"Үнэ цэнэ"
2016/03/01
Телевизийн гэх овог минь...
Ажлаа өгөөд жил гаруй болсон ч телевизийн гэх овог минь одоо ч хэвээрээ, хөдөө гадаа ч тэр, таних танихгүй хүмүүс ч тэр овоглож л байх. Хамт олон, нөхөд маань ч өнөөх л тэнд байснаар минь хандах.
Өнгөрсөн оны 1-р сарын 2-ны бүх нийтийн амралтын өдрөөр яаруу сандруу намайг “буулгасныг” хэн хүнгүй мэднэ. Уг нь 1-р сарын 5-н оны эхний, албан ёсны ажлын өдөр байсан юм. Асуудал шийдэгдсэн ч ажлын эхний өдрийн орой саарал байшингаа зорин очив оо. Антендаа мөргөх гэж, нэг ёсондоо адис авах гэж очсон юм. Тийм их дээдлэл сэтгэл зүрхэнд минь явдгийнх байв. Мөргөөд зогсож байхдаа хүн харчихвий гэж нуугдах маягтай байлаа. Тэгсэн нэг жолоочтойгоо таарчихдаг юм. “Хүүе сайн уу, даргаа? Та ... ” гээд л дотночилж, асуусан шинжтэй байхаар нь нэгэнт л тэгж таарсных “Өндөр суваргандаа мөргөж явна, бид чинь сүсэлж мөргөх учиртай юмаа” гэлээ.
Тэр үдшийн яриа тэр хавьд хэсэгтээ л ам дамжин явж, “Наранбаатар дарга л ингэж антендаа мөргөнө дөө” гэцгээж байсныг сүүлд нь сонссон юм. Мөргөлгүй яахав. Миний хувьд төгсөх курсийн оюутан шалгуулж тэнцэн орж байснаас хойш хөтлөгч, сурвалжлагч, сэтгүүлч, редактор, ерөнхий редактор, студийн захирал, ерөнхий захирлаар нийтдээ арван есөн жил ажилласан, намайг өсгөж, ургуулж, сургаж, төлөвшүүлсэн газар минь, монголчуудын хувьд оюун сэтгэлгээ соёлын их дэвшил, гэгээрэл болсон суварга минь шүү дээ.
1995 онд төгсөх курсийн оюутан байлаа. Оюутны байрны коридорт байх ганц зурагтыг алдалгүй үзээд байх боломжгүй, зурагт хараад л гиеүрч суудаг төгсөх курсийн хүн ч гэж юу байхав. Нэг өглөө хичээлдээ ирсэн чинь ангийн найзууд Должоо, Өлзий хоёр маань “Зурагтаар телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч шалгаруулж авах зар явсан, чи тэнцэнэ, оч” гэдэг юм. Тэгээд бүртгүүллээ.
Шалгаруулах өдөр цагийг зарлав. 12-р сарын 21-ний 11.00-д эхэлнэ гэж байсан ч автобус хүлээсээр байгаад 20 минут хожигдчихлоо. Ямар сайндаа л тэр үеийн автобусны талаар “Тэвчээртэй хүн Телевиз хүлээ, завтай хүн Зайсан хүлээ” гэж үг гарч байхав, хэхэ. Ирсэн чинь надаас бусад нь орчихсон, онцгой обьект руу намайг яагаад ч нэвтрүүлсэнгүй. Харамсаад, аргаа баран холхиж байтал нутгийн нэг ах маань телевизэд ажилладаг нь толгойд харван орж ирж, дуудуулав аа. Америкийн Хуягаа гэж нэршсэн, телевизийн техникч байсан юм. Хэдэн жилийн өмнө өөд болсон доо Хуягаа ах минь. Гомбожав багшийн маань том хүү Ганхуяг ингэж нутгийн дүүгээ телевиз рүү нэвтрүүлж чадсан юм. Ийм тохиолыг ерөөл л гэж хэлнэ дээ, монгол хүн.
