Таксинд суугаад жолооч оо “Хонхны гудамж” руу гэвэл өөдөөс гайхан харж яг хаана билээ хэмээн лавлаж асуухгүйгээр хүргээд өгөх жолооч цөөхөн байх. Тэгвэл хүрэх газраа Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвар гэвэл 10 жолоочийн долоо нь шуудхан хүргэж өгөх байх. Барилгын техникумын зүүн хойт талын замын уулзвараас хойш Гандан тэгчилэн хийд хүртэл явах замыг Гандан орий гэж нэрлэдгээс биш Өндөр гэгээн Занабазарын гудамж гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Нийслэлийн зүгээс аялал жуучлалыг хөгжүүлэхээр болж жилд таван сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байгаа. Гэтэл жуулчдад зориулсан хөтөч номон дээр гудамжны нэр бичсэн байдаг. Үнэндээ жуулчид нөгөө гудамжны нэрийг нь хаана байгаа бол хэмээн хараагаа энд тэндгүй бэлчээх болдог. За манай улсын иргэдээс Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж хаана байдгийг асуухад бид үнэндээ өөрсдөө ч мэдэхгүй толгой сэгсрээд өнгөрдөг байх.

Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж хаана байдгийг асуухад бид үнэндээ өөрсдөө ч мэдэхгүй толгой сэгсрээд өнгөрдөг

Хэдийн хүртэл бид гудамжаар биш барилгаар ертөнцийн зүгээр байршлаа тогтоож явах юм бэ? Хэдийгээр өөрсдөө иймэрхүү маягаар яваад байж болох ч эх орондоо аялал жуучлалын салбарын хөгжүүлмээр байгаа бол наад захын байшин барилга гудамжны хаяг байршил, нэр усыг тодорхой болгох хэрэгтэй. Үнэндээ гадаадын хүн бий хэл өөрсдөө ч будилахаар байна. Үнэндээ нийслэл хотын маань нэрлэсэн гудамж талбайн нэршил тухайн газрынхаа үйл ажиллагаатай холбоотой байх хэрэгтэй юм шиг. Гэтэл Энхтайвны өргөн чөлөөнөөс Чингис зочид буудлын зүүн талаар дээш Их тойруу хүртэл Токиогийн гудамж гэж нэрлэдэг ч уг гудамжинд Токиотой холбогдолтой юу ч байдаггүй шүү дээ.

Энэ жилээс нийслэлээс хотын томоохон гудамж талбайд гудамжны нэр бичсэн гэрлэн самбаруудыг байршуулаад эхэлжээ.

Улаанбаатарт хүний нэрээр нэрлэгдсэн гудамж нийт гудамжийн бараг 1/3 хувийг эзэлдэг. Д.Чойдогийн гудамж, Ю.Цэдэнбалын талбай, Г.Бумбацэндийн гудамж, Н.Содномын гудамжийг чээжилж тогтоох нь юу л бол. Гэвч гудамжийг нэгэнд ингээд нэрлэчихсэн болохоор өөрчлөх ямар ч боломжгүй. Өөрчиллөө гэхэд тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа оршин суугаа айл өрхийн хаяг, байршилд өөрчлөлт орно гэсэн үг. Харин сүүлийн үед нэрлэгдэх болсон гудамжуудын хувьд тухайн нэрлэсэн зүйлтэйгээ холбоотой болж байгаа явдал юм. Жишээлбэл, 2005 оны НИТХ-ын тогтоолоор Чингисийн өргөн чөлөөнөөс зүүн тийш төв цэнгэлдэх хүрээлэнгийн араар Их Монгол Улсын гудамж хүртэлх замыг Махатма Гандигийн гудамж хэмээн нэрийдсэн байгаа юм. Үнэндээ энэ гудамжинд түүний хөшөө байгаа нь гудамжны нэртэйгээ сохицож байгаа аж.

Улаанбаатарт хүний нэрээр нэрлэгдсэн гудамж нийт гудамжийн бараг 1/3 хувийг эзэлдэг.

Энэ жилээс нийслэлээс хотын томоохон гудамж талбайд гудамжны нэр бичсэн гэрлэн самбаруудыг байршуулаад эхэлжээ. Зөвхөн гудамжны нэр бичээд зогсохгүй доод талын мэдээллийн самбарт танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл тавьсан нь хүний анхаарал татахуйц болсон байв. Энэ мэтээр гудамж талбайгаа олон нийтэд таниулах ажлыг хийгээсэй хэмээн хүсэж байна. Мөн уншигч авхай таньд зориулж Улаанбаатар хотын гудамж талбайг нэрлэсэн байдлыг хамгийн сүүлийн шинэчилсэн байдлаарэндээс үзээрэй.

Т.Буянаа

 

Санал болгож байна...