Гэмтэл согог судлалын үндэсний төвд Баянхонгор аймгаас халуун тогоонд түлэгдэж гэмтсэн бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгээ даалгүй нас барсан хэрэг саяхан гарсан. Мөн хоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух гурван настай Н мөн халуун тогоонд хийж байсан хоолонд түлэгдэж, баруун хөлөө гэмтээжээ.

Энэ мэт бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх тохиолдож, амь насаараа хохирч байгаа нь тун харамсалтай. Зөвхөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт өдөрт 10-15 хүүхэд яг ийм шалтгаанаар осолдон очиж байна. Тэнд хэвтэн эмчлүүлж байгаа зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэргийг татсан, дээр нь унаснаас болж түлэгдсэн байх ба дийлэнх буюу 80 орчим хувийг нь халуун тогоо эзэлж байгаа гэсэн харамсалтай тоо судалгаагаар гарчээ.

Айл болгонд шахуу байдаг Хятадаас орж ирсэн цахилгаанаар ажилладаг халуун тогоо гээч зүйл бяцхан жаалуудад ямар аюул тарьж байгааг та бэлхэнээ мэдэх ч үүнээс сэрэмжилж чадахгүй байгаа нь харамсалтай.

Гол төлөв өрхийн амьжиргаа доогуур түвшний иргэдийн хүүхдүүд өртөх хандлагатай байдаг ажээ. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэсэн халуун тогооны залгуур богино гэсэн шалтгаанаар газарт тавьж хоол, цай буцалгаж байх үед бага насны хүүхэд дээрээс унах, өөр лүүгээ татсан гэх шалтгаанаар гэмтэж, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд буурахгүй байна.

Монголчууд дээр үеэс галд хүүхдээ оруулахгүй тулд орноос уядаг байсан. Одоо ч гэсэн бага насны хүүхэдтэй гэр хорооллын айл өрхүүд уг уламжлалт аргыг хэрэглэх хэрэгтэй. Уг явдал нь хүүхдийн эрх зөрчигдөөд байх асуудалгүй бөгөөд халуун усанд түлж шалзалсанаас дээр ажээ. Уг мэдээлэл гарснаас хойш сошиол хэрэгслээр хятадын халуун тогоог хилээр оруулахгүй байж болдоггүй юм уу гэсэн иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв. Хэдийгээр худалдан авах сонголт тухайн иргэнд байгаа учраас хил гаалиар уг тогоог оруулахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй байх. Гэхдээ хүүхдүүдийг харгислан зовоож байгаа уг халуун тогоог хэрэглэхгүй байх, хэрэглээ ч хүүхдүүд очоод татчихааргүй орон зайг нь олоод хэрэглэж болно шүү дээ.

Судалгаагаар сүүлийн таван жилийн дунджаар хүүхдийн осол, гэмтлийн тохиолдлын 11.8 хувийг түлэгдэлт эзэлжээ. ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн 80 орны 50 хувьд зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Тэд халуун тогоо, ус буцалгагч, халуун савнаас болж түлэгдсэн байх ба 80 орчим хувийг нь халуун тогооны осол эзэлдэг. Хурдан буцалдаг, амархан халдаг онцлогтой тул халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь 40-өөс дээш хувийн түлэгдэлт авдаг.

Ийнхүү бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж гэмтэн, амь насаараа хохирч байгаа явдал нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг албаныхан хэлж байна. Хүүхэд түлэгдэж, амь насаараа хохирсон тохиолдолд эцэг, эхэд хариуцлага тооцох хуулийн заалт байдаг ч хуулийн хүрээнд дээрх хариуцлагыг хүлээлгэх хүндрэлтэй байдаг байна. Мэдээж хүүхдийг санаатайгаар гэмтэж, хохироосон тохиолдолд хуулийн хариуцлага тооцдог ажээ.

 

Т.Буянаа