Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьянгийн бичсэн " Сөрөг- Үнэнээр цангасан ард түмэндээ" номын хэсгээс цувралаар хүргэж байна. Уг номонд багтсан "Н.Энхбаяр" тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж буйг хүлээн авна уу?

Энхбаяр

Монголд, төрийн гурван өндөрлөгийн хүндтэй сэнтийд заларсан ганцхан хүн байдаг, тэр нь Намбарын Энхбаяр. Намбарынх гэж өнөр өтгөн сайхан гэр бүлийг би их л дээрээс мэдэх, танил дотно явсан хүн. Энхбаярын аав Намбарыг миний үеийнхэн бараг л мэднэ дээ. “Рашааны Намбар”, “Оргилын Намбар” хэмээн олноо хүндлэгдсэн буурал хүн одоо хэрнээ амьд сэрүүн, бүтээл туурвилаа хийж суудаг гэсэн. Монголын рашаан судлалыг Намбаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид хоёрын хооронд ажил төрлийн нягт холбоо байлаа. Ямар нэг сурвалжлах хэрэг гарвал Намбар над руу утасдана. Амралт сувилалд явах болвол би Намбар луу ярина. Ийм байдлаар бидний нөхөрлөл олон жилийн улбаатай юмсан.

Энхбаярын ээж Бүдханд гэж тайван дөлгөөн сайхан ээж бий. Залуу цагтаа бид, залуучуудын байгууллагын ажилтнууд байсан учир, уулзалт үдэшлэг, хурал цуглаан гээд байнга л тааралдана даа. Инээж хөхрөн уулзалддаг залуус байж.

Энэ хоёрын маань хүү, Монгол төрийг тэргүүлэх хувьтай нэгэн байсансанж. Намбарын Энхбаярын тухай нэлээн дээрээс сургаар таньдаг болсон. Яагаад гэвэл тэрээр амьдралын гараагаа бидний л нэгэн адил үзэг цаас угсарч, үг холбож, хэл солбож эхлэсэн нэгэн. Монголын зохиолчдын эвлэл, орчуулгын бүхэл бүтэн салбартай, тэдний нэрсэн дунд Намбарын Энхбаяр гэсэн нэр зүй ёсоор явах болсон.

-1990 ээд оны үед Монголын зохиолчдын эвлэл хоёр хэсэг хуваагдахад Н.Энхбаяр маань “Монголын чөлөөт зохиолчдын эвлэлд” нэгдсэн байсан. Би, “Монголын зохиолчдын эвлэл”-ийн гишүүн байсан учраас бид хоёр төдийлөн тааралдаж, уулзалддаггүй байж. Ямар ч байсан Монголын зохиолчдын байгууллагаас Соёлын сайд төрсөн нь Намбарын Энхбаяр. Тэгээд л “тохом эгшээх” чөлөөгүй дээшээ явсан даа. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч. Арав гаруйхан жилийн дотор ийм их алдрын титэм өмссөн хүн ховорхон л байдаг юм билээ.

1996 оны Улсын Их Хурлын сонгуульд МАХН анх удаа ялагдал хүлээн бүх нийтээрээ шоконд орж, эрхэм дээдэс нь цагаан ордноо, тамга тэмдэгтэйгээ орхиод, нуруугаа үүрэн гадаад руу цувж байхад Намбарын Энхбаяр гэж залуу гарч ирсэн. Унаж байгаа намыг би босгоно. Дараагийн сонгуульд ялуулна гэхэд нь олон хүний хөх инээд хүрсэн байх. Дөрвөн жилийн дараа буюу 2000 оны Улсын Их Хурлын сонгуульд МАХН ялсан. Энд лидерийн үүрэг ролийг үгүйсгэх аргагүй. Н.Энхбаяр гэж хүн, хэн бэ гэдгээ энд л харуулсан. Ёстой л “Тамирын мөсийг долоох шахам” явж энэ ялалтыг авчирсныг түүх мартахгүй.

