодруулбал, Н.Тэгшбаяр ийн олны анхааралд ортол ажиллаж чадсан. Тэр ч бүү хэл Монгол Улсад цөмийн технологийг нэвтрүүлэх тухай баримт бичиг болсноор энэ газар түмний мэддэг танил газар болов. Бид ямар зорилгоор, ямар газар ажиллуулж байгаагаа ч ард түмэндээ танилцуулж чадаагүй 50 гаруй жил болчихсон гэхээр эвгүй сонсогдож байгаа биз.

 

Олон жилийн түүхтэй энэ байгууллага Н.Тэгшбаярын үед ийнхүү олны анхааралд орсон юм. Уг нь манай улсад хэрэглэгдэж байгаа оношилгооны аппаратаас эхлээд олон зүйлд цөмийн технологийн бүтэц бий л дээ. Даанч үйлчлэгч нь ч мэддэггүй, үйлчлүүлэгч нь ч мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй байв. Харин Н.Тэгшбаяр цөмийн тал дээр хамтын ажиллагаа өрнүүлж, энэ талд түлхүү анхаараад ирэхээр нийгэмд бужигнаан ч үүссэн. Харин энэ байдлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн бүлэглэл өнөөх л цөмийн дэлбэрэлтийг дурдаж, эсэргүүцэх аян ч өрнүүлсэн. Энэ нь нийгэмд Н.Тэгшбаярыг хоёр өөр дүрсээр харах нэгэн шалтгаан болсон нь дамжиггүй. Атом хэмээх аюулт мафийн эзэн дүрээр ч харагдсан байхыг үгүйсгэхгүй. Иргэний нийгмийн тархи угаалт, зарим ихэс дээдсийн мэдэгдэл нь угаасаа цөм, атом гэхээр ухаан алддаг болчихсон түмэнд Н.Тэгшбаяр гэх нөхөр зүгээр л “атомын бөмбөг” мэт харагддаг болсон үе бий. Түүний нэг нь дээрх халамцуухан нөхөр буй заа.

 

Аливаа зүйлд улстөр, иргэний хөдөлгөөний гар хөл орохоор нийгэмд ийм аюултай мэдээг өгч чаддаг хортой зүйл юм. Харин өнөөдөр хүссэн хүсээгүй дэлхий нийтээр цөмийн технологийн үнэ цэнийг дээдлэх болжээ. Иргэний хөдөлгөөнийнхөн, ард иргэд цөмийн технологи гэгч аюул манай улсад нүүрлэх нь хэмээн тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунаас сэтгүүлчдээр дамжин асуулга тавив. С.Оюун сайд ч цөмийн технологийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ирээдүйд бид ч ашиглах ёстой гэсэн байр суурийг хүргэсэн нь хар мэдээлэлд даруулаад байсан Н.Тэгшбаярын ачааг бага боловч хөнгөлсөн байх.

 

Тэр энэ агентлагийн даргаар ирсэн даруй өөрт нь оногдсон жип автомашиныг хүнд бэрхшээл дунд ажилладаг Онцгой байдлын газрынхандаа өгнө. Манай байгууллагад шатахуун их хэрэглэдэг том машин хэрэггүй гээд өгчихсөн. Энэ даруй Н.Тэгшбаяр албаны машиныг өөрийн юм шиг бэлэг барьж шоудлаа хэмээн нэг хэсэг шуугисан. Төрийн машиныг Төрийн байгууллагад нь л шилжүүлээ биз, яадгийм. Улстөрд өгсөж яваа залуу хүний хувьд алс хэтийн карьераа ч бодоо л биз яадгийм. Ямар Төрийн байгууллагаас хувьд машин гулгуулж байгаа биш. Үүнтэй дөрөө харшуулаад Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас болж тугал хордсон мэдээ улам л хүчтэй дэгдэв. Түүнийг ажил авахад мэдээжийн хэрэг сайхан зүйл угтаагүй. Ийм л хар зүйл угтсан. Үүгээр дамжуулж мөнгө олдог хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа түүний ажлыг зогсоож чадаагүй ч гаднаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө мөнгөний урсгалд бага боловч тээг болж байсныг дурдах хэрэгтэй. Улаанбадрах суманд уранаас болж мал үхээд байгаа гэх шуугиан хэргээр дэгдээсэн нөхөд анх тус суманд шуудангаар очиж байсан бол нэг жилийн дараа жип машин хөлөглөж нэлээд хөрөнгөлөг давхиж буусан гэдэг. Ахиад нэг жил болоход бүр жипний цуваа болж ирсэн тухай нутгийн иргэд баримттай ярьж байна лээ. Үүнээс харвал улстөрийн бизнес бүлэглэлийн нөлөөлөл хаа хаанаа байдаг бололтой. Улаанбадрах суманд тугалнууд хордож үхсэн тухайд маргаан дэгдэж эцэстээ Засгийн газрын түвшинд авч хэлэлцэв. Шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийнхэн шалгалтын эцсийн дүгнэлтээ гаргасан даа. Дүгнэлтээр малчны тугалнууд ямар нэгэн цацрагийн бодис, хүнд металлиас хордоогүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин селени хэмээх химийн бодисын нөлөөтэйгөөр мал хордсоныг тогтоосон байна. Тодотговол мэргэжлийн багийн дүгнэлт гарсан хэрэг. Хэрвээ уранаас болж хордсон бол өнөөдөр ч үхсээр байх биз. Гэтэл селенид хордож үхсэн тугалнуудаас хойш тус суманд хөндлөнгийн нөлөөтэйгөөр мал үхсэнгүй өнөөдөртэй золголоо. Аливаа зүйлийн үнэт зүйл, үнэнийг гагцхүү цаг хугацаа ойлгуулдаг гэдгийг богинхон гэсэн энэ хугацаа харуулж байгаа биз.

