Монгол улсад ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр ангид найман настай элсэн ордог байсныг зургаан настайгаас элсүүлэн суралцуулж эхэлсэн юм.

Цэцэрлэгт нь хүүхдүүдийг бэлтгэл ангид нь сургаж шууд л сургуулийн босгыг алхан орж байгаа зургаан настангууд хичээлийн нэг өдөртэй танилцах боломж саяхан тохиосон юм.

"Эрдмийн өргөө цогцолбор" лабаротари сургууль нэгдүгээр ангийн 12 бүлэгтэй. Есдүгээр сарын нэгэнд эцэг, эхийнхээ гараас хөтлөөд нэрийг нь ч мэдэхгүй багшийн шавь болон анхны хичээлдээ орж байсан үе бодвол одоо овоо дөртэй болжээ.

 

 

Ингээд эхний цаг Монгол хэлний хичээл орлоо. Шинэ үсэг үзэв. Багш хамгийн эхэнд сурагчдаа /эцэг, эх/ "Гарц, цамц зэрэг үгийг дуудаж үгийн төгсөлд ямар үсэг хэлэгдэж байгааг асуув. Бид ч "Ц", "Эц" гээл хариултыг хоёр өөр янзаар хэлэх нь тэр. Эндээс л эцэг эхчүүд өнөөдрийг хүртэл монгол хэлний хичээлийн өөрчлөлтийг мэдээгүй багшийн заах аргаас зөрж буйг илтгэлээ.

Хуучин сургалтын системээр бол “Г”, “В”, “Б” зэрэг үсгийг шууд л харагдаж буйгаар нь дуудаж, уншиж сурсан. Тэгвэл өнөөдөр нэгдүгээр ангийнхан “Г” үсгийг дуудахдаа урд нь “Э”- үсэгтэй дуудаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Г” биш “ЭГ” хэмээн дуудна. Тэгсэн мөртлөө бичихдээ “Э”- үсэггүй шууд “Г” бичнэ хэмээн заалгаж байгаа юм. Мөн “В” үсгийг адилхан “ЭВ” гэж дуудах жишээтэй. Түүнчлэн "Ганцаараа" үгийг үеэр таслаж уншихдаа эхэнд орсон "Г" үсгийг "ЭГ" гэж уншина.

Сурах нас нь бага балчирын дээрээс заах хичээл нь хүртэл хуучин цагийнхаас тэс өөр болсон. Зарим эцэг эхчүүд багшаас маш сайн зөвлөгөө авч гэрийн даалгаврын хийлгэдэг бол нөгөө хэсэг нь ажилтай хэмээн хүүхдээ анхаарах ч сөхөөгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэдгийг нуугаад яахав.

 

Шинэ үсгээ дэвтэртээ бичиж багшдаа шалгуулсаар нэг хэсэг нь бичиж дуусаагүй байхад завсарлагааны хонх дуугарлаа. Хоёрдугаар цаг "Дуу хөгжмийн хичээл". Ангийн багш дуу хөгжмийн хичээл заримдаа ангид ордог. Шинэ дуу заах үедээ л урлаг зааланд ордог юм. Гэхдээ өнөөдөр "Дууны тэмцээнтэй учир дэвтэр, номоо цүнхэндээ хийгээд урлаг заал руу охид, хөвгүүдээрээ жагсаад явна шүү" гэв. Багш "Би жагсаалын эхэнд явдаг. Тэгээд байн байн хойшоо хүүхдүүдээ хоцрохгүй явж байгааг бас ноцолдоод биенээ шат руу түлхэх вий гэсэн сэрэмжтэй эргэж харсаар байгаад хэвшил болжээ" гээд л байн байн жагсаалын төгсгөл рүү харж ийм том хүүхдүүдтэй бол амар юм байна даа гэсээр инээж зогсов.

 

 

Эцэг, эхийн нэг өдөр тохиож байгаа болохоор дуу хөгжмийн багш "Караокены тэмцээн" зохион байгуулна гэж багш хэллээ. Ийнхүү гурван ангийнхан хоорондоо дуугаараа энэ тэнцүү ширүүхэн өрсөлдөөнтэй өндөрлөж байтал хонх дуугарав.