Ингээд бүртгүүлсэн 67 хүнийг гавьяат Г.Чулуунбат, Б.Хишигээ, Б.Цэенханд, тухайн үед уран сайхны удирдагч байсан найруулагч сахал Энхжаргал гээд жинхэнэ “аймаар” хүмүүс шалгав. Телевизийн салбарт байгаа дөнгүүр найруулагч болгон Энхжаргал гэж хүний гараар орсон шавь нь байдаг юм. Маргааш нь шалгаруулалтын дүнгээ харахаар очиход 67 хүнээс нэгдүгээрт миний нэр жагсаж байх нь тэр. Хөл малгайгүй баярласан даа. Одооных шиг гар утас энээ тэрээ байсан бол хэдэн тийш ярих байсан бол гэж бодогддог юм. Жаахан хоцорсон ч ээж аавдаа дуулгаж, тэд маань хөөр болж, захиж сургаж байлаа.
Ингээд Адъяа, Чоглоо, Энх-Амгалан (UBS тв-ийн найруулагч байсан) болон биднээс өмнө шалгуулаад тэнцсэн байсан Ичинхорлоо, Чимгээ бид хэд нэвтрүүлэгч Цэенханд, Хишигээ нараар хичээл заалган, сургалтанд хамрагдсанаар дагалдангийн тушаал гарч, телевизийн хүн болж байлаа. Ингэж л жирийн техникч Хуягаа ахаасаа өөр “арын хаалгагүй” би гэгч хүн телевизийн үе үеийн мундгуудын дунд хүн болж, суралцан өсч өндийж, төлөвшиж, суга суга өссөн юм даа. Тухайн үед эзэмшсэн мэргэжил маань сэтгүүлч биш байсан ч ер нь энд зөвхөн хөтлөгч биш уран бүтээлч, сэтгүүлч байх ёстой юм байна гэж бодож байлаа. Зах зээлд шилжсэн хүнд үеийн эхэнд тэр үеийнхэн “нэрвэгдэж” байсны нэг нь би байсан болохоор гэрээсээ хол, цалин цуухгүй, хотыг нэвт шувт алхаж зорьсон газартаа хүрч явсан үе ч бас бий.
Гэхдээ л буцдаггүй, цуцдаггүй, хэзээ үед зогсож л байсан нь миний төдийгүй телевизийн хүний нэг чанар, сэтгэл зүрх юм шүү. Хүүхэд, танин мэдэхүйн редакцид орж “Андууд” нэвтрүүлгийг бас л сайн найруулагчдын нэг Алтансэрээтэй эхлүүлж, “Андууд ирлээ” гэдэг дуутай болж, удалгүй спортын сэтгүүлч болж, 1998 онд монголын телевизийн түүхэнд анхны Өглөөний хөтөлбөрийг нэрт сэтгүүлч М.Банзрагч, С.Мягмар, Д.Батнягт, Т.Эрдэнэцогт (Жижигээ) нартай хамт үүсгэн байгуулж, шанг нь таталцан, бичиж боловсруулж, бас редакторлаж, хөтлөн эхлүүлж байлаа. Гэхдээ санхүүгийн хүндрэлээс болоод 1999 онд хөтөлбөр зогссон. Ийм хүндрэл хаа сайгүй л байж, хаагдаж, хаалгаа барьж байсан түүх монголд бас бий.
Би Өглөө хөтөлбөрийнхөө хажуугаар АСА буюу Арилжаа сурталчилгааны албанд редактораар ажиллаж байснаа цааш үргэлжлүүлсэн. Нэг талдаа аж ахуй, арилжаа, бизнес, маркетинг гэгч зүйлийн хөгжлийн эхэн үед яг дунд нь явж, ажиллаж, гар бие оролцож, хийлцэж, менежмент гээч зүйлийг ойлгож, суралцаж хамт байсан гэсэн үг. Одоогийн үндэсний компаниудын захирлуудтай тэр үед уулзана, ойр харилцана, заримдаа тэд намайг голохгүй зөвлөлдөнө.
Өгөөжтэй, сайхан үе шүү, эргэж санахад. Энэ хугацаанд спортын “Аваргууд” гэх мэт нэвтрүүлгүүд санаачлан хийж, баяр наадмын шууд дамжуулалтыг ахлан хариуцаж, баримтат кино хийж амжуулж л явав. Бас ч үгүй нутгаадаа явахдаа ойр зуурхан наймаа хийчихнэ. Цоо шинэ УАЗ фургон авч унаж, дүүгээ жолооны курст суулгаж нутаг явах хүмүүсийг нааш цааш зөөж хөөрхөн юм олдог ч байлаа. Амьдрал зэрэг өрнөөд л байсан гэсэн үг. Телевизийн хүн болчихсон учраас нутгийн мундаг ах нар итгэж, сонгуулийн сурталчилгаанд хүртэл авч явж, чадахаараа л чармайж байлаа. Хорин хэдтэй л хүү байж шүү дээ. Оноотой, алдаатай ч өөрийн гэсэн өсөлт чамлахааргүй л байлаа.
