Монгол гэдэг айл түүхэндээ 37 улс орны төрийн тэргүүнийг угтаж авах томоохон айлчлалыг хүлээн авахад бэлдэж байна. Дэлхий дахинд биднийг гаднаас ирсэн улсад цайныхаа дээжийг барьж, найрсаг зочломтгой ард түмэн гэдгээр минь мэддэг. Иймд бид нар хот айлаараа найрсаг зочломтгой ард түмэн гэдгээр харуулах хэрэгтэй.

Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулалтыг татах томоохон хөшүүрэг бол АСЕМ-ын уулзалт хэмээн харж байна. Тиймээс гадаадын төлөөлөгчдыг хүлээн авах улс орноо таниулан сурталчилан үүнийг дагасан аялал жуучлал гээд нөр их ажил эхэллээ. Уг уулзалтын дагаад нийгэмд шүүмжлэх олон асуудал гарч буй. Гэхдээ нэгэнт олон улсын хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болсон тул бид нар эрвийх дэрвийхээрээ оролцох болж байгаа юм. АСЕМ-ын уулзалтад зориулж нийслэл хотын 13 гудамж талбайг 21 тэрбум төгрөгөөр тохижуулах бөгөөд 4000 орчим мод, савлагаатай цэцэг сууриулахаар болжээ. Түүнчлэн дээрх 13 гудамжинд байрлах хувийн аж ахуйн нэгжүүд гаднах орчиндоо анхаарахыг АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэн сануулан хэлж байсан юм.

АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор 4500 орчим зочин, үүний дотор 50 орчим орны төрийн тэргүүний хүлээн авах тав тухтай, аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй. Бидэнд ийм туршлага байхгүй тул Герман, Итали, Франц улсаас томоохон улс төрийн тэргүүнийг хүлээн авч аюулгүй байдлыг хангаж байсан мэргэжилтнүүд ирж зөвлөхөөр ажиллаж байгаа юм. АСЕМ-ын уулзалтанд зориулж 5379 ор, 3586 өрөө, 37 улсын Ерөнхийлөгч байрлах 43 зочид буудлыг эхний байдлаар сонгож авчээ. Эдгээр зочид буудлын засвар, техник технологи, үйлчилгээнд зориулж төрөөс 198 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Дээрх 43 зочид буудлаас 34 нь хөрөнгө оруулалт хүсэж, таван жилийн хугацаатай есөн хувийн хүүтэйгээр нэг зочид буудалд 30 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор болжээ. Дээрх зочид буудалд ажиллах 2800 орчим ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг явуулж байгаа юм.

Уг чуулга уулзалтын хүрээнд нийт найман томоохон хурал болохоос эхний хурал ирэх сарын 21-22-ны хооронд манай улсад болох юм. Монгол Улсад маань шийдэгдээгүй олон асуудал байгаа ч дээрх уулзалтаас хөрөнгө татаж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм. 2012 онд Азийн харьцангуй буурай хөгжилтэй гэгдэх Лоас улсад АСЕМ-ын чуулга болоход бидэнд тулгарч байгаа дээрх асуудлууд тулгарсан байдаг. Тэд нисэх онгоцны буудлаа өргөтгөхөд БНХАУ-аас 37.8 сая ам.долларын хүү багатай зээл авч, зочид байрлуулах хаус хотхоныг барихын тулд 500 гаруй фермерийн аж ахуйн эрхлэгчээ хөөн гаргаж, АСЕМ-ын уулзалт зориулсан 30 сая орчим ам.долларынхоо 40 хувийг тансаг ангиллын машинд зориулсан байгаа юм. Гэхдээ тэд уг уулзалтыг тун овсгоотой ашиглаж, хоёр өдрийн дотор АСЕМ-ын гишүүн түнш орнуудтай санхүүгийн тусламж үзүүлэх 20 орчим санамж бичигт гарын үсэг зурсан байдаг юм.

Сайхан айлд хоноод дайлуулаад гарахад дараа тэр айлд ирэхийг ямар нэгэн байдлаар туслахыг боддогтой адил. Бид ч бас АСЕМ-ын чуулганд ирсэн зочид төлөөлөгчдийг монгол хүний сайхан ухаанаараа угтаж, байгаа зүйлээрээ дайлан үдмээр байна.

Т.Буянаа