Улс төрийн намын тухай хуулийн 18.3-д “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно.

Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн заажээ.

2008 онд Ардчилсан нам нэр дэвшигчдийн босгыг 20 сая төгрөгөөр эхлүүлж байлаа

Гэвч энэхүү хуулийн заалт улс төрийн хүчнүүдэд үйлчилдэггүй бөгөөд 2008 онд Ардчилсан нам нэр дэвшигчдийн босгыг 20 сая төгрөгөөр эхлүүлж байлаа. Тухайн үед 120 орчим хүн нэр дэвшихээ илэрхийлж, намынхаа дансанд мөнгө байршуулсан гэдэг. Тус сонгуулиар Ардчилсан нам УИХ-д 27 суудал авсан. Харин парламентын гадна үлдсэн бусад нь намдаа тус бүр 20 сая төгрөг буюу нийт хоёр тэрбумыг “бэлэглээд” өнгөрч байв.

Товчхондоо, нэр дэвшүүлэх эрхийг намууд горилогчдодоо худалдах энэ үйл явцын дүрэм энгийн. Хандив өгсөн болгон сонгуульд нэр дэвшихгүй. Зөвхөн нэр дэвших эрхийн төлөө нам дотроо өрсөлдөнө. Ялагдсан нь гомдолгүй бөгөөд мөнгөө буцааж авахгүй. Гэхдээ намдаа хэр их хандив өгнө, тэр хэрээрээ төрийн өндөр албан тушаал хаших магадлал нь нэмэгддэг.

Тэгвэл энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж, 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёр том нам нэр дэвшигчийн босгоо 50 саяар тогтоосон. Тухайн үед сөрөг хүчний орон зайг нөхөж байсан Ардчилсан намынхан нэр дэвшигчдийн босгоо ил тод зарлаж, багагүй шүүмжлэлд өртөж байсан.

Энэ удаад МАН-ынхан ил тодоор зарлаж, журам гаргаж, тунхагласангүй

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Намдаа 50 сая төгрөг тушаа гэхээр жирийн албан хаагч, мөнгө хуримтлуулаагүй сэхээтэн, чадварлаг залуус хаанаас тэр мөнгийг олох болж байна. Хэтэрхий өндөр босго тогтоох нь оюунлаг, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэх, мэдлэг, чадвартай хүмүүсийн улс төрд орох замыг хааж байна. Энэ нь мөнгөний сонгууль руу түлхэж, гишүүдийг барьцаанд оруулах гэмтэй. Цаад утгаараа мөнгөтэй хүн л улс төрд орж болно гэж хязгаарлах гээд байгаа хэрэг биш үү” хэмээн шүүмжилсэн юм.

Тухайн үед Ардчилсан нам хандивыг дөрвөн үе шаттайгаар хураасан бөгөөд дөрөвдүгээр шатанд 99 хүн 12.5 сая төгрөг өгснөөр намын удирдлагуудынхаа тавьсан “50 сая төгрөг” хэмээх хүндхэн босгыг давсан түүхтэй. Хэдийгээр Ардчилсан нам олон нийтэд нээлттэйгээр зарласан нь шүүмжлэл дагуулсан ч МАН-ынхан сэмхэн хандиваа цуглуулж, сонгуулийн санхүүжилтээ босгосон юм.

Тэгвэл энэ тоо энэ удаагийн ээлжит сонгуулиар хоёр дахин нэмэгдэж, хоёр том нам 100 сая төгрөгийг нэр дэвшигчдээсээ “нэхээд” эхэлжээ. Тухайлбал, сөрөг хүчин болох МАН горилогчдоосоо 100 сая төгрөг авч гэрээ байгуулж эхэлсэн. Гэхдээ энэ удаад МАН-ынхан ил тодоор зарлаж, журам гаргаж, тунхагласангүй.

Хаалттай байдлаар хэрэгжүүлэхээр зэхсэн ч, зарим гишүүдийн унтууцлыг төрүүлж, олон нийтэд дэлгэхэд хүргэсэн. МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Б.Ганхуяг “УИХ-д нэр дэвших сонирхолтой хүмүүс намдаа 100 сая төгрөг өгөөд гэрээ байгуулж байна. Одоо мөнгөө аваад эхэлсэн.

2012 оны УИХ- ын сонгуулиар хоёр том нам нэр дэвшигчийн босгоо 50 саяар тогтоосон

Тухайлбал, би л гэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болсон бол 100 сая төгрөгөө сонгуульд зориулж өгч байгаа болохоос намд өгөөгүй. Юунд зарцуулах гэж байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй зүйлд мөнгөө өгч болохгүй” хэмээсэн юм.

Харин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дээрх тоог үгүйсгэж, “2012 оны сонгуулиар манай нам нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн хандив авч байсан. Харин ирэх оны сонгуулиар хандив авахгүй байх зарчим барьж байгаа. Нэр дэвшигчид сонгуульд оролцох үйл ажиллагааны зардлаа өөрсдөө гаргаад, тойрогтоо тэр мөнгөө зарцуулна гэсэн үг. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог” гэлээ.

Гэхдээ энэ тоо зөвхөн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн “босго”. Харин намын жагсаалтад багтахыг хүссэн эрхмүүдийн хувьд мөнгөний хэмжээ хэд дахин өсдөг жишиг бий.

Товчхондоо, сонгууль бол мөнгөний уралдаан. Түрүүлсэн эрхэм зардлаа хэд дахин нөхөх боломж олддог учир улс төрчид намаас тогтоосон жишгийг чимээгүйхэн биелүүлдэг нь үнэн юм.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