Хаврын хамгийн том уралдаан болох “Дүнжингарав-2016”-ын өмнөхөн Монгол Улсын тод манлай уяач Лхагвын Цандэлэгтэй уулзаж ярилцлаа. Унаач хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой төрөл бүрийн хууль, тушаал, шийдвэрт хашигдсан ч “Дүнжингарав” наадам маргааш болдогоороо болно гэдгийг тод манлай уяач хэлж байлаа.

-Сайхан шинэлсэн үү, хаваржаа тавлаг уу. “Дүнжингарав-2016” хаврын уралдаан болох гэж байна. Морь хурдан уу, хэдэн насны хурдан хүлгээ сойж байна?

-Сайхаан, танай сайтаар дамжуулан нийт монголчууддаа хаврын мэнд дэвшүүлье. Цаг сайхан наашилчихлаа. Морь хурдан байна. Хаврын улирлын томоохон уралдаан маань “Дүнжингарав” шүү дээ. Азарга, их нас, соёолон гурваа сойж байгаа.

-Шууд гол асуудалдаа орох уу? Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаа боль гэсэн хүүхдийн байгууллагуудын шаардлага, арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон Хөдөлмөрийн сайдын тушаал, С.Одонтуяа нарын гишүүдийн санаачилсан “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль зэрэг нэлээд эсэргүүцэлтэй тулсан “Дүнжингарав-2016” уралдаан болох нь ээ?

-С.Одонтуяа гишүүний санаачилсан “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” гэж батлагдчихлаа. Энэ асуудлаар чинь бид хоёр цахим орчинд нэлээд мэтгэлцээд авсан. Хүүхдийн эрхийн тухай бол би зөвшөөрнөө. Би чинь өөрөө үр хүүхэдтэй, эцэг хүн. Хүний амь наснаас илүү эрхэм зүйл гэж юу байхав.

-Та тэгвэл юунд нь эсэргүүцсэн юм бэ?

-Хуулиа боловсруулахдаа уяачдаас, уяачдын холбооноос санал авч тусгасан бол болох байсан. Гэтэл тэр хууль нь хаагуураа яаж яваад батлагдчихсан юм бүү мэд. Хуульд “Арваннэгдүгээр сарын 5–наас тавдугаар сарын 5 хүртэл уралдаанд хүүхдийг оролцуулахгүй. Энэ бол тэвчишгүй хөдөлмөр” гээд заачихсан. Үүнийг л бид эсэргүүцээд байгаа юм.

-Таны оролцож байсан наадамд унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдсан тохиолдол бий юу. Уг нь энэ хууль хүүхдийн эрх, амь насыг хамгаалсан хууль гэж бид ойлгоод байгаа?

-Тээр жил Баянчандманьд болсон нэг уралдаанаар унаач хүүхэд мориноосоо ойчиж, бэртэж байсан удаа бий л дээ. Их цастай замд уралдаан болсон юм. Уг нь замыг нь засчихсан байхад жижиг уралдаан зохион байгуулаад олон морь уралдах найгүй болгочихсон хэрэг л дээ. Үүнийг л гишүүн хараад хууль гаргачихсан. Ер нь бол бүсийн уралдаанууд дэг журам, зохион байгуулалт сайтай, хариуцлага өндөртэй болдог юм.

-Ийм учиртай юм байж. Ер нь яагаад өвөл, хаврын улиралд морин уралдаан болдог юм бэ. Зун улсын баяр наадмаас эхлээд аймаг, сум, бүсийн уралдаанууд олон болдог шүү дээ?

-Сар шинээ тэмдэглэчихээд монголчууд чинь хавартаа бэлддэг. Намрын уралдаанаас хойш уралдаагүй морьд чинь бөглөрчихнө шүү дээ. Морио онгойлгох гэж нэг ёсондоо хаврын уралдаанд сойдог юм. Эрт дээр үеэсээ уламжилж ирсэн. Энгийн малчин ард ч гэсэн хавар морьдынхоо хагсрааг гаргаж, хөлс аваад буцааж таьдаг шүү дээ. Зун бол ойлгомжтой уралдана. Хаврын уралдаан чинь зуныхаа уралдаанд бэлдэж байгаа нэг хэлбэр. Би ч багадаа морь унаж л байсан. Намайг багад нутгийн хөгшчүүл цуглараад л морио уралдуулдаг байсан. Энэ бол том уламжлал байхгүй юу. Тийм ч учраас “Дүнжингарав” наадам маань болдгоороо болно оо.

-Таны хувьд морин спортын хөгжилд олон жил зүтгэж Тод манлай хэмээх хүндтэй алдрын эзэн боллоо. Унаач хүүхдүүддээ хэрхэн анхаарч, зааж сургадаг вэ. Таныг нэг унаач хүүхдээ асрамжилж, айл болгож гаргасан гэж сонсож байлаа?

