Хятад руу урсдаг байсан мөнгө Орос руу гардаг болж
2016/02/16
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна, гэвч...
“Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баяр болж, монголчууд бид хаврын тэргүүн сартай золгоод буй. Ойрноос хүмүүс айл хэсэх ажлаа дуусгаад, бичин жилийнхээ заслыг хийлгэх гэж гандан хийдүүдэд дугаарлаж байгаа бололтой. Жил жилийн цагаан сар өөрийн гэсэн өнгөтэй, онцлогтой байдаг. Сар шинийн бөхөөсөө эхлүүлээд шүү дээ.
Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд монголчууд бид өв уламжлалаа дээдэлж, өвгөдөөс өвлүүлсэн ёс заншлаараа баярладаг болоод байгаа. Тэгээд ч цагаан сар бол монголчуудын уламжлалт хамгийн том баяр. Жил ирэх тусам бид монгол дээлээ өмсч, үндэсний хувцсаараа гангардаг болсон. Эр хүн бүр хөөрөг даалинтай болж, монгол ёсоор мэнд мэдэж, бэлгэ дэмбэрэлтэй үгсээ хэлэлцдэг болоод байна. Даяарчлал гэж хэсэгтээ л ярьж шуурсан ч Монголын уламжлал тэр дунд төөрчихсөнгүй.
Харин жил бүрийн цагаан сараар ярьдаг нэг зүйл нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байдаг. 10-аад жилийн өмнө бол бид энэ тухай ам нээж ч чаддаггүй байлаа. Яагаад гэвэл үндэсний үйлдвэрлэл гэж үндсэндээ байгаагүй. Харин сүүлийн 3-4 жилд үндэсний үйлдвэрлэл илт сэргэж байна. Бидэнд хийж чадахгүй юм гэж бараг алга. Өмсөх хувцас, идэх хоолоо өөрсдөө хийдэг болчихсон. Гадны ямар ч улсаас илүү өмд, цамц, гутал хийж байгаа үйлдвэрүүд манайд байна.
Бахархмаар хөдөлмөрч залуучууд хангалттай их байгаа. Жил ирэх тусам өргөжин тэлж байна. Гэвч манайхан цагаан сарын өмнө цөөхөн хэдэн төгрөгөөр гадаад руу гаргаад “урсгачихдаг” байдлаа өөрчлөөгүй хэвээрээ л. Нэг хэсэг Хятад руу Монголын хамаг мөнгө урсч, чанар муутай гарын бэлэг болж хувирдаг байлаа. Гэтэл одоо Орос руу урсдаг болчихож. Энэ жилийн цагаан сараар айлуудын өгч байгаа элдэв бараа, цамц, алчуур, гоо сайхны хэрэглэлийн ихэнх нь Орост үйлдвэрлэсэн эд байсан болохоор тэгж хэлээд байгаа хэрэг. Ганц авах зүйл нь Оросын бараа Хятадынхыг бодвол арай л чанартай. Гэхдээ бид хэдэн төгрөгөө Орос руу гаргаад “асгачихдаг” биш Монголдоо үлдээдэг болмоор байна.
Тиймийн тулд манай үндэсний үйлдвэрлэгчид цагаан сараар хүнд өгчихөөр чанартай, үнэ өртөг нь боломжийн цамц, алчуур, өмд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болмоор байна. Одоо бол цагаан сарын бэлгэнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс оймс л боохоос өөр юм алга. Ядаж байхад манайхны бараа бүтээгдэхүүний үнэ дэндүү өндөр. Хонины нэхийний үнэ шороотой хутгалдчихаад байхад л савхин бээлийний ханш буурахгүй л байна. Бүр улам ч нэмэгдэх маягтай. Үнэ нэмэгдэж байгаа шалтгаанаа савхи боловсруулах бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ тэр гээд аахар шаахар зүйлтэй холбож тайлбарлаад л сууж байна.
