Ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд УИХ-аас Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баталсан. Уг хууль хоёр талын ач холбогдолтой бөгөөд тэтгэврийн санг арвижуулна. Мөн өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ирээдүй баталгаатай болж, нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж буйгаараа ач холбогдолтой.

Тэгвэл өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Сайдын цаг уулзалтад оролцох үеэрээ “Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа” гэсэн юм.

өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ирээдүй баталгаатай болж, нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж

Сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өсжээ. Түүнчлэн 2030 оноос эхлэн Монгол Улсын ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэх үед тэтгэврийн даатгалын сангийн зардал илүү нэмэгдэх нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд ирээдүйн тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэр олгодог болох үүднээс уг хуулийг баталсан юм.

3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа.

 

Дэлхийн бусад улс орны ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний туршлагаас үзэхэд ирээдүйн тэтгэврийн зардалд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын тусгай санд хуримтлуулах зорилго тавьдаг байна. Тухайлбал Япон, Өмнөд Солонгос, Канад, Норвеги, Ирланд, Шинэ Зеланд зэрэг улсууд тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан байгуулсан байдаг.

Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүйн өсөн нэмэгдэж буй наслалтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлагатай хэдий ч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байна.

Харин энэ хууль батлагдсанаар Монгол Улсад 2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монгол банкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монгол банкнаас арилжааны банкнуудад олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрхийг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн авч, цаашид энэ тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчин бүрдлээ.

2030 оноос эхлэн тэтгэврийн тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

Ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримтлалтай болж, улмаар 2030 оноос эхлэн тэтгэврийн тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

Т.Буянаа