-Хорь гаруй жил адуутай ханьсаж, хурдан морь уяж явсны хүчинд төрийн том цол хүртсэн. Миний энэ амжилтад мэдээж хурдан морь унаач хүүхдүүд маань их нөлөөлсөн. Унаач хүүхэдтэйгээ гэрээ хийж, цалин өгч, даатгалд хамруулж байж морио унуулна. Уралдаанд оролцоход нь дулаан хувцас, аюулгүйн малгай, бээлий, комбинзон зэргийг нь өмсүүлдэг. Ганц би ч биш, бүх уяачид ийм болсон. Мэдээж аливаа зүйлд чинь эрсдэл байж л таараа шүү дээ. Мориноосоо ойчиж байж л морь унаж сурна шүү дээ. Ганц нэг хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол байдаг л юм. Гэхдээ үүнийг бүх морь унадаг хүүхдүүдэд нялзааж, олноороо үхээд байгаа мэтээр асуудалд хандаж байгаа нь буруу юм. Тэрнээс биш энэ бол тэвчишгүй хөдөлмөр биш ээ. Асуудлаа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Морь мал унаж үзэх нь бүү хэл хурдан морины тухай юу ч мэдэхгүй хүн ингэж ярих нь буруу. Нөгөө яриад байсан жинхэнэ “популизм” гэдэг чинь С.Одонтуяа гишүүний яриад байгаа энэ зүйл байхгүй юу. Миний хувьд хот, хөдөөнөөс олон хүүхдээр морио унуулсан. Түүнийхээ хариуд сургууль соёлтой, амьдрал ахуйтай болгосон тохиолдол бий. Адуу хүртэл таслаж өгч байсан. Сүүлдээ айл гэр болгож, хурим найрыг нь хүртэл хийсэн. Адуу дагасаны буян.

- Зөв хууль болсон гэх иргэд ч байна. Зарим нь үндэснийхээ өв уламжлалаар улс төр хийж байна гэж хандах нь байна. Энэ хуулийг боловсруулахдаа УИХ-д байдаг уяач гишүүдээсээ санал авч, байнгын хороогоороо хэлэлцүүлсэн л байлгүй дээ.

-Хүүхдийн эрх ярьж байгаа нь зөв боловч морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй, дээрээс нь хязгаарласан, бүр тэвчишгүй хөдөлмөр гэж тооцож байгаа нь утгагүй. Хөдөөний малчид ч гэсэн өөрийнхөө хүүхдээр хурдан морио унуулдаг. Хүүхэд нь мориноосоо ойчиход за боль гэдэггүй шүү дээ. Ойчиж байж морь унаж сурна гээд дахиад л мордуулдаг. Энэ бол амьдралаар батлагдсан хууль. Үнэхээр эсэргүүцэж байсан бол аль дээрээс хүүхэд морь унахааргүй байх байсан юм. Аль дээр үеийн ардын хувьсгалаас өмнө хүртэл байсан л зүйл шүү дээ. Сонгууль дөхчихсөн болохоор өөртөө оноо авах гээд ийм хууль батлуулсан нь тодорхой. “Дүнжингарав” уралдаан Төв аймагт болдог. ММСУХ–ны дарга нь Төв аймгийнх, мөн сөрөг хүчний хүн. Анхнаасаа л М.Энхболдыг эсэргүүцсэн аястай хууль санаачилсан. Энэ спортыг ингэж улстөржүүлж болохгүй. Улс төрийн энэ шоу нь явсаар явсаар бүх уяачдын хөдөлмөрт сөргөөр нөлөөлж байгаа нь хамгийн гол буруу. УИХ–д байдаг уяач гишүүд мэдээж эсэргүүцсэн л байж таараа.

-Сүүлийн үед мөнгө өгөөд хурдан морь унуулъя гэхэд унах хүүхэд олдохгүй байна гэх юм. Ийм зүйл ажиглагдаж байна уу?

-Үнэн шүү дээ. Одоо бол ер нь хурдан морь унадаг хүүхэд цөөрөөд байна. Мөнгө өгье гэхэд дургүйцээд байдаг. Гэхдээ хурдан морь унаж байгаа хүүхдүүд чинь ар гэрийнхээ амьдралыг авч явдаг юм шүү. Тэд чинь уяачтайгаа гэрээ хийнэ. Сар бүр цалин авна, түрүү, айргийнхаа бай шагналын 10-20 хувийг нь авна. Итгэл даагаад сайн байвал өмч хүртэл таслуулдаг юм шүү дээ. Мөн унаач хүүхдийнхээ засал номыг нь хийлгэнэ. Ар гэрээс нь зөвшөөрөл авна.

-Унаач хүүхдийн дундаж цалин нь хэд байх вэ?