Дээрээс нь нэг нимгэн цамц, фудволк байсан ч гэсэн үнэ нь дийлдэхгүй. Ийм байхад манайхан Орос руу гарч хямдавтар, тэгээд чанар боломжийн бараа авч ирэхгүй гээд яах вэ дээ. Ядаж байхад визгүй болохоор хувь хүн ч хойшоо гараад, цагаан сарын бэлгэнд өгөх цамц, алчуур, гоо сайхны бараагаа аваад ирж болно шүү дээ. Ингээд л манай үндэсний үйлдвэрлэгчид ард нь үлдчихээд байгаа юм. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна. 5-10 мянган төгрөгт багтахаар аятайхан цамц, бээлий, алчуур, ороолтхон байдаг бол аваад, цагаан сараар хүнд өгчихье гэсэн бодолтой өч төчнөөн хүн байгаа.
Гэтэл манайхны барааны үнэ нь дийлдэхгүй байна. Тийм болохоор ихэнх нь цагаан сараар мөнгө өгч байгаа юм. Эсвэл Оросоос авч ирсэн цамц, алчуур, ороолт өгч байна. Монголын бэлэгний бараа гэвэл оймс л байна даа. Ядаж байхад оймсных нь үнэ ч гэсэн тийм бага биш шүү, бас. Үндэсний үйлдвэрлэгчид ийм л төрхтэй байгаа. Дараа жилээс цагаан сарын өмнө хүнд бэлгэнд өгчихөөр чанар нь гайгүй мөртлөө үнэ хямдавтар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Орос руу урсч байгаа их мөнгөний урсгалыг бага ч болов хаах биз дээ.
Монголчууд баярлаж сурчээ
Бэлэг сэлтний хувьд нэг иймэрхүү байлаа. Тийм болохоор үндэсний үйлдвэрлэгчид нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байх. Харин энэ жилийн цагаан сараар манайхан ёстой нэг ухамсартай, ухаантай баярлалаа. Цагаан сарын өдрүүдэд ухаанаа алдатлаа согтоод, эхнэр хүүхдээрээ үүрүүлж дүүрүүлэх нь холгүй явдаг нөхдүүд хэдхэн жилийн өмнө өч төчнөөнөөрөө таардаг байлаа. Харин энэ жил ганц ч харагдсангүй. Хүн бүр л тэгж ярьж байна. Мэдээж сар шинийн баяр болж, айл их хэссэн хүмүүс ганц хоёр хундага ёсыг бодож таталгүй л яах вэ. Харин ухаанаа уламжлалтайгаа уучихаад, торгон дээлээ тоостой хутгаж яваа хүн харагдсангүй. Ухамсартай л баярладаг болж.
Нөгөө талаас хүн болгон машинтай болсон болохоор тасарчихаад таваргаж яваа хүн ч таарахгүй байх нь аргагүй. Дээрээс нь сар шинийн өдрүүдэд согтуу жолооч бараг байгаагүй талаар Замын цагдаагийн газраас мэдээлсэн байна билээ. Тодорхой хэлбэл, өнөө жил шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага ирсэн байна.
Түүний 686 нь зам тээврийн ослын дуудлага байсан бөгөөд 24 хүн бэртсэн байгаа юм. Ганц харамсмаар нь гэмтсэн хүмүүсийн 10 нь хүүхэд байсан. Гэхдээ сайн мэдээ нь гэвэл энэ тоо өнгөрсөн жилийнхнийг бодвол эрс буурсанд байгаа юм. Баяр ёслол болгоноор жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчил нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдаг. Тэгээд түүнийгээ баяртай холбон тайлбарлаж, өөрсдийгөө зөвтгөх гэж оролдохыг яана. Тэгвэл энэ жил шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нийтдээ 68 согтуу жолоочийг журамласан мэдээ байна. Энэ ч бас өнгөрсөн жилүүдийнхээс буурсан үзүүлэлт.
Ер нь өнгөрсөн жилүүдэд өдөрт л 100 хол давсан согтуу жолооч баригддаг байсан. Гэтэл өнөө жил гурван өдөрт 70 орчим гэдэг бол монголчуудын ухамсар дээшилж, баярлаж сурч байгаагийн илрэл. Яах вэ, хууль чангараад, торгууль мөнгө нь нэмэгдээд, замын цагдаа нар маш сайн ажиллаж байгаатай холбоотой согтуу жолоочийн тоо буурсан байх. Гэхдээ л иргэдийн ухамсар дээшилж, монголчууд бид баярлаж, хууль журмаа мөрдөж чаддаг гэдгийг харууллаа.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
иргэн · 2016/02/16
За яамаадай Монголчууд минь