Таван хувийг тойрсон бантан
2016/03/09
Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлт гарч, барилгын салбарын ипотекийн зээл зогсонги байдалд орж байсан нь саяхан. Өөрөөр хэлбэл, иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгож байгаа болон тэдгээр үл хөдлөх хөрөнгийг иргэд өөрөө дур мэдэн бусдад худалдаж, шилжүүлж, түрээсэлж болохгүй, заавал банкны зөвшөөрлөөс шийдэж байгаа нь Үндсэн хуультай харшилдаж байна гэсэн дүгнэлт гарснаар банкууд зээлээ зогсоосон.
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бүх зээл тэр дундаа ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгох асуудал зогсонги байдалд орсноор улс төрийн намуудын анхаарал ипотекийн зээлийн асуудлыг онилж эхэлсэн билээ. АН-ын зүгээс МАН-ынхан иргэдийг байртай болгох боломжийг хаалаа. АН-ын хийсэн том ажил болгоныг тэд баллуурдаж байна хэмээн мэдэгдсэн.
Улмаар Ардын нам харин эсрэгээрээ ипотекийн зээл бол шоу төдий. Тиймээс байрны зээлийн хүү бууруулах гэхээс илүү барилгын хөөсөрсөн үнийг буулгах ёстой гэж мэдэгдсэн билээ. Энэ бүх маргаан мэтгэлцээн Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдэгдэж иргэд арайхийн амьсгаа авах боломжтой болж байв. Гэтэл АН-ын дарга З.Энхболд банкуудын холбоо, барилгын компанийн эзэд, сэтгүүлчдийг цуглуулж инфляци буурсан учраас одоо ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой.
Тиймээс бид хүүг бууруулах судалгаа явуулж таван хувь хүртэл бууруулах боломжтой гэж судалсан. Хэрвээ таван хувь болгож бууруулвал боломжтой юу хэмээн албаны хүмүүсээс сэтгүүлчдийн өмнө “байцаалт” авч байлаа. Тэнд цугласан албаны хүмүүс, банкны салбарынхан, эдийн засагчид бүгд л буурах боломжтой гэж мэдэгдэж байсан. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд өөрөө “Моргейжийн зээл их уян хатан байдаг. Одоо зээлийн хүү 8-5 хувь болчихлоо. Тэр рүү бүгдээрээ шилжих гэж ирнэ, түүнийг хориглох ямар нэг хууль зүйн акт байхгүй.
Таван хувь болчихоор орлого буурна. Монголбанкны зүгээс нүдээ аниад явуул гэж байгаа, зайлшгүй хийх ёстой зүйл” хэмээн ярьж байлаа. Энэ цагаас хойш ипотекийн найман хувийн зээл таван хувьд шилжих нь гэсэн хүлээлт бий болж, барилгын компаниуд ч уухайн тас дэмжсэн.
Зах зээлд борлогдохгүй эзнээ хүлээж буй 40 гаруй мянган орон сууцаа эзэнтэй болгохыг хүссэн барилгын компанийн эзэд, төлж дуусах жил нь урт ч, төлөх мөнгө нь сардаа бага байх таван хувийн зээлийг хоног тоолон хүлээсэн. Байр авах хүсэл хэрэгцээгээ түр хойшлуулж, АН-ынхны амлалт биелэлээ олоосой хэмээн залбирч байсан залуус олон бий. Гэвч тэдний хүсэл үндсэндээ талаар болов. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван сар шоудсан таван хувь иргэдийг баярлуулан гомдоож, ялгаварлан гадуурхав.
Таван хувьд хэн хамрагдах вэ
Засгийн газраас өнгөрөгч баасан гарагт ээлжит бус хуралдаан зарлаж ипотекийн зээлийн хүүг бууруулах журам баталсан. Гэвч энэ журамд шинэ суурьшлын бүс буюу дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууц, алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдаж буй орон сууцанд байр авах бол таван хувьд хамрагдах боломжтой гэж тусгажээ. Банкны шалгуур, урьдчилгаа 30 хувьд ямар ч өөрчлөлт ороогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та алслагдсан дүүрэгт байр авч байгаа, эсвэл гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байр авч байгаа, эсвэл өмнө нь авсан бол таван хувиар зээл авах, эсвэл зээл авсан банкныхаа эдийн засагчид хандаж таван хувь руу шилжүүлэх боломжтой юм.
Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Бусад байршилд гэдэг нь хотын төвд баригдсан орон сууц болон Буянт-Ухаа-1, 2 бүгд хамаарна. Зөвхөн Баянхошуу, Толгойт, эсвэл Багануур, Багахангайд амьдрах сонголт хийсэн бол та таван хувьд хамрагдаж, ресторанд орох мөнгөө илүү гаргаж авна гэсэн үг. Цаашид гэдгийг журамдаа тодорхой тусгаж өгөөгүй. Магад сонгуулийн дараа л энэ асуудлыг шийдэх биз. Сонгуулийн дараа ямар нам гарч ирэх, олонхи бүрдүүлж чадах эсэхээс хамаарч энэ асуудал хойшилсоор л байна.
Дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй учраас 2020 оны сонгуулиас өмнө энэ шийдвэр гарч чадвал их юм. Гуравхан сарын өмнө АН-ынхан өрх толгойлсон, урьдчилгаагаа бүрдүүлж чадахгүй бүх л хүмүүст тодорхой дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч харамсалтай нь тэд иргэдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргачихлаа. Нийслэлд тэртэй тэргүй АН нэр хүндтэй. Тэр ч утгаараа нийслэлд байр авах иргэд найман хувиа төлж, 30 хувиа хаанаас хэрхэн бүрдүүлэх эсэх нь огт хамаагүй бололтой. Харин сонгуулийн шоугаа 21 аймагт чиглүүлж, таван хувиар тэдний тархийг угаах оролдлого хийсэн нь энэ юм.
Таван хувь анхнаасаа л сонгуулийн шоу төдий байж
Дахин төлөвлөлт ч бай алслагдсан дүүрэг ч байсан иргэд байр худалдан авахад хамгийн чухал нь урьдчилгаа 30 хувь болон банкны шалгуур байдаг. Гэтэл урьдчилгаа төлбөр, шалгуурт ямар ч өөрчлөлт ороогүй гэхээр яг л бахь байдгаараа иргэд банкны шалгуурт бүдэрч, урьдчилгаа 30 хувь олж чадахгүй учраас байранд орж чадахгүй хэвээр байх нь. Нийслэлд борлогдохгүй байгаа 40 гаруй мянган орон сууцнаас дахин төлөвлөлтөд хамрагдсан 434, алслагдсан гурван дүүрэгт 954 орон сууц л таван хувиар иргэдийн гарт очно.
Алслагдсан дүүрэг, гэр хорооллыг онилсон шалтгааныг магтая гэвэл магад гэр хорооллын утаа буурч болох юм. Дахин төлөвлөлт бол АН-ын гол мөрийн хөтөлбөр учраас ирэх сонгуулиар дахин төлөвлөлтийг дэмжиж бид таван хувийн зээл олгож эхэлсэн гэсэн мессеж өгөх нь тэдний зорилго бололтой. Инфляци буурсан учраас найман хувийн зээлийг таван хувь руу бууруулах боломжтой гэж мэдэгдэх үед эдийн засагчид энэ талаар эсрэг байр суурьтай байсан. Гэсэн ч тэд эдийн засагчдын үгийг үл тоож, бараг л төрийн бодлогын эсрэг дуугарсан дайсан мэтээр зарлах нь холгүй байлаа. Инфляци буурсан нь иргэдийн худалдан авалт буурсантай холбоотой.
Тэрнээс биш эдийн засгийн нөхцөл сайжирсан учраас буурсан хэрэг биш гэдгийг олон ч эдийн засагчид сануулсан. Эрх баригчид үүнийг мэдэж байсан ч таван хувь тэдний хувьд нэр хүндээ авч үлдэх сонгуулийн шоу төдий байж. Дахин төлөвлөлт ч бай алслагдсан дүүрэг ч байсан иргэд байр худалдан авахад хамгийн чухал нь урьдчилгаа 30 хувь болон банкны шалгуур байдаг. Гэтэл урьдчилгаа төлбөр, шалгуурт ямар ч өөрчлөлт ороогүй гэхээр яг л бахь байдгаараа иргэд банкны шалгуурт бүдэрч, урьдчилгаа 30 хувь олж чадахгүй учраас байранд орж чадахгүй хэвээр байх нь. Нийслэлд борлогдохгүй байгаа 40 гаруй мянган орон сууцнаас дахин төлөвлөлтөд хамрагдсан 434, алслагдсан гурван дүүрэгт 954 орон сууц л таван хувиар иргэдийн гарт очно.
Үлдсэн 30 гаруй мянган орон сууц борлогдох эсэх нь огт хамаагүй. Төвийн бүсэд байр сонгосон таны хохь, төрийн санхүүжилтээр боссон байр авч чадвал чад гэсэн хариулт өгч байгаа гэсэн үг. Хэрвээ иргэдээ ингэж ялгаварлаж, сонгуулийн шоу төдий болгох байсан бол өмнөх сайдын үед яригдаж байсан урьдчилгааг 10 хувь болгож, банкны хугацааг арай урт болгох нь магадгүй бүгд эрх тэгш хамрагдаж, урт хугацаанд төлөөд ч хамаагүй байртай болох боломжийг бүрдүүлэх байжээ. Таван хувийг санхүүжүүлэх мөнгийн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиас гаргах учиртай. Бадарчин баярлах болоогүй гэдэгчлэн таван хувьд хамрагдлаа гэж баярлахад эрт байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Туул