Алсыг зорих “ажиллах хүчин”
2016/03/10
Эдийн засаг хямарлаа, цалин амьжиргаанд хүрэлцэхгүй байна гэх үг өрхийн, олон нийтийн дунд амны уншлага болсоор удлаа. Тэглээ гээд иргэд дээшээ хараад залбирч байхад тэнгэрээс мөнгөөр бороо орно гэдэгт сүсэглэхээ больсон үе. Гэсэн хэдий ч ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ юмыг яаж мэдэх вэ, мянга сонсохоор нэг үз гэгчээр Сарандаваа нарын лекцэнд сууж, түрүүвчээ хурайлуулан, гандангаар орж, хүрд эргүүлж, лам багшаараа энэ жилийн заслаа хийлгэн, хувь заяагаа даатгуулан, улсын эдийн засаг гэж эд хөрөнгөө арвижуулах итгэлээ гээгээгүй л явна. Фээсбүүк, твитерээр баяжина, мөнгөжинэ гэсэн могойн чуулган, их мөнгө, алт эрдэнэс бүхий зургийг харсан хэн ч share, like дарахаа мартахгүй.
Гэрэл зургийг MPA.mn
Харин уул уурхайн стратегийн том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаадын хөрөнгө оруулалт 2011 оных шиг их хэмжээгээр урсан орж ирнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд алдарсан байна лээ. Эдийн засаг сайжрахын хэрээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа “Эх орондоо сайхан амьдаръя” гэж уриалсан. Үнэхээр ч амьдралаа сайжруулахаар харийн нутагт ээж аав, ах дүүс, хань ижил, үр хүүхдээ санан бэтгэрч байсан иргэд энэ уриа дуудлагаар “Манай улс хөгжиж эдийн засаг сайжран, нутагтаа сайхан амьдрах нөхцөл бүрджээ” гээд эргэж ирсэн нь цөөнгүй.
Харамсалтай нь эргээд нүүрлэсэн эдийн засгийн хямралын энэ үед иргэд өнөөдөр “нутагтаа идээших”-гүй байна. Америк, Англи, Франц, Швед, Япон, Солонгос гээд гадаадын аль ч улсад манай монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Ялангуяа Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нэлээд нь иргэн ирсэн. Харин тэд эргээд гадаадад гарч ажиллахаар сэтгэл шулууджээ. Үүнийг Солонгос улсад ажиллах виз авахаар, ажиллах хүчний болзол хангах ээлжит шалгалтад нь бүртгүүлэхээр үүр шөнөөс эхлэн дугаарлан зогсч буй иргэдээс харж болно.
Солонгост гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад заавал тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ шалгалтад нь тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээ өгөөд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 4-11-нийг хүртэл ажлын таван өдөр явагдаж байна. Шалгалтын бүртгэл аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр явагдаж байгаа.
Харин Солонгост ажиллах туйлын хүсэлтэй иргэд шалгалтад орохоор зөвхөн бүртгүүлэх гэж дугаарлан зогсч байна. Харъяа аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр өглөөний 05 цагт дугаарлан зогсохоор ирсэн нэгэн 180 хүний ард зогсжээ. Бүртгэлийн хураамж 24 ам.доллар буюу 50 мянган төгрөг. Зөвхөн бүртгүүлэх гэж ингэж дугаарлаж байгаагаас бус цөөн хэд нь тэнцэнэ. БНСУ-д энэ жил ажиллах хүчний тоо нь хэмжээ хязгаартай гэж хэнэггүйхэн бодож болох.
Зөвхөн Солонгосоор гадаадад ажиллах орон хязгаарлагдахгүй. Нутагтаа байгаагаасаа ахиу цалин авч, амьжиргаагаа дээшлүүлэх боломж тохиолдолд аль ч улсад очоод ажиллахад ид үеийнхэн бие, сэтгэлээрээ бэлтгэгдсэн байна.
Тэгээд ч өнөөдөр харилцаа холбоо байхгүй, нисэх онгоцны буудал дээр үдэж гаргаж өгөөд зорьсон газраа очсон эсэх, ажиллах амьдрах газар нь ямар байгааг мэдэх боломжгүй 90 он биш. Аль ч улсыг зорьсон онгоцноос буухаасаа эхлээд л холбогдож, сайн яваагаа дуулгадаг. Тухайн улсын цаг агаар, амьдрах орчин, ажиллаж байгаа нөхцөлийг нь ч өдөр тутамдаа холбогдон таньж мэддэг сайхан цаг үе.
Харин ид сайхан ажиллах хүчин нь дахин гадаад руу дүрвээд байвал улсаа хэн хөгжүүлэх вэ гэсэн асуудал ээрэгддэг. Эдийн засаг сайжирлаа гээд эргүүлээд авчирсан иргэд дахин гадаадыг зорих гэж байна. Амьдралаа дээшлүүлэхээр алсыг зорих гэж байгаа тэдний буруу биш. Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа гэхээр өөр юу гэх билээ.
Н.Энхлэн
Эх сурвалж: http://www.shuud.mn/
Зочин · 2016/03/11
HAYA MANAI DUMDAD ULSIIN ULON SAY ZALUUCHUDA TANAI MONGOLIG HUGJVLN BA BVV SANA ZOBA NEG MUSUN GADAADAD BVR TSAGAACHILJIHA HAYA TANAI MONGOLOCHUDA VNEEREN UHAANTAI AA YLANGUYA TANAI ULS TUURIIN TOMCHUDA BVR TEN. . UHAANTAI BA HHHHHHA