2001 онд РТХЭГ-ын дарга Ганболдын тушаалаар Өглөө хөтөлбөр маань дахин эхлэхээр болж талийгаач Баясаа эгчээрээ удирдуулан, Одончимэг, Адилзаяа, Одонтуяа, Ариунсанаа, талийгаач Эрдэнэтуул болон бусад нөхөдтэйгөө нэгдэн, бид ярилцаж, төлөвлөж, боловсруулж, хэрэндээ л гаднын нэвтрүүлэг үзэн эрэл хайгуул хийцгээж 2001 оны 2-р сарын 15-нд эхний дугаарыг нь ахиад л би хөтлөн эфирт шууд нэвтрүүлж байлаа. Одоо америкт байгаа даа, доктор Л.Амарзаяа бид хоёр хамт хөтөлж байсан юм.
Ингэснээр монгол үзэгчид телевизийн өглөөний хөтөлбөрийг тогтмол үзэх болж, бид ч үзэгчдийг сэрээж, сэргээж, эрч хүч өгч, сонин сайхан, гэрэл гэгээтэй мэдээлэл хуваалцах гэж ганц камераа бариад, монтажны ганц компьютерээ тойроод л сэтгэл зүтгэлээ нийлүүлэн пижигнээд л байдаг байлаа. Ингэж би Өглөөгийн Нараа болсон. Ядарч цуцахыг мэдэхгүй, харихыг мартсан, хүсэл мөрөөдөл дүүрэн залуусын сэтгэл зүтгэлийн үр дүн, өгөөж их байлаа. Өнөөдрийн монголын телевизүүдийн өглөөний хөтөлбөрийн үндсэн формат гарсан түүх Өглөөгийн залуустай холбоотой юм шүү. 2002 онд редакцийн дарга болж, хамтрагч нөхдөө ахлан ажиллах боллоо. Өнөөх л пижигнэсэн хэвээрээ, ажлыг умалзуулж байсан даа бид.
Хуримаа хийж, өрх гэрийн тэргүүн ч болсон. 2003 онд Ганболд дарга, Энхбат дарга нар телевизийн санхүүгийн ачааллыг бууруулж, ерөнхийдөө чөлөөлөх зорилготойгоор “Гэрэлтэй цонх”, “Өглөө хөтөлбөр” хоёрыг студийн зарчмаар ажиллуулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр редакцийн дарга байсан миний албан тушаал студийн захирал болж, уран бүтээл дээр нэмээд аж ахуйн бүх зардал, хүний нөөц, менежмент гээд бүхий л зүйл толгой дээр ирсэн юм. Олон цагаан сар, наадам, шинэ жилийг ажил дээрээ нөхөдтэйгөө, хамт олонтойгоо өнгөрөөж, “Замд гаръя”, “Кадр”, “Тавтай морил” гээд том нэвтрүүлгүүдийг санаачлан хийцгээж, ой тохиоход баярлахаасаа илүү уран бүтээлээ л үзэгчдэд барихаар мэрийж сууцгаасан даа.
Бас студиэ үе үе шинэчлэн тохижуулж, хөтөлбөрөө шинэчлэх гээд л нэлээн сууцгаана. Золоо ахтай зөвлөлдөж, ярилцаж, төлөвлөж, боловсруулж байсан минь ч бий. Ийм л, их ажлын үед хань минь хэдэн халуун сав бууз, хоол, цай бариад ирж байсан үе олон. Энэ мэт үеүдэд нойроо мартаж явсан үе бишгүй. Ямар сайндаа үсээ засуулж байхдаа хөлс цуваад л унтчихдаг байлаа шүү. “Марал” салоны захирал Энх-Эрдэнэ эгч сүүлдээ мэддэг болчихсон, хүнээр толгойг минь түшүүлж байгаад засдаг болсон байсан. Сэрэхэд толгойн хоёр талаас түших маягтай нэг нь барьчихсан байдаг байв.
