“Дэлтэй цэнхэр” МСУХ Хөвсгөлийн Засаг даргын шийдвэрийг уландаа гишгэж, наадав

 

Аймгийн Засаг дарга нарын захирамжийг үл тоомсорлож, “том толгой” гарган хурдан морь, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насаар дэнжин тавин наадсаар байна.

 

Энэ жил цаг агаарын байдал таагүй нэлээд олон аймаг сумд зудын байдалтай байгаа хэмээн холбогдох яам агентлагаас мэдээлж, малчдад туслах аян ч хөдөө зорисоор байгаа билээ.

 

Тиймээс ч өвөлжилт хүндхэн, хүндэрч болзошгүй байгаа аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд 2016 оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон захирамж гаргасан билээ.

 

Учир нь 2016 он гарсаар хүйтний эрч олон жилийн дундажтай харьцуулахад эрс хүйтрэлттэй, цас ихтэй байгаа нь хүүхэд осгох, гар, хацар, хөл нь хайрагдах, хөлдөх зэрэг эрсдэл нэмэгдэх нөхцөл үүсч байгааг харгалзан уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор урин дулаан ортол хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон юм.

 

Гэтэл Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын нээлтийн уралдаан энэ сарын 15-ны өдөр болсон байх юм. Тус наадамд Рашаант сумын уяач Х.Алтангэрэлийн саарал түрүүлж Мөрөн сумын харьяат, улсын алдарт уяач Т.Болдбаатарын хээр үзүүрэлсэн гэнэ.

 

Хөвсгөлд хоёрын жилийн дотор хоёр унаач хүүхэд энджээ

 

Хөвсгөл аймагт уралдаанч хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байгааг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлсэн. Тус аймгийн хэмжээнд 2013- 2015 онуудад 112 морины уралдаан явагдаж 7-18 насны 1300 гаруй уралдаанч хүүхэд оролцсон ба уралдаануудын 18 нь хуулийн хугацааг зөрчин явагдсан байна.

 

Уралдаануудын үеэр 59 хүүхэд мориноос унаж, 17 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авсан, 21 хүүхэд эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамрагдаж, даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авсан байна. Уралдаанд зөвшөөрөгдсөнөөс бусад насны буюу 6 настай 2 хүүхэд оролцсон, уралдааны явцад хүнд гэмтэл авч 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөх явдал тасрахгүй байгааг харуулж байгаа гэдгийг ч тус газраас мэдээлж, Засаг даргын захирамжийг дэмжсэн байх аж.

 

Ийн атал “Дэлтэй цэнхэр” МСУХ-оос Засаг даргын захирамжийг уландаа гишгэж наадав. Тус наадмын үеэр унаач хүүхдүүд гэмтэж бэртсэн гэх мэдээлэл одоогоор байхгүй ч Засаг даргынхаа захирамжийг үл тоомсорлож буй эрхмүүдэд холбогдох албаны хүмүүс хариуцлага тооцож, хууль журам биеүүлүүлдэг болгох цаг болсныг сануулав.

 

Хэрэгждэггүй захирамж унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахгүй

 

Төв аймгийн Засаг дарга 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр гаргасан тоот захирамждаа хаврын морин уралдааныг хоригложээ. Гэтэл мөн л “том толгой”-той эрхмүүд өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Улаан цохио хэмээх газар дээд гурван насны хурдан морины уралдааныг зохион байгуулж амжжээ.

 

Тус наадамд Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн уяачид оролцон хурдан морьдоо сойсон байна. Уралдааны азарганы түрүүг Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын хонгор авсан бол Их насанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хонгор халзан, Соёолон насанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач И.Туваандоржийн зээрд манлайлсан гэх мэдээлэл байгаа юм.

 

Энэ мэтээр аймгийн Засаг дарга нар хэрэгжихгүй захирамж гаргаж, хурдан морины хөлс, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөр “наадагсад” хүссэн наадмаа, дуртай цагтаа зохион байгуулдаг буруу жишгийг арилгаж, төрийн төмөр нударгыг харуулаасай гэж хүсэх хүн олон байгаа юм. Түүнчлэн аймгийн Засаг дарга нар гаргасан захирамжиндаа эзэн болж, хэрэгжилтийг хянадаг болох нь зүйтэй юм. Түүнээс сүржин нэртэй хориглосон захирамж, шийдвэрүүд цаасан дээр үлдэхээс бус унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалагдахгүй гэдгийг ч дахин өгүүлье.

 

24tsag.mn Б.Энхжин