МАХН ялж, намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдын суудалд суулаа. Монгол даяараа Н.Энхбаярыг шүтэж байсан. Намаа ялагдуулчихаад, эргэж ч харалгүй зугтаагаад явчихаж байсан Ху намын удирдлагууд, түүнийг дэмжиж хөлжиж байсан баячууд ичгүүр сонжуургүйгээр нүүрээ улалзуулан буцаж ирж байсныг олон түмэн сайн санаж байгаа байх. Зүсэн зүйлийн арга башираар Н.Энхбаярын хажуу бөөрөнд наалдан, нам төрийн эрхэм дээд сэнтий бүхэнд шигдэцгээж билээ. Яг л 2012 оны ялагдлын дараа зүсээ хувирган зугтаагсад шиг, урваж шарвагчид шиг, зугтааж байсан хүйтэн сэтгэлтнүүд эргэж ирэн МАХН-ыг балласан л даа.

2000 оны үе бол Намбарын Энхбаяр гэж залуугийн ид галтай цогтой үе нь байсан. Ерөнхий сайдын суудалд суусны дараахан Соёлын төв өргөөнд нэгэн томоохон хурал болж билээ. Хүмүүс баяр хүргэж, бас чөлөөтэй асууж ярилцаж байсан. Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Ц.Дашдондов “Энэ нийгмийн бузар булайг үүгээр шүүрдээрэй” хэмээн хогийн шүүр бэлэглэж, би хадагтай очин баяр хүргэж байсансан. Энэ хуралд гадаадын сэтгүүлчид олноор оролцсон. Н.Энхбаяр маань оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулж байж билээ. Хүмүүс биширч байсан. Тэр үед өнөөдрийнх шиг захын чавганц орос, англиар чалчиж байгаагүй юм чинь! Өндөр мэдлэг мэргэжилтэй, төв түвшин Ерөнхий сайдтай боллоо, одоо л улс орон асар хурдацтай хөгжинө дөө. Бидэнд сайн сайхан амьдрал ирнэ гэж хүн бүхэн бодож байсан байх.

Н.Энхбаяр гэж хүний мандаж бадарч, унаж уруудаж явсан арван хэдэн жилийн ажил амьдралыг хэн хүнгүй мэднэ. Би ч ном сонинд олон удаа бичсэн учир энэ удаа нуршмааргүй байна. Сэтгүүлч хүн төр засгийн удирдлагуудын болж байгааг нь магтаад, болохгүй байгааг нь шүүмжлээд явах “одонд тохиосон амьтан” л даа. Би, Н.Энхбаяртай холбоотой зарим зүйлийг баримтаар шүүмжилдэг л байсан. Тэглээ гээд над хар буруу санасан, ажил амьдралаар хохироосон зүйл огт үгүй. Миний дотроо эмзэглэж явдаг гол зүйл бол Н.Энхбаярыг төр засгийн өндөр албан тушаалд байхад Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, Б.Дангаасүрэн... нарын арван хэдэн улстөрч, төр нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр нас барсан. Тэр бүхний үхлийг хууль хяналтын байгууллагаар нарийвчлан шалгаж ард түмэндээ мэдээлэлгүй хав дарчихсанд эмзэглэж явдаг байхгүй юу. Олон түмэн: “Энэ чинь улс төрийн аллага. Шалгаач. Ард түмэндээ үнэн зөвөөр нь мэдээлээч” гэх буюу гэр бүл, ойр дотных нь хүмүүс хууль хяналтын байгууллагын хаалга үүд бүрийг мөргөөд явж байхад төр, засгийн тэргүүн нь мэдсэн ч мэдээгүй юм шиг, уншсан ч уншаагүй юм шиг энэ олон жилийг өнгөрөөж байгаад нь ганц би биш, олон түмэн нийтээрээ бухимдаад, нууцхан шивнэлдээд байдаг л даа.

Н.Энхбаяр маань төр, засгийн тэргүүн байх үедээ нэг удаа орон даяар нээлттэй хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Би тэр үед парламентын сурвалжлагч байсан. Бидний 10 сэтгүүлчид Н.Энхбаяр даргаас асуух асуултыг бичгээр тарааж билээ. Миний асуух асуулт цаг үеийн байдалтай холбоотой жирийн л нэг асуулт байсан. Би, тийм асуулт асуумааргүй санагдсан. Тэгээд, олон түмний дунд битүүхэн шивнэлдээд байдаг асуултанд хариулт авъя гэж бодлоо. Асуух ээлжээ болохтой зэрэг: Сүүлийн үед Монголд болж байгаа улстөрийн аллага, учир битүүлэг үхлүүдийг ер илрүүлэхгүй юм. Тухайлбал, С.Зориг, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, М.Зэнээ, О.Дашбалбар... гээд л. Заримтай нь таныг холбож ярих явдал ч байдаг. Энэ талаар та хариулт өгнө үү? гэсэн.