 

 

Гуравдугаар цаг дээр "Тооны хичээл" орлоо. Аравт, нэгж, Сантиме́тр тухай удахгүй заах юм. Энэ талаар хэрхэн хүүхдүүдээ ойлгомжтой зааж, гэрийн даалгаврын хийхэд дөхөмтэй байх аргыг зааж, зөвлөсөн юм. Өдөр бүр сурагчийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгдөг болохоор багш, аав ээжүүдийн уялдаа холбоо нягт. Тухайн өдрөө ойлгоогүй хичээлийнхээ талаар асууж лавлах бүрэн бололцоотой. Тооны хичээл завсарлахад сургалтын менежер уулзаж, судалгаа авлаа. Тус сургууль нэгдүгээр ангийн хүүхдүүдийн тоо хэтэрсэн бөгөөд нэг ангид 40 гаруй сурагчтай гэнэ.

Энэ өдөр анги бүр эцэг, эхчүүддээ үйл ажиллагаанд оролцох урилга тарааж, ээж аавууд маань ч маш их идэвхтэй оролцож нийт 2003 хүн ирэхээс 1856 ээж, аав буюу 92,6% нь оролцож үндсэн таван үйл ажиллагаа явагдсан байна.

- Математикийн хичээлийн тухайн ангийн зарим агуулгын арга зүйн зөвлөгөө
- Монгол хэлийн хичээлийн тухайн ангийн зарим агуулгын арга зүйн зөвлөгөө
- Мэргэжлийн хичээлүүдээс нэг хичээл /Биеийн тамир, дуу хөгжим, англи хэл/
- Бүтээлийн цаг /эцэг эхчүүдийн баг бүтээл хийх/
-Ангийн ажил буюу анги удирдсан багшийн мэдээлэлийг өгсөн юм.

Дараагийн цаг "бүтээл" урлав. Эцэг, эхчүүдийн бүтээлийн цаг дээр хийсэн урлалыг Баянгол дүүргээс зарласан сайн үйлсийн аянд нэгдэж бүтээлээ борлуулан өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хандивлах болсоноо багш дуулгав.

 

 

Ингээд бүх ангийн бүтээлүүдтэй сургалтын менежер танилцаж шалгаруулан талархалаар шагнасан юм. Тэрбээр эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ бага ангид нь сайн анхаарч, хичээлд нь шавдуулах хэрэгтэй. Нэг, хоёрдугаар ангид бүх хичээлийн суурь ордог. Танай хүүхэд цашаа суралцахдаа сайн явах нь уу, үгүй юу гэдэг нь хоёр жилийн сургалтаас мэдэгдэж үр дүн нь гарах учраас анхаарал, халамжаа бүү орхигдуулаарай хэмээн дахин дахин захисан. Сургуулиудын зарим нь үсгээ түрүүлж үзэж яваа манай сургуулийн хувьд лабаротари сургууль. Шинэ үсэг үзээд сурагчдаа шалгадаг нэг ангийн 80 хувиас дээш хувь нь мэдэх ёстой зүйлээ эзэмшсэн байвал дараагийн үсэг, хичээлээ орох боломж нээгдэнэ. Хэрвээ ангийн ур чадвар 80 хувиас доош байвал багш, эцэг эхчүүд хамтран хүүхэдтэйгээ тулж ажиллана. Юун дээр болохгүй, ойлгохгүй байгааг нь бүрэн дүүрэн мэддэг болсны дараа дараагийн зүйлээ үздэг гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Ингээд нэгдүгээр ангийнханы хичээлийн нэг өдөр дуусч ээж, аав нар хүүхдээ хичээл дээрээ юу хийж, сурч авдаг болохыг мэдсэндээ туйлын баяртай байв . Гэртээ ирээд хүүхдэдээ хичээлүүдийнх нь даалгаврыг нь өгөөд сурч, мэдсэн зүйлүүдээ зааж өгөхөд хүүхэд маань "Хичээлээ хийж дуусаагүй байхад хонх дуугарч байгаа биз дээ. Бас та нар өнөөдөр ямар хоол идсэн бэ" гэж асуусан. Үдийн цай хөтөлбөр тэдний хувьд багахан амралт нь болдог гэдгийг түүний ярианаас мэдэж авлаа. Биднийг хичээлд нь суухад тараг өгсөн үйлдвэрийн биш бүрсэн амттай тараг байсныг энд дуулгахад таатай байна. Сургуулиуд хамгийн гол нь чанартай, стандартын дагуу ариун цэврийг чанд сахисан компаниудтай гэрээгээ хийж шаардлага өндөр тавьж явбал "сурагчийн эрүүл мэнд хохирох" асуудал гарахгүй нь лавтай.