Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

 

-ЦЕГ, Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийхдээ “Хөнгөн зэргийн согтолт илэрсэн” гэж мэдээлсэн. Энэ мэдээ тайлбарыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Цагдаагийн байгуул лагаас мэдээлэхийн өмнөх өдөр би Д.Дорлигжав сайд тай уулзсан. Сайдтай уулзаад гарч явтал хэргийг шалгаж байгаа багийнхан намайг ирж уулз гэсэн юм. Би тухайн оройн 20.00 цагийн үед хэргийг хянаж ажиллаж байгаа хоёр даргатай очиж уулзахад “Бид маргааш хэргийн талаар мэдээлэл хийх гэж байна. Та цочирдов. Биеэ бариарай” гэх ухааны юм хэлсэн. Ингээд хэргийг илрүүлэхийн төлөө хуулийнхантай хамт зүтгэж байгаа хүний хувьд маргааш нь “Би очих уу” гэж хуулийн багийнхнаас асуухад “Та ирээд хэрэггүй. Ёстой ирж болохгүй” гэхээр нь би хөдөө яваад өгсөн. Гэтэл тэд “Согтолт илэрсэн” зэрэг сонин юм ярьсан байна лээ. Тэднийг ийм юм ярихыг мэдсэн бол би очоод хуулийнхан өнгө арьсаа хамгаалах, сайддаа энэ хэргийн талаар ажиллаж байна гэдгийг харуулахын тулд ийм худал мэдээлэл хийж байгааг хэлэх байсан.

 

-Согтолт илэрсэн гэх шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өмнө нь танд танилцуулсан уу?

-Аль эрт Хөвсгөл аймагт байхад “Хөнгөн зэргийн согтолттой” гэж танилцуулсан. Тэр дүгнэлтэд би гарын үсэг зуралгүй цагдаагийн байгууллагад долоон шаардлага бичиж өгсөн. Шалгалтын ажиллагааг дахин эхлүүлэхийг хүсч, наад хүн чинь огт архи уудаггүй. Хэрвээ уусан бол хэн нэгний дарамт шахалт дор хүч хэрэглэж уулгасан. Тэр хүнийг олох хэрэгтэй гэж бичсэн. Архи уух нь битгий хэл амандаа ч хүргэдэггүй хүн. Тэр утгаар нь би зохион байгуулалттай байна гэж бодсон. Эсвэл аллагын ажиллагаа анхнаасаа энэ хүнийг мансууруулах буюу ямар нэгэн аргаар гаднын нөлөө үзүүлж биеэ эсэргүүцэх чадваргүй болгоод ус руу шидсэн. Тэгсэн байх хандлага, баримт надад бий. Нөгөө талаасаа энэ хүнээс согтолт илэрсэн бол цагдаа үргэлжлүүлэн ажлаа хийж, архи уулгасан хүнийг олох хэрэгтэй.

 

-Гэтэл цагдаагийн байгууллагаас талийгаачийг “Архи ууж согтуурсан үедээ ус руу орж амь насаа алдсан” гэх утгатай мэдээлэл хийсэн нь хэргийн мөрдөн шалгалтыг дуусгавар болгож буй мэт харагдуулж байна гэх хүмүүс ч байна л даа?

