Одоогоос 25 жилийн өмнө ардчилал ялж, бид хөгжлийнхөө зөв шударга зам дээр гарч ирлээ хэмээн эх орон даяар том ярьж байсан “хараацай”-нуудыг бид тод санаж байна. Түүнээс хойш хөгжлийн замаар явж байгаа нь мэдрэгдэж буй ч хөлөө олж нэг л чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл хэн чаддаг нь ямарч арга замаар хамаагүй амжилт гаргаад, баяжиж, оршин тогтно, гэдэг хэрцгий тогтолцоогоор явсаар Монголчуудын амьдрал асар том хоёр давхаргад хуваагдчихлаа. Өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийхээ 86 хувийг урд хөршөөс, бензин, нефт зэрэг стратегийн бүтээгдхүүнийхээ 96 хувийг хойд хөршөөс, хараат байлаар авч байна. Мөн эдийн засгийн байдал доллараас 100 хувь хараат. Дээрх байдлаас болж хямарсан эдийн засгийн хямралд огтхон ч өртөхгүй өртөх шаардлагагүй болтлоо баяжсан хэсэг бүлэг байхад ажилтай нь ажилгүй, ажиллаж байгаа нь цалингүй, цалингийн авдаг хэд нь хоол хүнсэндээ ч хүрэлцэхгүй шахуу байдалд хүрсэн бөгөөд хотын захын гэр хорооллоор амьдрагсад хоолгүй хоносоор байгаа. Улс эх орноо авч явах өндөр үүрэгтэй эрхэм улстөрчдийн явцуу бодлогын гайгаар ийм болсон гэсэн үг.

Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийг өгжүүлж чадсангүй. Экспортынх нь бараг 90 хувь нь түүхий эд, эсрэгээрээ импортынх нь 90 гаруй хувь эцсийн бүтээгдэхүүн болж, бусад орны эдийн засгийн хавсарга буюу өөрийгөө шавхаж бусдыг тэжээдэг маш эмзэг колонийн шахуу эдийн засгийн тогтолцоогоор явж байгаа.

Цаашид ямар замаар хэрхэн эдийн засгийн хөгжлийн голдрилд орох тухай хөтөлбөр зорилт байгаа эсэх нь ч мэдэгддэггүй, аль нэг ялсан Улс төрийн нам нь 4-н жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлээд хоног өдөр өнгөрөөж байгаад дараагийн сонгуультай тулж, Пи-Арын ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг дампуурлын системтэй.

Одоогийн бадлаар сонгууль хаяанд ирсэн учир улстөрчид сурталчилгааныхаа ажилд хамаг анхаарлаа хандуулаад, эдийн засаг, эх орны ажлыг тоох шинжгүй болж байна. Харин ард түмэн өдрийн хоолоо хэрхэн яаж олох вэ гэдгээс өөрийг бараг бодохгүй болсон цаг. Хоол унд түлээ түлш, хувцас зэрэгхэнээс бусдыг бодож чадахааргүй болтлоо туйлдаж, ядарсан байдалтай байна. Харин элит хэсэг гэгддэг тив дэлхийг дамнан өвөлжиж, утаагүй цэвэр агаарт тансаг байдлаар тухалж, дэлхийн брендүүдийг өмсөж, эдэлж, хэрэглээгээрээ өрсөлддөг анги давахаргынхан л жаргалтай хэвээр. Эдний ихэнх нь улс төрд хамааралтай хүмүүс бий.

Тэгэхээр элитүүд улстөрд орчихоод энгийн ядуусын амьдралыг төсөөлөхгүй байж бас болох юм. Тийм болохоор дээдэс нь доодсоо хүн гэж үзэхгүй, доодос нь дээдсээ үнэлдэггүй нийгэм үүсжээ. Ийм зутруухан гунигтай байдалтай нүүр тулж байтал ээлжит сонгууль болно. Ядуугийн зовлонд нэрвэгдсэн ард түмнийг тэд яаж хуураад санал авахаа мэддэг тул хоол хүнс гурил будаа тав арван төгрөг өгөөд болоо. Ингээд дөрвөн жилийн настай амлалтаа дутуу дульмаг хэрэгжүүлээд, төрд орсон хэргээ бүтээж аваад, алга болно. Ийм тогтолцооны гогцоонд орсон эх орны асуудал ирээдүйд хэрхэх вэ гэдэг нь л хамгийн айдастай асуудал болоод байна.

Н.Чимэг