 

Гэхдээ Н.Тэгшбаяр үүнээс няцаагүй, үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр байсан ч хямралтай холбогдуулан төсөв хэмнэх нэрээр стратегийн ач холбогдол бүхий агентлаг газрыг татан буулгав. Энэ нь учир мэдэх хүмүүсийн уур цухлыг жинхэнэ утгаар нь барсан даа. Албаны зүгээс өгч байгаа байр суурь бол Цөмийн энергийн газрыг татан буулгаж, статусыг нь дээшлүүлэн Ерөнхий сайдын дэргэдэх ажлын алба, Цөмийн энергийн комисс болсон гэх. Үнэн хэрэгтээ статус дээшлээд багагүй хугацаа өнгөрөхөд хуучин агентлаг газрын хэмжээнд хүрч ажиллаж байгаа эсэхэд хариулт өгөхөд хэцүү. Уг нь тус газар нь туйлдсан эдийн засагт багагүй цус сэлбэх ажиллагааг эхлүүлчихсэн, бараг хэрэгжих шатандаа явж байсныг салбарын мэргэжилтнүүд ярьж байсан. Ямар нарийн ширийнийг нь би мэдэх биш. Алсын хараатай Төр байсан бол тус газрыг татан буулгах нь бүү хэл үйл ажиллагааг дэмжиж, гаднаас орох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломжийг тус байгууллага нээчихсэн байсан юм билээ. Үүнийг бол учир мэдэх хүмүүс надад хэлсэн. Монголын цөмийн салбарыг европын зах зээлд гаргах, тэдэнтэй хамтрах гэрээ ч хийгдээд шаваа тавьчихсан байв. Тэгээд ч цөмийн салбарт бие даасан агентлаг газаргүй ямар улс орон байдаг юм, орчин цагт. Дэлхий дахины хөгжил өдөр хоногоор бус цаг минутаар хэмжигдэж байгаа энэ үед Цөмийн энергийн газар бүү хэл цөм хариуцсан яам байх хэрэгтэйг дэлхий өөрөө сануулаад эхэллээ ш дээ.

 

Үнэнийг хэлэхэд тус байгууллагад ажиллаж байсан хэдэн хүн ажилгүй болох бол яахав ээ. Түүнд бухимдаад байгаа хэрэг биш. Нийгэмд байдаг л жирийн үзэгдэл. Хамгийн гол нь Монгол Улсын эдийн засагт нэгэн шинэ эргэлт бий болж, аажмаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай энэ салбарт түншлэх ганц том гарц байсанд л харамсаад байгаа юм. Тэр тусмаа эхлүүлж асан ажил нурааж цаг алдсанд харамсаад байгаа хэрэг. Өнөөдөр манай уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл хязгаарлагдмал байна. Хойд урьд хөрштэй л харьцаж байгаа гэхэд болно. Тэгээд ч манай экспортын бүтээгдэхүүний гол нэрийн бараа болох нүүрс, алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр навс уначихлаа. Харин уран гэдэг зүйл бол дэлхий нийтэд ноёрхох хандлага газар авч байгааг хараад харамсахгүй яах юм.

