Ханиад томууны дэгдэлт дээд цэгтээ хүрч эмнэлгүүдийн ачаалал ихэссэн байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Сайдгүй эрүүл мэндийн салбар "үхэлийн ирмэгт" иржээ. Дүүргийн эмнэлгийн хаалгыг татаад ороход л хүлээн авах нь пиг дүүрэн хүнтэй. Ханиалгасан, бүлээрсэн бага насны хүүхдүүдээр дүүрч, эцэг эхчүүд нь яах аа мэдэхгүй эмч нарыг хэвтүүлээд өгөхийг царайчлан гуйна. Нярайгаас бусад насны хүүхдүүдийг үзээд гайгүй байгааг нь эмчилгээ бичиж өгөөд гэр рүү нь буцааж байв. Харин хүндэрсэн зайлшгүй хэвтэж эмчлүүлэх хүүхдүүдийг "оргүй байгаа. Коридорт эвхдэг ор тавиад л байх нь байна ш дээ" хэмээн учирлаж өвчтнөө хүлээж авч байна.

Эмнэлгээс хүүхэд гарвал хонгилоосоо коридор руу шилжиж, коридорт байгаа нь өрөө рүү ордог бичигдээгүй тогтолцоог өвчтнүүд, эмч, сувилагчид тогтоож. Манай улсаас өөр хонгил, коридорт хэвтэж эмчилгээ хийлгэдэг улс хаа ч үгүй биз. Хүнийхээ эрүүл мэндийг тэргүүн дээдээр хүндлэх ёстой байтал ийнхүү амьд явах эрхийн боомжилж салбарын сайдыг нь өнөөдрийг хүртэл томилохгүй улс төржүүлж байгаа нь эмгэнэл.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг ачаалал хэдийнээ хэтэрсэн. Эмч нар нь "төр засгаас, салбараас биднийг харж үзэхгүй байна. Хэт их ачаалалтай, өвчлөл маш их байна" хэмээн учирлав.

Тус дүүргийн хэмжээнд 100 гаруй мянган хүүхэд бий гэсэн статистик судалгаа байдаг юм байна. “Манай эмнэлэг хүүхдийг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэр утгаараа хэвтэх бичигтэй хүүхдүүд л ирэх ёстой. Гэтэл аав, ээжүүд нь ажлын цаг дууссаны дараа хүүхдүүдээ аваад ирдэг. Хүлээн авах хэсэг оройдоо битүү хүнтэй болдог. Одоо ч биднийг дээрээс ч, хэвлэлийнхэн нь тоохоо байлаа хэмээн учирласан юм.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал ямар байгааг дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хамгийн их ачаалалтай байгаа юм байна. Тус эмнэлгийн ачаалал 86.4 хувиар хэтэрчээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүрэгт одоо байгаа нэгдсэн эмнэлэгтэй адил дахиад нэг эмнэлэг хэрэгтэй болоод байгаа гэсэн үг. Харин хамгийн бага ачаалалтай байгаа Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд л гэхэд хүүхдийн орны ачаалал 38.5 хувиар хэтэрсэн байна. Бидний очсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 55 хувиар хэтэрчээ. Ачаалал нь 50 гаруй хувиар нэмэгдэхэд эмнэлгийн ор төдийгүй өрөө, тасгууд хүрэлцэхээ больж, эх, хүүхдүүд хонгилд хэвтэж байгаа юм чинь, 70-80 хувиар ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой. Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн насанд хүрэгчдийн орыг хүүхдүүдэд шилжүүлээд ч ачаалал багасахгүй байгаа гэдгийг наад захын дүүргийн эмнэлгийн эмч нар хамгийн түрүүнд хэлж байв. Нийслэлийн хэмжээнд байгаа эмнэлгүүдэд шинээр хэвтсэн хүмүүсийн 57 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой, тэдний 98.3 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа гэнэ.

Ийнхүү сайдгүй, эрүүл мэндийн салбарын эмч, өвчтнүүд бичигдээгүй хуулийн дагуу "коридорт, хонгилд эмчилгээ хийж байна". Техник технологи хөгжсөн зуунд амьдарч буй бид барилга байшингийн талаарх асуудлаа шийдэж чадахгүй завхруулсаар.. төрийн дээдсүүд нь гадаад улс руу аялж, биеэ сувилуулдаг болохоор ард иргэдийнхээ эрүүл мэндийг гаргуунд нь хаяж байгаа нь эндээс илт харж болно. Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн талаар энд огт цухайлгасангүй ээ. Зөвхөн хэвтэн эмчлүүлэх орны асуудлын талаар дурдаж байгаа салгаж ойлгож буй биз.

 

 

Холбоотой мэдээ:

"Сайдгүй ч эрүүл мэндийн салбарынхан "хүнд суртал үнэртүүлмээргүй байна"