Телевизийнхээ ажилд тэгтлээ итгэж үнэмшиж, дурлаж, зүтгэж, мэтгэж явжээ. “Өглөө хөтөлбөр” студи техник технологийн хувьд ч, хүний нөөцийн хувьд ч, уран бүтээлийн чанар чансааны хувьд ч улам чангарч, чанаржиж дориун гээчийн продакшн болчихсон. Шинэ цагийн хандлага, өнгө аяс, эрэлттэй зэрэгцэх гэж бүх талаар л зүтгэж байлаа. Дөнгүүр уран бүтээлч, хөтлөгч, сэтгүүлч, найруулагч нар тэндээс гараатай, нэгэн үеийг хамтдаа бүтээж, танигдсанаар Өглөөгөөрөө би бахархдаг. Цаг хугацаатай хамт өсч байсан даа талархдаг. Хувийн, гэр бүлийн аж ахуй маань ч зэрэг л өсч байсан. Тавилгын үйлдвэрлэл рүү ч ороод явчихав. Өөрийн гэсэн байртай, шинэ сайхан техниктэй үйлдвэрээ нээн, ашиглалтад оруулж анд нөхөд, ахан дүүс минь тэр баярыг хуваалцаж байлаа.
ОНРТ-ийн тухай хууль батлагдсан 2005 онд телевизийн 38 жилийн ой тохиосон юм. Тэр ойг байгууллагаа сурталчилъя, түүхээ ч давхар сөхөж, үзэгч олон нийт рүү даацтайхан чиглэе гэж хурал дээр ярьцгаав. Куланда дарга биднийг цуглуулж ярилцацгаасны хажуугаар, надад ойн ажлыг хариуцуулав. Ингээд юу хийж болох талаар судалж ярьцгааж байх зуурт Гүрээ ах “Манай энэ байшинг нэг их олон лам буудаж алсан газар барьчихсан юм гэсэн.
Манайхнаас ч олон хүн “явах” юм” гэж санаа өгсөн маягтай юм хэлсэн нь толгойд “тог” гээд буугаад явчихав. Радио, телевиз рүү оруут үүдний цэлгэр хэсэг нэг л цулгуй, мэдээллийн газрын “агаар”-гүй, өнгө нэг л тааруу санагддаг байв. Тэр хэсгийг тохижуулж, “агаар” оруулахаар шийдэж, олон сувгууд зэрэг гарч байх зурагтуудыг байрлуулахаар боллоо. Шинэхэн үйлдвэрийнхээ шидийг телевиздээ үзүүлж, зураг гарган, зурагтаас бусад тохижилтын зардлыг нь хувиасаа хариуцан тавиур хийж, тэр хавийн орчныг бүрдүүллээ. Олон хөтлөлт, лидийг сэтгүүлчид тэнд хийж, яриа авч, орж гарсан хүмүүс зураг хөрөг авахуулдаг байлаа.
Басхүү тэр ойн үзэгчидтэйгээ хуваалцах хамгийн том ажил болгож, тайз, дэлгэцэнд зориулсан “Эфир - 38” шоу концерт, хүндэтгэлийн заллага, уулзалт, гэрэл зургийн үзэсгэлэн гэсэн цогц үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, Улаанбаатар паласын их танхимаас шууд дамжуулсан нь телевизийн түүхэнд шинэ хуудас болон бичигдэж үлдсэн байгаа. Телевиз маань их хүндтэй, залуус бид дайчин, шижигнүүр. Монголчууд тэр нэгэн үдшийг шинэ өнгө аястай, дуулиантай, түүх дурсамж, соёл гэгээрэл, хөгжил цэнгэлтэй, хүндэтгэлтэй сайхан өнгөрүүлсэн билээ. Гүрээ ах үгийг нь бичиж, будаг нь ханхалсан залуухан хөгжмийн зохиолч Батхуяг аялгууг нь бүтээж, телевизийн гэгдэх сайхан дуу хамаг л одуудын дуулснаар тэр үдэш үзэгчдэд хүрсэн. Хэсэгтээ л эфирээр явдаг байлаа. Мөн Гүрээ ахын хэлсэн санаанаас үүдэн телевизийн зураач СГЗ Ж.Вандандорж ахаар Янжинлхам бурхан бүтээлгээд, Чойжамц хамбыг залж авчран равнай хүртээлгэж, бид мөргөдөг болсон.