 

Уг нь би Н.Тэгшбаярын тухай бичих гэсэн ч яах аргагүй ажил руу нь хальтирч ороод байна. Бодоход, хувь хүн Н.Тэгшбаярт бус хийж эхлүүлсэн ажлынх нь цар хүрээ сэтгэлээс гарахгүй байгаа хэрэг болов уу. Түүнээс бус Н.Тэгшбаяр АН-ын “Нэг ардчилал” хэмээх залуусын фракцид данстай. Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар сайд болоод байхад түүнд дутах зүйл нэгээхэн ч үгүй. Тэр түүнтэй улстөрийн холбоо сүлбээтэй. Тийм хэмжээний хөрөнгөтэй. Эсвэл ирээдүйн таамаг явуулж, амраг сэтгэлийнх нь аясад хандсан ч болно ш дээ. Гэтэл яагаад ч юм энэ мэт тулга тойрсон сэдэл ер орж ирэхгүй байгаа нь өнөөх л хувь хүн Н.Тэгшбаярын нийгэмд үлдээсэн сэтгэгдэлтэй холбоотой байж таарна. Ийнхүү эхлүүлсэн олон ажлаа хаалгасан Н.Тэгшбаяр өнөөх бусдын хэлдэгчлэн лааз өшиглөөгүй байж таарна. Хувь хувьсгалын зүгээс түүнд хийх ажил огт мундахгүй гэдгийг олон хүн хэлдэг. Ямартай ч Төрийн албаа өгсөн даруй буюу элсэлтийн шалгалтын өмнө эрдэмтэн мэргэдийн баг бүрдүүлж байгаад элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээлэл өгөх үүднээс том хэмжээний ном хэвлүүлээд өсч төрсөн нутаг увсчууддаа бэлэг барьчихаж. Дөнгөж сурагчийн ширээний араас гарч байгаа хүүхдүүдэд тэр ямар их үүрэгтэйг энгийн нэгэн ойлгохгүй байх. Цогц мэдээллийг нэгэн дор нэгтгэн ном болгоод хүргээд өгчих нь гэдэг асар том ажил. Мянган орон сууц барьснаас ч буянтай ажил гэж болно. Н.Тэгшбаярын энэ ажил нь хэдийгээр нэг орон сууц худалдаад авах хэмжээний хөрөнгө гарахгүй, бусдад жижиг мэт санагдаж болно. Гэтэл энэ ажиллагаа нь ирээдүйд мянга мянгаар орон сууц барих иргэдийг бэлдэхэд онцгой нөлөөлөл үзүүлэх тийм л буянтай үйлс. Ирээдүйн эмч, багш, инженер, фифзикч бэлдэхэд хамгийн том тус бол энэ юм билээ.

 

Тэр энэ мэтээр огт зүгээр суугаагүй. Ахин тодотговол тэр бусад шиг лааз өшиглөсөнгүй. Нэг л өглөө Засгийн газрын ээлжит тушаалаар Улсын төв лабораторийн захирал болчихсон. Энэ бол бас л нүдээ олсон томилгоо хэмээн чагнаж суутал албаа аваад тун удалгүй ур чадварын сорилт зохион байгуулагчаар итгэмжлэгдэж, ингэснээр манай улсын лаборатори гурав дахь олон улсын түвшиний итгэмжлэлийг хангаж байгаа юм билээ. Ерөөсөө ашигт малтмалынхаа дээжийг гадаадад шинжлүүлэхийг эцэслэх түвшинд богино хугацаанд очжээ. Эдийн засаг санхүүгийн таагүй нөхцөл шинэ байгууллага хүлээж авсан ч тэр үүнийг амжуулчихсан. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байснаар Улсын төв лабораторид түүнийг очиход санхүү нь доголдож өглөг, авлага ихтэй, татвар дансыг нь хаасан, цалингаа гурван сар тавиагүй байсан гэдэг. Мань эр энэ бүх асуудлын доголдлыг арилгаж, одоо тус хамт олон эрч хүчтэй ажиллаж байгааг дуулгаж байна лээ.

 

Түүний хийж болох, магадгүй амжилт гаргах салбар энэ байхыг үгүйсгэхгүй. Ийм л нэг дөч шүүрсэн эр амьдралд ухаажиж, их улстөрийн тоосонд хат сууж, төрийн алба залгуулан буурь сууж явна даа. Тэр ч бүү хэл түүнээс саяхан нэгэн сэтгүүлч “Та УИХ-д нэр дэвшин өрсөлдөх үү” гэхэд “Хэзээ нэгэн цагт УИХ-д өрсөлдөнө, цаг харуулна” гэсэн утгатай хариулт өгсөн байна лээ. Магадгүй, тэр нийгмийн захиалга мөн бол хэзээ нэгэн цагт Төр түшилцэх нь дамжиггүй биз ээ.

 

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин С.Ууганбаяр