Худалдан авалт бүртээ бар код бүхий баримт авч www.ebarimt.mn цахим хуудас бүртгүүлэн, баримт баталгаажсанаар азтан болох боломжтой.

Хууль хэрэгжиж буй энэ хугацаанд нийт 28217 баримт хонжвор хожсоноос 20 мянган төгрөгийг 25485 баримтад таарчээ. Одоогийн байдлаар супер хонжвор нь 20 сая төгрөг бөгөөд гурван азтан тодорсон байгаа билээ.

 

80-120 МЯНГАН ТӨГРӨГИЙН НӨАТ-ЫН БАРИМТ ХЭВЛЭХ МАШИН

 

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр өчигдөр нийтийн эрх ашгийг хөндсөн зарим асуудлаар тайлбар, мэдээлэл авахаар Гааль, татварын ерөнхий газарт ажиллажээ. Түүнчлэн, жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох кассын машиныг авахад эдийн засгийн боломжгүй байгаа тухай яригдав. Тэдгээр хүмүүсийн хувьд том дэлгүүрүүдийн адил шаардлага тавьж байгаа нь дарамттай байгаа тул кассын машины талаар журамд өөрчлөлт оруулах асуудлаар тус байнгын хороонд хандсан байна. Тиймээс худалдаа эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага, кассын машины үнэ, тариф, жижиг худалдаа эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт, иргэдийн өргөдлийг шийдвэрлэх боломжийн талаар тайлбар, мэдээлэл сонслоо.

Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, иргэд болоод жижиг аж ахуйн нэгж заавал нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй кассын машин ажиллуулах шаардлагагүй. Энэ шийдлийг олон нийтэд таниулахаар сургалт явуулж байгаа уулзалтын үеэр хэллээ. Өнөөдрийн байдлаар баримт хэвлэгч төхөөрөмжийг 80-120 мянган төгрөгөөр худалдан авах боломж бий. Хуульдаа кассын машин болон түүнтэй адилтгах баримт хэвлэгч тоног төхөөрөмж гэж заасан. Иймд жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох хэвлэгч төхөөрөмжийг 80000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

 

УЧИРЛАЖ, ХОЙРГОШСОН ХОЁР САР

 

Томоохон хувьцаат компаниуд болон сүлжээ дэлгүүрүүд бүх салбарынхаа кассын машиныг шинэчлэн бар кодтой баримт хэвлэх машинтай болсон. Харин үсчин, гоо сайхан, жижиг хоолны газрууд, хувиараа бизнес эрхлэгчид түрээс, урсгал зардал зэрэг дүнг тооцож үзээд худалдан авалт бүрт баримт өгч үйлчлэхэд хүндрэлтэй байгаагаа учирласаар хоёр сарыг үдэж байна. Тухайлбал, “Шим” супермаркет авсан барааны үнийн дүнгээс хамааран баримт хэвлэх эсэхээ шийддэг байна. Өөрөөр хэлбэл, 480 төгрөгөөр бөөний үнээр авсан цэвэр усаа 500 төгрөгөөр борлуулдаг. Тэдний хувьд 20 төгрөгийн ашиг хардаг гэнэ. Тиймээс бар код бүхий баримт хэвлэж өгснөөр өөрийн авах ашгаас давсан мөнгө төлөх болж байгаа юм хэмээн тайлбарлалаа. Тэгэхээр НӨАТ-ын 10 хувийг хэрхэн төлөх тухай ойлголт маруухан байна уу, эсвэл мэдэн будилж байна уу гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Учир нь 500 төгрөгийн цэвэр уснаас 10 ширхэгийг авах, нэгийг авах хоёрт ялгаа гарахгүй. 20 төгрөгөөс хоёр, 200-гаас 20 төгрөг авч байгаа юм шүү дээ. Тэгэхээр тоо нь олон болсноос өөр чанарын ялгаа байхгүй юм. Магадгүй жижиг дэлгүүрийн хувьд өөрийн нэмж борлуулсан 20 төгрөгөөс бус үндсэн үнэ болох 500-гаас НӨАТ төлнө гэж ойлгосон байж болно. Гэхдээ цэвэр ус үйлдвэрээс гарахдаа НӨАТ-ын 10 хувь шингэсэн үнээр тооцоологддог. Жишээлбэл, үйлдвэрийн үнэ нь 400 төгрөг байжээ. Тэгвэл 40 төгрөгийн татвар ногдсон байгаа. Түүнийг нь бөөний худалдааны төв 450 төгрөгөөр борлуулжээ. Тэгвэл 450-аас бус зөвхөн 50 төгрөгөөсөө НӨАТ тооцох учиртай. Мэдээж эцсийн хэрэглэгчид хүргэж байгаа дэлгүүр 500 төгрөгрөөг борлуулсан бол өөрийн нэмсэн 50 төгрөгөөс л төлнө. Ингэхдээ хэдэн дамжлага дамжсан эсэхээ нотлох хэрэгтэй юм.

Энэ мэтчилэн ташаа ойлголттой худалдаачид бар код бүхий баримт хэвлэхээ цааргалж буйгаа кассын машиныг өндөр үнээр борлуулж байгаатай холбон тайлбарлаж байна. Уг нь сугалаатай төлбөрийн баримт өгөх хялбар боломжууд бий. Тухайлбал, хүн бүр ухаалаг утастай болсон техникийн дэвшилттэй үед амьдарч байгаа учраас интернетээр www.ebarimt.mn цахим хуудас руу нэвтрэн баримтыг тухайн худалдан авагчийн мэйл хаяг руу илгээж болно. Мөн энгийн принтерээр хэвлэж бас болох юм. Мэдээж нөүтбүүк, таблетийг ашиглах боломжтой. Бас нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Хэрэв бар код бүхий баримт хэвлэж өгсөн бол мэдээллээ татварын системд гурав хоногийн дотор тогтмол илгээх учиртай.

 

ДУНДЫН ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД СУУРИЛУУЛСАН

 

Томоохон худалдааны төвүүдэд дундын хэвлэх төхөөрөмж суурилуулснаар асуудлыг төвөггүйхэн шийдэхээр болсон. Тухайлбал, Саруул зах, Одкон, Меркури, Сутайн буян зэрэг худалдааны төвүүдэд дундын хэв­лэх төхөөрөмжийг суу­ри­луулжээ. Гэвч зарим газарт үүнийг хэ­рэг­жүүлэх явц нь удаан байгааг хүмүүс шүүм­жилж байна. “Бөмбөгөр” худалдааны төвийн хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд нэг метр квадратад 120 мянган төгрөгийн түрээс төлдөг аж. Тээврийн зардал, түрээсийн төлбөр зэргийг тооцон барааныхаа үнийг тогтоохдоо үндсэн үнэ дээр 15 хувийг нэмдэг. Үүнээсээ 10 хувийг нь татварын шимт­гэлд төлвөл алдаг­далтай ажиллах тухай тайл­барлаж байна. Тэдний хувьд кассын машин тавьбал барааныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй хэмээж байв. Уг нь бид бүхний худалдан авч байгаа бүхий л бараа бүтээгдэхүүнд НӨАТ-ын 10 хувь шингэсэн дүн, тиймээс үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй хэмээн албаныхан тайлбарлаж буй. Тиймээс айдас, болгоомжлолоо ардаа орхин хуулиа хэрэгжүүлэн, эрүүл эдийн засагтай болохыг зорилгоо болгох хэрэгтэй юм.

Г.АНУДАРЬ