-300-600 мянга. Энэ хүүхэд чинь зуны гурван сар морь уналаа гэж бодоход 900-гаад мянган төгрөгийн орлого олж байна. Өрх гэрээ тэжээж байна. Өөрийнхөө өмсөх зүүх, хичээл номын хэрэглээгээ бүрэн авчихна. Дээр нь айраг түрүүний бай шагналын 20 хувь гэдэг чинь овоо юм очно. Хурдан морио унуулж байгаа хүн чинь тэр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг бүрэн даана. Хэн л хүний хүүхэд авчирч албатай юм шиг морь унуулчихаад амийг нь алдчихна гэж санах вэ дээ. Энэ бол байж болохгүй асуудал. Уяачид энэ мэтээр хүүхдийн эрхийг дэмжээд, хангаад байхад уралдааныг нь хязгаарлаж болохгүй. Яг ярьвал хүүхдээр хурдан морь унуулахыг хориглож байгаа нь өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж байна. Тэр хүүхэд чинь өөрөө спортоор хичээллэх, амжилт гаргах эрхтэй биз дээ.

-“Монголчуудыг мориноос нь буулгах чинь Мүүний шашин орж ирснээс дор хортой” гэж нийгмийн сүлжээнд жиргэсэн байна лээ. Хүүхдийг морь унуулахаа байх нь үнэхээр хортой гэж үү?

-Хүүхдээр морь унуулахаа байгаад томчуудаар унуул гэх ухааны юм яригдаж байсан. Манайх чинь Ази тивийн улс. Европынхон шиг том том морьдтой бол дургүйцэх зүйлгүй. Гэтэл манай морины жин, хийц нь ямар билээ гэдгийг бодолцох л хэрэгтэй. Адуу нийт жингийнхээ 10-20 хувьтай тэнцэх хэмжээний ачааг тээж уралдах ёстой байдаг гэсэн судалгаа бий. Монгол морины амьд жин ойролцоогоор 250-300 кг. Сойгоод ирэхээр 230-250 орчим болно. Бүх жингийнхээ 10-20 хувь гэхээр яалт ч үгүй хүүхдээр л унуулах шаардлагатай байгаа биз дээ. Адууг уяж сойхоо болиод, эдлэхгүй болохоор тоо толгой нь амархан цөөрдөг. Адуу үхнэ, тоо нь цөөрнө гэдэг чинь цаад утгаараа үндэсний соёл устана гэсэн үг. Хүүхдүүд морь унахгүй байна гэдэг чинь монголчууд мориноосоо бууж явгарна гэсэн үг. Явгарахаар яах уу, гадныханд амархан дийлдэнэ. Ингээд монгол соёл, Монгол Улс сүйрнэ гэсэн үг. Энэ бол хатуу боловч үнэн шүү. Монгол Улсын төрийн тэргүүн нь морио унадаг байя гэж уриалж байна. Монгол Улсын төрийн сүлдэнд хүртэл морь байдаг шүү дээ. Хүүхдээр морь унуулахаа боль гэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг цуцлуулчих, төрийн сүлднээсээ морины дүрсийг гаргачих. Чадахгүй бол битгий хүүхдийн эрхээр түрий барьж үндэсний соёлд заналхийл гэж хэлмээр байна.

-Та хууль санаачилж батлуулсан гишүүдтэй уулзаж ярилцсан уу?

-Мал мэдэхгүй хүн ийм хууль батлуулж байгаад харамсаж байна. Хурдан морь ямар байдгийг, яаж уяж сойж, хурдлуулдгийг, яаж тэжээдгийг С.Одонтуяа нар мэдэхгүй ш дээ. Зүгээр зурагтаар хурдан мориноос ойчиж байгаа хүүхдийн нэвтрүүлэг харчихаад түүнийгээ асуудал болгож унаач хүүхэд, уяач эзэд, Монголын адууны соёлын өвийг тээгчидэд халдаж байна. Уулзаж ярилцаагүй. Фэйсбүүк, Твиттер хуудсаараа л жаал санал бодлоо хуваалцсан. Би С.Одонтуяаг гудамжны гуйлга гуйж байгаа хүүхдэд мөнгө өгч гэнэ, асрахын хүүхдүүдэд хоол өгч гэнэ, хувцас олгож гэнэ гэж л лав сонсоогүй. Тэрний оронд уяачид бид чинь бүхэл бүтэн үндэсний спортоо хөгжүүлж, том соёлыг хадгалж, олон арван хүүхдийн амьдралд тус нэмэр үзүүлж яваа хүмүүс шүү. Битгий хүүхдийн эрхээр “Популизм” хий гэж дахин хэлье.

Монголын үр тариалан эрхлэгчдийн “Газар тариалан эрхлэгчдийн холбоо” –ны ерөнхийлөгчийн хувиар Л.Цандэлэг гуайтай үргэлжлүүлэн ярьсан газар тариалангийн тухай ярилцлагаа удахгүй нийтлэх болно. Үргэлжлэл бий...

 

З.Батхуяг

Эх сурвалж: http://www.newscom.mn/