“Микро” баяртай
2016/02/28
Аймаар шүү. Одоо төсөөлөхөд. Ард “тав”-лана. Нугасанд бөгтийж суучихаад туулай шиг тугдайгаад л. Замын цагдаагаа харагдвал жолоочийн араар хэвтэх үүрэгтэй. Толгой дээр хонхны хэл шиг нэг халтар нөхөр шүлс үсчүүлэн Сансар тунел, Хайлааст Шар хад, Толгойт Зүүн салаа, Баян хошуу Баруун салаа гэж орилоод л явахгүй чиглэл очихгүй газар байхгүй. Хүнээ харж байгаад явах чиглэлээ гэнэт өөрчлөөд “та буучих аа л” гэнэ.
Бүхэл мөнгө өгчихвөл араас нь байнга харуулдахгүй бол мартуулаад буулгачих гээд. 10 мянга авчихсан зарлагч кондуктор нь харц төөрүүлээд эхлэнэ. Өвөлдөө зоорь. Зундаа саун. Дургүй бол буугаад алхчихаач гэх авиргүй залуус жолоог нь атгасан энэ Микро гэдэг унаа нийтийн тээвэрт элбэг 15 жил атамандлаа.
Эднийг бас иргэдийн амжиргаа ажлын байр юм гэж “хөөлхийлөөд” эмх цэгцэнд оруулж нийтийн тээврийн хэрэгсэлд хүлээн зөвшөөрч хүндэт тэмдэг болох шар кантаа хадуулсан ч төдий л дээрдэж дэвшил авчаагүй юм.
Машиных нь он улам хуучирч, эдэлгээ баталгаа нь муудаад байхад жолооч нар нь харин давхидаг хурдаа нэмээд л хулгайн тээвэр хийсээр хүний амь насыг ч бөөнөөр нь аваад явах нь цөөнгүй.
Нисдэг авс, Хар хархнууд зэрэг таагүй нэр зүүх болсон микронууд нийтийн тээвэрт анх нинжа нар шиг л гэнэт бөөгнөрөн гарч ирсэн. Төд удалгүй хүн тээвэрт явдаг орлого мөнгө цул олдог хэрнээ Да хүрээ зах дээр хамгийн хямдхан машины тоонд ороод ирсэн.
Дунд үедээ мууран гэрэлтэй гэдэг ч билүү он оноороо өөр орж ирж байсан бол одоо ялгаагүй бүгд өвгөрсөн. Солонгосчууд ийм давжаа микро үйлдвэрлэхээ больсон. Хааяа ЖДҮ -т ачаа зөөсөөр ганц нэг гамтай эдэлсэн нь үлдсэн. Ер нь он дууссаныг нь бүгдийг нь төмрийн хог болгоод лаазлах гэж байсныг Монголчууд бид авчихья гэж зөөгөөд мөнгө болгоод өгсөн.
Ачааллаа дийлэхгүй нийтийн тээвэрт тэд дороо байраа эзэлсэн ба авилга ид нэвтэрч байсан 2000 оны эхээр микроны шугам гэдэг тусгай зөвшөөрлийн бизнес нийтийн тээвэрт дээд түвшинд цэцэглэж стандарт бус хүн тээвэр хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдсан.
Микроныхонд тэмдэг ялгарал олгож үүнд хамрагдаагүй үлдсэн нь замын цагдаа нартайгаа үй зайгүй найзалж үг хэлээ олоод явах сонголтыг үлдсээсэн. Байнга бэлэн мөнгө барьж явдаг онцлогоо зөв ашигласан овсгоотой жолооч нар замын цагдаатайгаа найрсаг ёслон зөрдөг болсон нь нэг мэдэхэд ердийн зүйл болов.
Энэ дүр зураг бол 90 -д оноос амилсан их бага авилгын хор доошоо микро түвшинд халдварласан нэг л хар зураглал. Үүний цаана үл анзаарагдах ч нийтийн тээвэрт “микро” байх нь ашигтай байх бүхэл бүлэг сүлжээ үүссэн.
Үзлэгт оруулж гэрчилгээ олгодог байцаагч нар, өдөр болгон хурд хэтрүүлэх дүрэм зөрчихийг харах замын цагдаа нар бүгд нэг нэгэндээ нээнтэгтэй болж явсаар микро бүлгийнхний атганд орсон гэхэд болно.Байнгын жижиг торгууль авилга, нууц татвараар үргэлж зугатааж орлого хөөх жолооч нар бөөн стресстэй. Байнга уур хараалтай. Зугатаастай, бултаастай . Ард нь амьд явах эрхтэй хүн хөөрхий хэдэн шуудай цувдай шиг зайлагдаж шидэгдэж чихэгдэж явна.
Одоо аргагүй цагийн үнэнд гүйцэгдэж шалгуураа давахаа болилоо.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн турш үйлчилгээнд явах стандарттай юм байна гэдггийг бид мэдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гудамж замаар 350 орчим албан зөвшөөрөлтэй Микро автобус хүн тээвэрлэж яваагаас 37 микро ашиглатад тэнцэхээр байна. Нийтийн тээвэрт данстай 350 микроноос 37 микро нь 12 жил болчихоогүй буюу 2004-2006 онд үйлдвэрлэгдсэн байна гэнэ.
Нийслэлийн Тээврийн газраас хугацаа нь дууссан микро автобусуудыг гуравдугаар сарын 1-нээс буюу ирэх мягмар гарагаас эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гарсан байна.
П.Баяр
www.shuud.mn
Зочин · 2016/02/29
odoo mikroogoos tatgalzah tsag ny bolson.
buduuleg uilchilgeetei, buduuleg unaa