Тэгтэл Н.Энхбаяр даргын царай минчийж улайгаад уурласан л даа. Жамьян гуай та ийм гүтгэлгийн зүйл битгий бодож яв. Та ч өөрөө хэлмэгдэж явсан гэдэг биз дээ хэмээн уурласан. Танхимд нэлээн эвгүй уур амьсгал бий болсон л доо. Тэгтэл шууд нэвтрүүлгийг хөтөлж байсан сэтгүүлч Ц.Мөнхтөр нэвтрүүлгийг түргэхэн хаана билээ. Ц.Мөнхтөр гэдэг маань өнөөдөр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албыг хариуцан ажиллаж байгаа сэтгүүлч шүү дээ. Мөнхтөр бид хоёр хөшигний ард очин нэлээн маргасан боловч, хүчитний дэргэд хүчингүй нь буруутай гэгч болоод л өнгөрсөн. Энэ явдлаас хойш Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд нэлээн таарамжгүй байдал ажиглагдах болсон л доо.

Н.Энхбаяр маань Ерөнхийлөгч болоод, хүүхдийн зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалыг хэвлэл мэдээллийн албаны даргаараа томилсон. З.Түмэнжаргал бол намайг төрсөн ахаасаа өөрцгүй хүндэлж явдаг хүн. Миний төрсөн дүү Г.Жаргал, Түмэнжаргалын төрсөн эгч З.Шийтэртэй олон жил хамт амьдарч, жаргал зовлонгоо хуваалцсан хүмүүс. Түмэнжаргал дүү маань өндөр албан тушаал хаших болсныхоо дараахнаас над хэд хэдэн удаа санал тавилаа. “Та төрийн тэргүүн хүнтэй ийм учир битүүлэг харьцаатай байж болохгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй уулз, уучлалт гуй. Би, хэзээ л бол хэзээ уулзуулаад өгнө” гэдэг байлаа. Тэгээд уулзуулсаан. Энхбаяр Ерөнхийлөгч намайг тун жирийн байдлаар, их найрсаг хүлээж авсан. Нэлээн удаан ярилцаж суусан. Би, төрийн тэргүүнээсээ олны нүдэн дээр эвгүй асуулт асуусандаа уучлал хүссэн.

Ерөнхийлөгч маань “Сэтгүүлч, бидний хооронд тийм зүйл байх, алийг тэр гэхэв. Уучлалгүй яахав” гэсэн. Тэгээд бид хоёр ажил амьдрал, ар гэрийн талаар ч ярилцаад авсан. Үүнээс хойш бид хоёр уулзалдаагүй юм байна.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хугацаа дуусан халагдаж, хэвлэл мэдээллийн албаны дарга З.Түмэнжаргал нь Францад суухаар гэр бүлийн хамт явж билээ. Ингээд бидний холбоо улам холдсон л доо. Хэсэг хугацааны дараа Түмэнжаргал дүү маань Францад усанд унаад нас барчихлаа гэж мэдээлэгдээд л өнгөрсөн. Тэр том зохиолчийн талаар чив чимээгүй өнгөрч байгаа юм даа. Олон жил хамт ажилласны хувьд, нэг эвлэлд хамтран зүтгэж байсан зохиолч нөхрийн хувьд Н.Энхбаярыг хүчтэйхэн дуугарах байх, эрх мэдэл нь байгаа юм чинь учир битүүлэг үхлийг шалгуулах байх гэж горьдож байсан боловч таг чиг.