Шинэ батлагдсан хуулийн дагуу манай РТХЭГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биш олон нийтийнх болж байгаагаараа дэвшилттэй, нөгөө талдаа шилжилт, шинэ сэтгэхүйд хаа хаанаа бэлэн биш, ойлголтгүй шахам нөхцөлд бэрхшээлтэй байв. Нэг л үймээнтэй болсон юм даг. Бүх л уран бүтээл зогсож, уран бүтээлчид холхиж, шинэ телевизүүд рүү “урваж”, эфирийн цагийг алтан фонд нөхөж, телевиз эзгүйрч, нүдэн дээр бишдэж байлаа. Заримдаа ч бүр гайхширна. Нөхөдтэйгөө ярилцана. Бидний яриа эцэстээ “Хэзээ үед л гаднаас нэг бурхан залагдсан аятай нөхөд даргаар ирж байх юм.
Тэртусмаа одоо бол энэ тогоон дотроос, тэртусмаа бидний үе л энэ шилжилтийг голтойхон авч явах нь тодорхой юм байна” гэдэг дүгнэлтэн дээр нэгддэг байв. Сүүлд дуулахнээ, тухайн үед МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ч хоёр дахь ерөнхий захирлыг сонгон шалгаруулахдаа хэдэн зарчим дээр тохирсон юм билээ. “1-рт тогоон дотроос нь, 2-рт залуу хүнийг, 3-рт удирдах ур чадварыг харгалзана” гэсэн зарчмын шалгууруудад сонгон шалгаруулалтанд оролцогсдоос би дөхсөн юм даг уу даа, сонгогдсон юм. Бас л сүүлд сонсож байхад Үндэсний зөвлөл хамт олон дотор судалгааг чамгүй идэвхтэй явуулж байсан юм гэдэг. Өнөөдрийг хүртэл дотроосоо дэвшиж радио, телевизийг удирдсан нь Ц.Мөнхтөр дарга бид хоёр л байна. Миний хувьд Өглөө хөтөлбөр студийг удирдаж байсан маань радио, телевизийг удирдах суурь туршлага болсон. Жижиг нэгжээс томруулж харахад олон зүйлийг хийж болно гэж үзсэн. Тийм ч учраас мөрийн хөтөлбөр боловсруулан үзээд алдсан хэрэг.
Тухайн үед задгай, замбараагаа алдсан, бутархай байдал хумигдаж, цэгцэндээ, горимондоо орж тогтворжих нь чухал байсан учраас ажлаа аваад хамгийн түрүүнд анхаарлаа тэр зүйлд шуурхай хандуулснаар эргээд төдөлгүй эмхэрсэн. Дараагийн чухал асуудал бол МҮОНРТ-ийн хамт олон маань хуулиа ойлгож, хил хязгаарыг давахгүй ёс зүйтэй, үндэсний суурь соёл, хандлага, оюун сэтгэлгээг алдалгүй залгамжлан хүргэгч, түгээгч байх нэгэн зүг чигийг барих ёстой байсан. Тодруулбал, ОНРТ нь шуугиан таригч, талцуулан хуваагч биш, хэн нэгний болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг илэрхийлэгч биш, бодит мэдээллээр л олон нийтийг хангах ёстой газар, энэ дэг соёл дотор бид амьдрах ёстой гэсэн үг. Энэ зарчмаа бодлогын хувьд барьж, ерөнхий удирдлагаар хангаж дэмжихэд л манайхан сенсаци хөөж “хуурнин шуугиад” байхгүй ажиллаж л байдаг хүмүүс.
Мэдээж радио, телевиз гэсэн хоёр салбарын хувьд удирдаж байгаа хүнээс, шат шатнаас хамаарах зүйл их бий л дээ. Цаашлаад энэ бүхэнтэй зэрэгцэн ажиллах орчныг сайжруулах, авто парк шинэчлэх, техникийн шинэчлэл хийх, 2-р сувгийг нээж, үйл ажиллагааг нь тогтворжуулах, радиогийн 3-р сувгийг нээж эхлүүлэх зэргээр санаачилсан ажил, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ч чадсан. Онцгойлон миний хувьд ажиллагсдын нийгмийн асуудал дунд хамгийн чухал нь болох орон сууцжуулах ажлыг сэтгэлдээ багтааж явсаар хийсэндээ их баяртай, өег явдаг юм. Одоо ч тэр ажил үргэлжилж байх учиртай.
