Хулгай хар мөртэй гэдэг. Гэвч өнөөдөр амьдрахын эрхэнд гэдэг шалтгаар хулгайн хэрэг өнгөрсөн үетэй харьцуулахад нэмэгдсэн нь сүүлийн үед гарч буй хэргүүд гэрчилнэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд банк дээрэмдэж амар хялбар аргаар хөлжих гэсэн залуусын “гэнэн” бодлын дээрмүүд гэрчилнэ.

Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээллээр өнгөрсөн онд нийт 27 мянга 757 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 1.6 хувиар өссөн аж. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн 64,7 хувь нь хотод, 35.2 хувь нь орон нутагт гарч. Харин Бүртгэл, статистикийн газрын судалгаагаар гэмт хэргийн тоо өссөн нь ажилгүйдэл газар авсантай холбоотой хэмээн талбайрлаж буй. Энэ талаар тус газрын мэргэжилтэн Д.Оюунчимэг “Ажилгүй иргэдийн 63 хувь нь 15-34 насны залуучууд байна. Сүүлийн таван жилийн дотроос 2012 оны гуравдугаар сард ажилгүй иргэдийн тоо 50 мянгад хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан. Гэвч энэ тоо буурах хандлага ажиглагдсан ч, эргээд өсөх нь” хэмээн мэдээлсэн.

Гэмт хэргийн гаралт ийнхүү нэмэгдсэн нь ажилгүйдэл. Тэр дундаа ажилгүйдлийг дагасан ядуурал, архидал хүмүүсийг гэмт хэрэг рүү хөтөлж байна гэдгийг ЦЕГ-аас мэдэгдэж буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд амар хялбар аргаар баяжих, ажилгүйдлээс үйлдсэн дээрэм, хүчирхийлэл, аллага.

Үүнд хэн буруутай вэ. Мэдээж, төр засгийн явуулж буй бодлого, шийдвэрүүд. Тэр дундаа эдийн засаг, улс төрийн харалган бодлогоос болж олон залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, амьжиргаатай нэг нь харь оронд хөдөлмөрлөхөөр хонон өнжин дугаарлаж байгааг бид харсан. Мэдэрсэн. Ажилгүйдлийг бууруулах ямар ажил хийж байна вэ.

Энэ асуултын хариултыг олохоор Хөдөлмөрийн биржийн мэргэжилтнээс асуухад нэг л хариултыг өглөө. Энэ нь, хямралтай холбоотойгоор ажлын байрны захиалга 2 дахин буурсан. Өөрөөр хэлбэл, нэгэн үе “бялхаж” байсан тогооч, зөөгчийн ажлын захиалга багассан гэхээр Монголын эдийн засаг тэр дундаа хөдөлмөрийн зах зээл маш ихээр хямарч байна. Тиймээс үүний эсрэг төр засгийн зөв бодлого шийдвэр гарч шийднэ гэхээс ажлын байрны захиалга бүртгэдэг бидэнд шаналлаас өөр дэм үгүй хэмээсэн. Гашуун ч гэсэн үнэн үг.

Байгаа байдалтайгаа эвлэрвэл олон залуус аавын хаалга татаж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ангаж “цангана”. Тэр цагт энэ зах зээлийг хэн хангах юм бол...

Б.Тэлмэн

www.newscom.mn