Миний дүү, Ерөнхийлөгчийнхөө итгэлийг хүлээж, хамаг нарийн ширийн бүхнийг мэддэг л байсан байж таарна. Яагаад нууцлах болов?! Хүмүүс бол янз бүрээр л ярьдаг. Үнэхээр усанд унаад үхчих хүн мөн гэж үү? Ямар нэг гадны нөлөө орчихоогүй байгаа даа? Ерөнхийлөгч асан яагаад дуугардаггүй юм?! Эхнэр нь яагаад дуугардаггүй юм? “Дөчин ес хоног байтугай хэдэн жил өнгөрлөө шүү дээ. Францад гэдгээр чив чимээгүй өнгөрөх ёсгүй хүн юмсан гэж би хүртэл дотроо эмзэглэж бодох болсон.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр маань хэдэн жилийн өмнө баривчлагдан шоронд суусан. Шоронд ч гэж дээ, эмнэлэгт голдуухан байсан байх. Үүний нарийн ширийнийг мань мэт нь яаж мэдэхэв дээ. Хууль хяналтын байгууллагынханл мэдэхасуудал. Миний хувьд телевизээр нэг удаа ярьж, сонинд нэг удаа бичсэн.

Гол нь би хүнийх нь талаас бичсэн. Н.Энхбаяр гэж хүнийг баривчилсан явдлыг зөв, буруу гэж бичих нь над сонирхолтой биш. Гол нь энэ хүний эрүүл мэндийн талаас анхаараасай гэж л хэлж, бичиж байсан. Хорь гучаад насны залуучууд бол ямарч шоронг даагаад гараад ирдэг. Тавь жараад насны, тэр тусмаа хүнд хүчир амьдрал үзээгүй хүнд бол хэцүү даваа. Ядаж л гэрэл гэгээтэй газар байлган, нар салхинд гаргаж байгаасай гэхдээ, настай хүний хувьд санаа бодлоо бичиж байсан.

Миний хувьд залуу насандаа зах сэжүүрийг нь дайраад л гарсан газар. Тэр үеийг бодвол шорон гэдэг газрын нөхцөл байдал сайжраа байлгүй. Гэхдээ л хүнийг тамлан зовоож, дарамталж болохгүй л дээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр маань уучлалаар суллагдаад гадаадад яваад өгсөн. Бодвол биеэ эмчилж сувилсан байх. Эгзэгтэй хүнд үеүдэд “нутгийн салхи амьсгална” гээд хүрээд ирдэг. Ирэх тоолонд нь нэг таагүй үйл явдал болдог л доо. Нэг удаа ирээд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягтай нууц гэрээ үзэглэснээс болон хэрэг мандаж, Шинэчлэлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Дараагийн ирэлтээр нь Засгийн газар мөн л савлаж, МАН-ынхныг Засгийн газраас гаргасан. Оронд нь МАХН-аас Засгийн газарт оруулсан хүмүүс нь нэг л бүтэл муутай, зарим нь хэдхэн сар болоод авлигын хэргээр шоронд орж байх юм. Энэ нь намынх нь нэр хүндэд муу л даа. Гадуур ярьж байна. “Авлигын загалмайлсан эцэг”-ийн намаас сайд нь авлигачин болоод газар дээрээ баривчлагдлаа гэж.

Н.Энхбаярын хамгийн сүүлчийн ирэлтийн үеэр, Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрынх нь дарга байсан Т.Билэгтийн хүү учир битүүлэг таалал төгслөө. Тэр .сайхан залууг амиа хорлосон болгож нэг үзээд, аллага болгож нэг үзээд хав дарах шив дээ. Ийм л хэрэг явдлууд болоод байгаа юм. Янз бүрийн мэдээлэл хөвөрч л байна. “Н.Энхбаярыг дахин шалгаж, гадагшаа гаргахгүй байгаа”. “Н.Энхбаяр, Н.Удвал нараас Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авлаа”, “Мэдүүлэг аваагүй” гэхчлэн янз бүрийн мэдээлэл цацагдсаар байна.

 

Хэрвээ миний хүү ингэж яваа бол би хүүдээ нэг л зүйлийг захина. “Одоо больж үз, хүү минь! Чи Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, хэн хүний хүршгүй “оргилуудад” бүгдэд нь хүрсэн.

 

Одоо болоо. Хорвоод ганцхан заяадаг амь насаа бод. Улс орон, ард түмнийхээ эв нэгдлийг бод. Чамд хэдэн үеэрээ хүрэлцэхүйц хөрөнгө, бэл бэнчин байна. Энэ сайхан нутаг орондоо амар амгалан амьдар. Чамтай чамгүй, цаадуулын чинь хувь заяаг бурхан харж байгаа” гэж захимаар байгаа юм.

 

 

 

 

 

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьян

 

Эх сурвалж: Сонин.мн