Өвлийн морин уралдааныг эсэргүүцэж байна
2016/02/24
НИТХ-ын тэргүүлэгч Д.Авирмэд, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл нар өвлийн морин уралдааныг эсэргүцэж буйгаа хэллээ. Монголчуудын соёлын нэг бол морин уралдаан мөн. Гэхдээ сүүлийн үед морин уралдаан нь мөнгө олох арилжааны шинжтэй болоод байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Бид морин уралдааныг эсэргүүцэж байгаа хэрэг биш өвлийн улиралд болж байгаа Дүнжингарав мөн аймгуудын өвлийн уралдааныг эсэргүүцэж байгаагаа хэлмээр байна. Яагаад гэвэл Монголын цаг агаар өвлийн улиралд ямар хүйтэн билээ хэн бүхэн мэдэж байгаа. Энэ улиралд насанд хүрээгүй бага насны хүүхдүүд олон цаг адгуусан дээр давхиж хүйтэн салхи сөрөн бие махбодын хохиролд орж байна. Ингэхдээ зориулалтын хамгаалалтын хувцас байхгүйгээс болоод хүүхдүүд маш их бэртэж гэмтэж байна. Энэ талаар хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний байгууллага холбогдох арга хэмжээг авах ёстой. Гэвч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Бид энэ өвлийн морин уралдааныг эсэргүүцэж холбох газруудад мөн Засгийн газарт өргөх бичиг тавьж байгаа. Саяхан болсон засгийн газрын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөөд байсан “Дүнжингарав” уралдаан, мөн гуравдугаар сарын 2-нд Өмнөговь, Өвөрхангайд болох байсан өвлийн морин уралдааныг цуцлах шийдвэр гаргасан. Бас зарим аймгуудын өвлийн уралдаан цуцлагдсан билээ. Энэ бол бидний хийж байгаа ажлын нэгэн амжилт юм. Хуулиндаа бол долдугаар сарын баяр наадмийн уралдааныг зрхицуулчихсан байдаг. Харин бусад үед уралдуулж байгаа морин уралдаануудыг албан ёсоор зохицуулж байгаа зүйл байхгүй байна.
Сүүлийн үеийн тоон мэдээллээр 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алджээ. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авч хөгжлийн бэрхшээлтэй болсон.
Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл “Үнэхээр шаардлагатай өвлийн улиралд морин уралдааныг уралдуулахыг хүсээд байгаа бол насанд хүрэгчид нь өөрсдөө уралдаад тамирчид бий болго л доо. Бидэнд гарц байгаа ш дээ. Эсвэл зориулалтын хувцас хэрэглэл бий болго, насанд хүрээгүй тэр жаахан хүүхдүүд энэ хүйтэнд бие махбодиороо хохирч байна. Гадаад улс оронд манайх шиг насанд хүрээгүй хүүхдүүдийг уралдуулдаг улс одоогоор байхгүй. Дандаа мэргэжлийн тамирчдыг зориулалтын хэрэгсэлтэй уралдуулж байгаа” хэмээн хэлсэн.
Мэргэжлийн морин уяачдын газар морин тойруулга хийнэ гээд том газар худалдаад авчихсан байгаа. Энэ авсан газараа ашиглаад албан ёсны морин уралдаан явуулдаг мөн зориулалтын хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болчихвол бид нар ингэж эсэргүүцэхгүй. Энэ өв улалмжлалаа спорт болговол хэн бүхэн л баярлах байх.
О.Номин