-Тийм өнгө аястай юм хэлсэн. Нийгэмд ийм мэдээлэл цацчихъя гэсэн санаагаар мэдээлэл хийсэн шиг санагдсан. Гэтэл энэ хэрэг бодит байдалд шал өөр зүйл. Уул уурхайн хятад компанийнхантай хол боотой. Талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэж байсан Тост, Тосонбумбын нуруунд зургаан хятад эзэнтэй компани бий. Манай хүн ууланд ажиллаж байхдаа хятад хүмүүстэй маргалдаж байсан талаараа тэмдэглэлдээ бичсэн байдаг. Надад түүнийг гэрчлэх баримт бий. Амьд байхад нь илүү их хангалттай баримт цуглуулж байсан бол байдал арай өөр байх байлаа. Өөрөөр хэлбэл, хэргийг илрүүлэхэд хугацаа алдахгүй байсан. Ер нь энэ хүн амьд байхдаа бидэнтэй уулзаад ярьж байсан асуудлуудыг эргэж бодохоор гарцаагүй хятад компанийн мөнгөөр монгол хүнээр, захиалгаар үйлдүүлсэн хэрэг. Хятадын компаниудтай холбоотой монгол компанийн гар хөл болсон хөлсний алуурчид энэ хэргийг үйлдсэн. Хэргийн гаргалгаа нь энэ. Яаж зохион байгуулсан нь ч их учиртай. Цэрэг, тагнуул, цагдаагийн хүмүүсийн тодорхой заавар удирдлага дор үйлдсэн хэрэг байхыг үгүйсгэхгүй гэж боддог. Яагаад гэхээр хаа байсан Хөвсгөлд аваачсан нь хэргийг төөрөгдүүлэх сонирхол асар их байгаагийн илрэл. Талийгаачийн унаж явсан машин Хөвсгөл орох төв замаар яваагүй нь хүртэл ингэж хардахад хүргэж байгаа. Одоо би цагдаагийн алба хаагчдыг л харж байна. Би бол өөртөө хангалттай баримт цуглуулчихаад байна. Шалгалтын багийнханд өөрийн санаагаа ч хэлсэн.

 

-Автомашинтайгаа ганцаараа явсан гэж байгаа ч замын камерт машины арын хаалгаар бууж суусан дүрс бичигдсэн талаар эх сурвалжууд онцолж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Их сонин юм яриад байгаа юм л даа. Энэ хүн үхэхийн тулд замын камераас зугтаж явсан болж таарч байна уу. Камерт оруулахгүй, өөр замаар явуулж байна гэдэг чинь хөндлөнгийн хүний удирдлага байна гэсэн үг. Гэтэл хуулийн байгууллагынхан ийм хариуцлагагүй мэдээлэл хийсэнд харамсч байна. Хоёрдугаарт хамгийн ноцтой нь мөрдөн шалгаж байгаа хүмүүс эхлээд уул уурхайн компанийнхантай уулзаад чиглэл авчихав уу гэж хардаж байгаа. Хуулийнхан хамгийн түрүүнд “Энэ хэрэгт уул уурхайн нэг ч компанийн зөрчил байхгүй. Тухайн ууланд ирвэс болон хүүгээс өөр хэн ч байхгүй, 60 км дотор бид самналт хийлээ” гэж мэдээлсэн. Гэтэл дараа нь хэвлэлийнхэн, УИХ­ын эмэгтэй гишүүдийн хамт тухайн газарт очиход тэр чигээрээ уул уурхайн зөрчилтэй газар байсан шүү дээ. Надад тэр баримтууд ч бий. Бүгд л харсан шүү дээ. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа тэр их зөрчлийг огт олж харахгүй байгаа нь хүн амины хэргийг илрүүлнэ гэхэд итгэл алдруулж байна. Бид хуулийнханд итгээд байтал сүүлдээ хэний захиалгаар хөдлөөд, хэргийг хааш нь эргүүлэх сонирхолтой байна вэ гэж эргэлзэхэд хүргэж байна даа.

 

-Хэргийн газарт ар гэрийнхэн нь хамгийн түрүүнд очсон. Тэгэхэд машинд нь архи байсан уу. Цагдаагаас тал шил архи байсан гэсэн шүү дээ?

-Манайхан унаж явсан машиныг нь эхэлж олсон. Чухам тэр архийг тухайн хүн уусан уу. Эсвэл уусан мэт харагдуулахын тулд талыг нь үлдээсэн үү тэрийг цагдаагийн байгууллага л олж тогтоох ёстой.

 

-Талийгаач өмнө нь гурван ч удаа гаднын халдлагад өртөж байсан. Ер нь өөрийнх нь амь насанд аюул учрах вий гэж айж эмээж байгаа талаараа гэрийнхэндээ дуулгаж байв уу?

