ЭЕШ-ын хариултыг буруу будсан бол засах боломжтой
2016/02/16
Р.ОЮУН, Х.ЦОЛМОНЗАЯА
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдрөөс орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр өглөөний 09:00 цагаас эхэлж дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цаг хүртэл үндэсний хэмжээнд онлайнаар үргэлжлэх юм.
Харин элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар БҮТ-ийн Чанарын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын тогтолцоо XII анги руу шилжсэнтэй холбоотойгоор 2015-2016 оны хичээлийн жилд 36207 хүүхэд ЕБС-ийг төгсч байна.
Сүүлийн 3-4 жилийн дунджийг харвал төгсөгчдөөс гадна өмнө төгссөн 3000-4000 орчим элсэгч бүртгүүлж нэмж шалгалт өгдөг. Тэгэхээр энэ жилийн хувьд ойролцоогоор 40 орчим мянган төгсөгч ЭЕШ өгөх тооцоо байна. Энэ жил Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор монгол хэлний шалгалтын 4/1 буюу 25 хувь нь монгол бичгийн даалгавар байна.Монгол хэлний шалгалтын даалгаврын сан дээр монгол бичгийн даалгавар өмнөх үеэсээ арай нэмэгдэнэ гэсэн үг. Монгол хэл бичгийн шалгалтын оноог баталгаажуулж, батламж хуудсыг ЭЕШ-ын батламж хуудсаас тусад нь хэвлэж өгөхөөр ярилцаж байна. Зургадугаар сарын 15-нд монгол хэл бичгийн шалгалтыг аваад шалгуулагч хэдэн ч оноо авсан тэр оноог батламж хуудас дээр гаргаж өгсөнөөр оноог нь үндэслээд их, дээд сургуулиуд элсэлтээ авах ёстой.ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж балын харандаагаар бөглүүлж байгаа нь буруу будсан тохиолдолд баллуурдаад дахин засах боломжтой болж байгаа юм. Засахдаа олон улсад ашиглаж байгаа өндөр хүчин чадал бүхий машиныг ашиглана” гэлээ.
ЭЕШ-ын босго оноо 400 хэвээрээ байхаас гадна хураамжийн 5800 төгрөг өөрчлөгдөөгүй байна. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭЕШ өгөх нөхцлийг бүрдүүлж, тусгай бэлтгэсэн байранд авахаар болжээ.
Боловсролын үнэлгээний төвийн сайт дээр ЭЕШ-д бүртгүүлэх линк нээгдсэн. Заасан хугацаанд шалгуулагч хандахад монгол хэл бичгийн шалгалт автоматаар бүртгэл нь идэвхжих юм байна. Өөрөөр хэлбэл, монгол хэл бичгийн шалгалт баталгаажсаны дараа ЭЕШ-ын хичээлийн сонголтоо хийж БСШУЯ-ны үндсэн баазтай бүртгэлийн программ холбогдсоноор шалгуулагч регистерийн дугаараа оруулснаар тухайн хүүхдийн хувийн мэдээлэл хадгалагдах аж.
Энэ жилийн ЭЕШ-ын бас нэг онцлог нь өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалтын байраа өөрсдөө сонгоно. Тухайлбал, Хэнтий аймагт бүртгүүлсэн хүн Баян-Өлгий аймагт амьдардаг бол тэндээ шалгалтаа өгч, хичээлээ сонгох боломжтой. Харин гадаадад сургууль төгсөөд ЭЕШ-д хамрагдах гэж байгаа бол БСШУЯ-ны холбогдох газраар бичиг баримтаа баталгаажуулаад БҮТ-д бүртгүүлснээр ЭЕШ-д хамрагдах боломжтой болох гэнэ.
Шалгуулагчид шалгалтад орохдоо иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээг бүрдүүлэхээс гадна бүртгэлийн нууц дугаарыг ашиглаж БҮТ-ийн сайт руу орж мэдээллээ авч, хэвлэх эрх нээгдэнэ. Мөн энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн шалгалтын агуулгад өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн жил туршилтын байдлаар дээрх хичээлүүд дээр сонсох чадвар шалгасан даалгавруудыг авсан бол энэ жил үндсэн оноонд орохуйц байдлаар шалгалтын агуулгыг өөрчилж шалгалт авах байруудыг сонсох чадварын дагуу авахад зориулагдсан төхөөрөмжөөр тоногложээ.
БҮТ-өөс энэ сард багтаан ерөнхий боловсролын сургуулиудаар явж сурагч, эцэг эхчүүдтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна.
ЭЕШ-ын талаар ямар мэдээлэлтэй байгаа талаар Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн сургалтын менежер болон төгсөх ангийн хүүхдүүдийн сэтгэгдлийг сонирхсон юм.
12б ангийн сурагч М.Солонго:
ЭЕШ-ЫН МЭДЭЭЛЛЭЭ БАГШ НАРААСАА АВЧ БАЙНА
-Бид монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалт өгөх болохоор тодорхой хэмжээгээр бэлдэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллээ багш нараасаа болон интернэтээс авч байгаа.
12б ангийн сурагч Д.Очир:
ЭХЛЭЭД МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТАА ӨГЧ ТЭНЦЭХ ХЭРЭГТЭЙ
-Эхлээд монгол хэлний шалгалтаа өгч байж тэнцэх учраас энэ хичээлээ сайн бэлдэх ёстой. Мөн сонгосон математик, физик, англи хэлний хичээлээ дагнаад явчихна. Элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг багш нараасаа л авна даа.
Сургалтын менежер Г.Бум-Эрдэнэ:
ЭЕШ-Д БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙГАА
-Энэ улирлаас эхлээд хүүхдүүдээ ЭЕШ-д бэлтгэхээр хичээлээс гадуур сургалт явуулж байгаа. Эхлээд монгол хэлний шалгалт өгөх учраас энэ хичээлээ бэлдүүлээд үүний дараа нийгмийн ухааныг бэлдүүлнэ. Манай сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, мэргэжлийн олон багштай, 12 дугаар ангийн хоёр бүлэгтэй. Тиймээс багш нар цагаа гаргаад эцэг эхүүдэд танилцуулсан байгаа. Сая 12 дугаар ангийн эцэг эх, сурагчийн хамтарсан хурлыг хичээл амрахаас өмнө хийсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин