Монголын төр иргэнээ хөсөр хаяж байна
2016/02/25
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх иргэнээ үл тоомсорложээ-
Монгол Улсын иргэн Д.Байгалмаа төрийн “залхуу шийдвэр”-ээс болж таван хүүхдийн хамт өрх толгойлон айлын хашаанд амьдарч байна. Одоогоос найман жилийн өмнө энэ айл элэг бүтэн, хүүхдүүд нь эцэг эхийн хайр халамжинд өсөж, ёстой айл шиг айл байлаа. Гэвч харамсалтай нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны аравдугаар сарын 07-ны өдрийн тушаалаар нөхрийг нь Монгол Улсад дахин орох эрхгүйгээр албадан гаргажээ. Чухамдаа энэ мөчөөс хойш эдний амьдрал эцгээ, ханиа санасан ганихрлын хүлээлт болон хувирав.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны оршин суугч Д.Байгалмаа 2002 онд ОХУ-ын иргэн В.А.Петровичтэй эх орондоо гэр бүл болж улмаар хоёр хүүхдийн эцэг эх болсон байна. Нөхөр В.А.Петрович нь автын инженер мэргэжилтэй, монголчуудад олон жил мэдлэг чадвараасаа хуваалцаж тусаа хүргэж явсан нэгэн аж. Түүний Монгол Улсаас ийн хөөгдсөн шалтгаан нь визийн хугацаа хэтэрсэн гэх үндэслэл байв. Харамсалтай нь тэрбээр манай улсаас хөөгдөж нутаг буцсанаас эхнэртэйгээ “Аваарт ороод бие муу байна” гэж ганцхан удаа холбогдсноос хойш өнөөдрийг хүртэл үхсэн, амьд нь тодорхойгүй, ор сураггүй болжээ.
Нөхөр нь ингэж холбогдсоны дараа Д.Байгалмаа ОХУ руу явах гэсэн боловч визийн асуудал зэрэг нь удааширч бас хүүхдүүд нь хоёр, гурван настай байсан учраас явж чадаагүй байна. Бүхэл бүтэн найман жилийн турш нөхрөө хүлээж, хууль шүүхийн байгууллага, холбогдох газруудад нь хандаж В.А.Петровичийн сургийг гаргаж өгөх талаар олон удаа хүсэлт гаргасан хэдиий ч нүдэн дээр нь ямар ч нааштай шийд гарч, хариу ирсэнгүй.
Анхан шатны шүүх иргэнээ үл тоомсорлов
Хүүхдүүдийнх нь эцэг нэгэнт хэл, чимээгүй болсон учраас Д.Байгалмаа төр засгаасаа хуулийн дагуу тэжээгчээ алдсны тэтгэмж авах, нөхрөө сураггүй алга болсонд тооцуулахаар Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн онд нэхэмжлэл гаргажээ. Харамсалтай нь даргалагч, шүүгч Д.Нямбазарын гарын үсэгтэй тогтоолд “Монгол Улсын иргэн Д.Байгалмаа, ОХУ-ын иргэн В.А.Петрович нар В.П.А, В.Э.А нарын хүү, охинтой болох нь төрсний гэрчилгээний хуулбар, иргэний хэрэгт авагдсан фото зургууд, зохиогчийн тайлбараар тус тус нотлогдож байна. ... Иймд ОХУ-ын иргэн В.А.Петровичийг 2008 онд Монгол Улсын хилээр албадан гаргасан болох нь мэдэгдэж байх тул Д.Байгалмаагийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв” гэжээ.
Энд асуудал ургаж буй нь шүүхийн хайхрамжгүй, иргэний нэхэмжлэлийг үл тоосон байдал үүсэж буй юм. Тодруулбал, шүүгчийн хариултын гол утга нь В.А.Петровичийг амьд байгаа, тиймээс тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжгүй гэх тайлбартай утга дүйх болж таарна. Монгол Улсын хилээр гарсныг нь тогтоогоод амьд гэдгийг нь мэдэж буй бол шүүх Д.Байгалмаагийн нөхрийг ОХУ-ын тийм муж, тосгонд амьдарч байна гээд хаягийг нь тогтоогоод шийдвэртээ тусгачих байлаа. Тэр орос эрийн амьд үхснийг нь мэдэхгүй байж ийм дулимаг шийдвэр гаргадаг нь Монголын хууль, шүүхийн байгууллага ямар чадамжгүй, бас тэнд ажиллагсад нь сэтгэлгүй байгааг харуулж байна. Тэд ОХУ руу холбогдоод В.А.Петровичийн сургийг гаргахад тийм ч хэцүү ажил биш.
Д.Байгалмаа ОХУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт гаргахад харъяа шүүхээрээ сураггүй алга болсныг тогтоолгох зөвлөгөө бүхий хариу хүргүүлсэн байдаг. Энэ дагуу тэрбээр анхан шатны харъяа дүүргийн шүүхэд хандсан хэдий ч нааштай хариу авч чадсангүй. Түүний хувьд өнгөрсөн оны эхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж нөхрөө сураггүй алга болсонд тооцуулах, тэжээгчээ алдсны тэтгэмж гаргуулах хүсэлт хүргүүлсэн ч Хүний эрх, Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Энэхүү асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй, шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан юм. Иймд та өөрийн харъяалах шүүхэд хандан ОХУ-ын иргэн В.А.Петровичийн оршин суугаа газрыг тогтоолгох, хүүхдийн тэтгэмж гаргуулах тухай хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт гаргана уу” хэмээх хариуг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр илгээжээ.
Д.Байгалмаа “Монгол Улс үнэхээр хууль, шүүхтэй юм бол нөхрийг минь үхсэн бол үхснийг нь хэлээд амьд бол хаана байгааг нь тогтоогоод өгчих. Энд хүүхдүүдийн эцэг, эхтэйгээ байх эрхээс авахуулаад зөрчигдөж байна. Өөр улсын иргэн гээд хайж, олж чадахгүй байгаа бол Монголын төр өөрийнхөө иргэнийг ингэж хөсөр хаяаж болдог юм уу. Би хуулийн дагуу эрхээ эдэлж байгаа болохоос биш илүү зүйл төр засгаас нэхээгүй. Очиж болох газар хандсан боловч олигтой хариу олж чадахгүй л байна. Арга ядаад эцэстээ Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж хуулийн болон бусад зөвлөгөө авч байна” гэлээ.
Хүний сэтгэл зүрхэнд ямар ч хязгаар үгүй. Монгол хүн гадны хүнтэй хайр сэтгэлтэй болж үр хүүхэд төрүүлж болохгүй гэсэн хууль ч байхгүй. Нэгэн цагт бие биендээ татагдаж үр хүүхэд төрүүлэн аз жаргалтай амьдарч байсан энэ хосын хорвоо визний асуудлаас болж замхарч бас хөсөр хаягджээ. Магадгүй тэдэн шиг амьдралтай болсон олон зуун өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй манай улсад амьдарч буй байх. Монгол Улс иймэрхүү асуудлыг шийддэг байх хууль, эрх зүйн зохьцуулалт хийхийг цаг хугацаа ийн шаардаж байна.
Энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Тоймч Л.Баатархүү
Эх сурвалж: http://tugeene.mn/