-Би дахиж тэр ууланд ажиллахгүй энэ тэр гэж тэвдэж сандраад байсан зүйлгүй. Ар гэрийнхний хувьд ер нь осолтой байдалд хүрч болзошгүй байна гэдгийг ярьж байсан. Өнгөрсөн зун бие нь базаахгүй байсан учраас бид ажилд нь явуулаагүй. Өөрөө ч гадагшаа сургуульд явах сонирхолтой байсан нь бүтэхээр болоод байсан. Тэгээд гадагшаа явахаас өмнө ажиллаж байя гээд өнгөрсөн оны аравдугаар сард хот руу орж ирээд сарын дараа амь насаа алдсан. Өмнө нь халдлагад өртөх үедээ нэлээд шоконд орсон байдалтай, айдастай байдаг байсан.

 

-Өмгөөлөгч Ц.Баасандорж хэргийг өмгөөлөхөөс татгалзсан. Дахиж өмгөөлөгч авсан уу?

-Шинээр өмгөөлөгч авахаар болсон. Ц.Баасандорж өмгөөлөгчийн хувьд сайн дураараа сэтгэл гаргаж, тусалж дэмжье гэж өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан. Өөрийн зар­дал мөнгөөр хэргийн газарт ирж өмгөөллийн мөнгө авахгүйгээр ажиллаж бид нэлээдгүй үр дүнд хүрээд байсан. Хэрэг болсноос хойш сарын дараа бид өмгөөлөгчтэй болсон юм. Хуулийн байгууллагынхан биднээс мэдүүлэг байцаалт аваад байхад нь хэргийг үйлдсэн этгээдийг хайгаад байна гэж бодож байтал сүүлдээ амиа хорлосон болгоод, шалтгаан нь юу байв гэж шалгаж байсан байгаа юм. Манай ах дүү нараас асуухдаа өмнө нь өвчин зовлонтой байсан уу гэж асуугаад байхад нь гайхаж байсан. Гэтэл одоо бодоход сэтгэл мэдрэл нь муудаад амиа хорлоход хүрсэн гэсэн баримт, мэдээ цуглуулаад явсныг бид мэдсэнгүй.

 

-Гар утсанд нь үлдсэн бичлэг нэг хүний дуу хоолой байсан гэлээ. Энэ ямар учиртай юм бол?

-Цагдаа хэргийн газарт үзлэг дутуу хийсэн. Анх­ наасаа хуулийнхан ус руу өөрөө орсон гэж дүгнээд үзлэг шалгалтыг тэгсхийгээд зогсоочихсон. Цагдаагийнхан хэргийн газарт шалгалт хийхгүй байна гэдгийг бүх хүн харсан. Машинд байсан гар утсанд ийм бичлэг байна гэдгийг бид цагдаа нарт олж өгсөн юм шүү дээ. Бичлэгт ганц л сэжигтэй хүн дуугарч байгаа. Бусад нь бүгд талийгаачийн дуу мөн. Зурагтаар цацсан бичлэгийн дуу маш тод байсан. Яг эх бичлэг нь бол бараг дуулдахгүй шахам шивнэж, айсан өнгө аястай дуугарч байхад “Дуугүй бай” гэсэн халхдуу хүний дуу орж ирдэг. Манай хүү жаахан бөөрөнхий хэллэгтэй. Бас нэг зүйл нь хуулийнхан хэргийн мөрдлөгийн ул мөрөө алдчихсан. Хэрэг гарснаас хойш хоёр удаа цас орсны дараа шалгалтын ажлыг эхлүүлсэн. Тэгэхээр завиар далай руу очиж хүний амь хөнөөсөн ул мөрийг илрүүлэх боломжгүй. Мөн цагдаа нар есдүгээр сараас хойш далайд завь гараагүй байна гэсэн дээ. Гэтэл арванхоёрдугаар сарын 6-нд далайд завь явж байсныг олон хүн харсан. Тэгэхээр цагдаа нар юу шалгаад байна гэдэг нь учир битүүлэг байна. Би цагдаа нарт хэргийн сэжүүр олохгүй бол надтай уулзаад хэрэггүй гэж хэлсэн.

 

Б.Цэцэгдэлгэр