Ингээд л дээрээс ирсэн “шахаануудтай” тулахдаа тулж, үзэхдээ үзэлцсээр есөн жилийн хугацаанд хамт олон, бид бүгдээрээ шилжиж чадсан байсан. Л.Мөнхтөр намартаа “Ургацын далай”-гаа давалгаалуулж, радиогийнхон маань хөдөө, гадаа давхисаар л, “Таван эрдэнэ” эгшиглэж монголын хөдөөд хавар дэлгэрч, урин цаг наашилсныг дуурсган, цагийн хатууд ч малчны хотноос, хөдөөгийн суурингаас сурвалжилсаар л.
Телевизийнхэн маань баруун зүүн хязгаараас “Алтан язгуур”-аа бэлдэж, “Эргэх дөрвөн цаг”-аа үзүүлж, “Удмын алтан хэлхээс”-ээ бичиж, “Уриншаас ургац” хүртэл уран бүтээлчид тариан талбайд ажиллаж, “Төл таван эрдэнэ” нүүдэлчин ахуйгаа харуулж, амжилт ололтоор нь бахдаж байв. Нэвтрүүлгийн сүлжээнд тогтмол явж байсан олон нэвтрүүлгээс, үүргээ биелүүлсэн олон төслүүдээс хэдхэнийг онцлон дурдахын учир нь үндэсний соёл урлаг, зан заншил, хөдөөгийнхний аж амьдрал, ахуй, тариаланчдын жаргал зовлонг бид л үзүүлэх үүрэгтэй байсных.
Хүн амын ихэнх нь хотод суурьшсанаас хурдтай, сенсацитай зүйл нэхэж шүүмжилж байсан ч энэ бүхнийг биднээс өөр хэн үзүүлэх билээ. Хэн олон нийтийн дуу хоолой, бодит зураг нь байх билээ. Гаднын олон нийтийн сувгуудыг судлахад тухайн улсдаа ОНРТ нь “уйтгартай” гэж шүүмжлэгддэг ч үндэсний болоод олон нийтийн гэсэн үндсэн зорилго үүргээ тэд л барьсаар байдаг юм билээ. Манайхаар үндэсний олон ангит кино хэсэг л шуурч, жүжгүүд гарч, баримтат кинонууд хийгдэж байсан.
Энэ мэтчилэн цааших замдаа итгэл төгс байцгаасан юм шүү. Гэтэл юу юугүй түмний өмнө “замаа алдсан архичид” гэж “цоллуулсан”, манайхан ч юу юугүй босдог дээрээ тулсан. Аргагүй шүү дээ. Үнэндээ 2007 онд оффисыг засварлахдаа чухалчлан тооцсон хоёр зүйл нь уухгүй, ажил цалгайрахгүй байх явдал байсан юм. Ийм учраас уран бүтээлчдийн өрөөнүүдийг “шилэн хорго” (манайхан тэгж нэрлэдэг) болгосон. Нэг ёсондоо шилэн хана өөрөө автомат хяналт, хамжаарга болсон. Өөрсдөд нь ямар тэгж хэлэлтэй биш.
Ер нь ч хандлага өөрчлөгдөөд л байсан юм чинь. Дэг журам сайжирна, ажил хариуцлагатай, за тэгээд наад зах нь бие засах газрын цэвэр байдал дээрдэнэ гээд сайн нөлөө чамлалтгүй гарна. Айл гэрээр зүйрлэж бодоход л өрхийн тэргүүнд аж ахуй, соёл хэвшлийн том бага бүх зүйл хамаарч харагдаж байдаг. Тэгээд ч суурин соёлын хамгийн чухал үзүүлэлт нь бие засах газар гэдгийг хэн чиг л мэднэ. Ямар сайндаа л англиар бие засах газрыг restroom гэх вэ дээ. Амрах амсхийх гэдэг утга байдаг. Бохир болхи байх ёсгүй гэсэн үг.
Тийм учраас “00-д мөнгө үрлээ” гэх жиг жуг яриаг авч хэлэлцэлгүйгээр “наад захын энэ мэт соёл, тав тухаас хүмүүжих ёстой” гэж үзээд хэдэн 00-ыг ахин дахин засуулж байлаа. Жижиг хэрнээ том соёл, тав тухыг тооцоолж л байсан минь тэр. Үйлчлэгч нар маань ч ариун цэврийг бүрэн гүйцэд манадаг болсон.
