Өнгөрсөн жил ихэнх нутгаар гандуу байсан учир газар тариалангийн салбар бүхэлдээ хүнд байдалд орсон. Тиймээс энэ хаврын тариалалтыг цаг хугацаанд нь хийх асуудал тариаланчдын өмнө хүнд сорилт болжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт тариалалт эрхэлдэг Баян-Ундрах компани л гэхэд өнгөрсөн жил ургацынхаа 70 хувийг алдсан гэж байна.

Нийт 1200 га-д тариалалт хийдэг тус компани га-гаас дөрвөн центнер л буудай хураан авсан байна. Тариачид бүгд Банк, Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй байгаа юм. Иймээс хаврын тариалалтын үеэр төрөөс нэгдсэн бодлого, тусламж хэрэгтэй байгааг нийт газар тариалангийн салбарынхан учирлаж байна.

Хаврын тариалалт эхлэх дөхсөн энэ цаг үед тариаланчид зөвлөлдөж, энэ жилийнхээ ажлыг төлөвлөж, өнгөрсөн жилийнхээ алдаа оноог дүгнэлээ. Тус зөвлөгөөнийг Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо”-ноос санаачлан амжилттай зохион байгууллаа.

“Тариаланчдын хаврын зөвлөгөөн 2016” нэгдсэн уулзалтаар салбарынхаа олон асуудлаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрсэн юм. Тус зөвлөгөөний үеэр тариаланчид салбараа мэдэхгүй сайдын буруу бодлогоос газар тариалангийн салбар уналтад орсон гэдгийг онцолж салбар яамны сайдаа солих хүсэлтэй байгаагаа учирлан хэлсэн байна.

150 сая ам.долларын гурил, улаанбуудай импортлож байгаа нь долларын ханшид нөлөөлсөн, дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжээгүй, салбараа дампууруулсан, тариаланчдын урамшууллын мөнгийг өгөөгүй зэрэг нь Р.Бурмаа сайдын ажлыг хангалтгүй хэмээн үзэхэд хүргэжээ.

Монгол Улс энэ жил нийт 350 орчим мянган га талбайд тариалалт хийхээр ерөнхий төлөвлөгөө боловсруулсныг дуулгая. Үүний 300 мянгад нь улаан буудай тариалах урьдчилсан тооцоо бий. Засгийн газрын ээлжит хурлаар үүнийг хэлэлцэж, албажуулах юм. Ингэснээр энэ хаврын тариалалтын тоон дүн илүү тодорхой болно.

Өнгөрсөн намрын хувьд ургац их хэмжээгээр алдсан тул тариалан эрхлэгчид үрийн нөөц бүрдүүлж чадаагүй. Олонх нь ногоон тэжээл бэлтгэж, бүтэн жилийн хөдөлмөр нь талаар болсон.

Тэдний дийлэнх нь өнгөрсөн намар “өвдөг шороодсон” тул буудайн үргүй, үр худалдаж авах эргэлтийн мөнгөгүй болсон. Хаврын тариалалт хаяанд тулчихсан байгаа энэ үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дээр дурдсан хэмжээнд тариалалт хийх боломж, бололцоо тун тааруухан байгаа юм.

Т.Буянаа