Намайг ажлаа өгөхөд Радио, телевиз техник, аж ахуйн хувьд асуудалгүй болж үлдсэн. HD форматад шилжихэд бэлдэж, техник технологи аль алиныг нь чамгүй базаасан, жаахан хөдлөхөд л болохоор байсан. Одоо ч болоогүй л байна. Юунаас хамаараад болж өгдөггүй нь гайхмаар.
Есөн жил удирдан ажиллахад дандаа дардан, үргэлж санаснаар бүх ажил болоод бүтээд байгаагүй ч хийнээ гэсэн итгэл - зүтгэл, одоо ч намайг овоглосоор байгаа энэ том хүчирхэг байгууллага, хүчтэй туршлагатай баг байсан юм. Хэзээ ч хэний ч өмнө тоочиж “гонгинож” явсангүй, магадгүй их амархан харагдаж, санагдаж байсан байж мэднэ. Гэхдээ ил далд, том жижиг бэрхшээл, асуудал тасардаггүй байлаа. Хараат бус байдалд халдах санаархал - оролдлого, улс төрийн дарамт, шахалтаас болж хэн бүхэнтэй л үзэж тарж, өс хонзон барилдах бол энүүхэнд.
Арчаад хаях, эрх зоргоороо МҮОНРТ-ийг “эдэлж” байх хүсэл “тачаалын” бай болж, хамт олны болон бүх л асуудлын бамбай байх амар биш л дээ. Хүн л юм хойно бухимдана, стресс гээчтэй чинь тулна. Тэглээ гээд нугарч байсангүй, асах бамбар нь байх гэж л хичээж ажилласан, энэ бүхэн ердөө хариуцлага л байсан. Хуулийн дор байсан учраас хэнээс ч айж цочиж байсангүй. Хуулийн дээр гарах гэсэн хэн нэгний тулгалтанд барьдаг хариу бол ОНРТ-ийн тухай хууль л байлаа.
Гэхдээ болж байсан юм шиг хэрнээ болохгүй байсан хуулийн гажуудал өнгөрсөн жилийн төсвийн таналтаар бүрэн тодорхой болсон. Эрх баригчидтай “тулж” байсан үе бий ч аль нь ч тэгтлээ төсвөөр боомилж, дарамталж байгаагүй. Хараат бус байдалд дургүй нь хүрсэн “хэн нэгэн” эрх баригч шууд нөлөөлж чадаж байгаа нь яагаад ч байж болохгүй зүйл. Угтаа төсвөөс санхүүжих нь, бас дээрээс “цэнэгтэй” хүмүүс удирдах нь өөрөө болохгүй болчихож байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг шинэчлэх хэрэгтэй болж таарч байгаа юм.
Телевизийн гэх овог минь хэвээрээ, радио телевизийнхэн маань талархах нь, хандах нь, тэр битгий хэл намайг өөрсдийнх нь төлөө явсангүй, дуугарсангүй гэж гомдол мэдүүлсэн хэвээрээ. Жирийн иргэн хүртэл асуудлаа тоочиж, хөндөх сэдэв өгч л байх. Ярих, дуугарах юм их бий. Гэвч ярих цаг бишгүй юм чинь. Дурдах, бичих юм дуусахгүй.
Энэ бүх хугацаанд, энэ бүх зүйлээс маш ихийг сурч, өсч чадсан учраас таагүй төгсгөлөөс нь ч сайн туршлага л авч үлдэх гэж оролдсон. Хамтдаа л байсан хамт олондоо талархаж, өндөр суварга минь өнөд л өөдөлж байгаасай гэж бодох юм даа.
Үргэлжлэл бий...
Зочин · 2016/03/05
Заа боль доо Телевизийг самарч самарч хөөгдөчихөөд одоо юу гэж гоншгоноод багаа юм Телевйзийн хашааны доторхи газрыг үнэгүй хувьдаа авч дүүгээрээ барилга бариулж ажилчиддаа өндөр үнээр шахсан Одоо баахан хүнээс орон сууцанд оруулна гэж урьдчилгаа авч дүүдээ өгөөд алга болсон Өөрөө өөрийгөө 40000000