Мөнхийн хохирогчид болохгүйн тулд эрс шийдэмгий тэмцэцгээе!

 

 

Хохирогч 725 хүн нас барж, 987 гэр бүл салж, 5250 хүн гудамжинд гарч, 7475 хүн үүрдийн өрөнд баригдаж, 2600 оюутан сургуулиасаа гарахад хүргэсэн аймшигт бизнесийн үнэн түүх

 

Төрийн үүсгэн санаачилсан гурван давхар луйвар

 

“Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд өргөдөл гаргах нь:

Миний бие ХЗХ-нд 2000 оноос 2006 оны 5-р сар хүртэл тодорхой хэмжээний мөнгөө хадгалуулж байтал, төр засгийн оролцоотойгоор хоршоодыг дампууруулсан.

Төр засгийн шийдвэрээр 2008 оны 2-р сарын 21-нд хадгалуулсан мөнгөний 50%-ийг хадгаламж эзэмшигч надад эргүүлэн төлсөн. Одоо үлдэгдэл мөнгийг яаралтай олгож өгнө үү.

Миний бие 1998 онд чихрийн шижин, зүрхний шигдээс өвчнөөр өвчилж, 2013 оноос өвчин улам хүндэрч, зүрхний дутагдал, уушигны хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгаадах, ханиалгах, хавагнах зэрэг зовиур шаналгаатайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна.

Улмаар мэс заслын эмчилгээнд орох болж, эмчилгээний зардал шаардлагатай болоод байгаа тул дээрх үлдэгдэл мөнгийг эмчилгээний зардалд нэмэрлэн олгож өгч тусална уу”.

Энэ бол талийгаач аавын минь насан нөгчихөөс хэдхэн сарын өмнө бичсэн өргөдөл. Аавын минь өргөдлийг тухайн алба хүний урманд тоож харалгүй, ямар ч хариу өгөөгүй байдаг юм. Хэрэв тэр мөнгийг шийдэж өгөөд зохих эмчилгээг хийлгэсэн бол өдийд аав маань амьд сэрүүн, магадгүй албан ажлаа хийгээд явж байх байсан биз ээ. Хөдөлмөрлөж бүтээлгүй сууж чаддаггүй аав минь эцсийн өдрүүддээ ч СӨХ-ндоо зүтгэсээр л байсан билээ...

Ард олны эрхийг дээдлэх ардчилсан нийгэм үүд хаалгаа нээв хэмээсэн 1990 оноос хойш харин ч төр иргэдээ хохироосон болон хохироосон этгээдүүдийг дэмжиж сүлбээцэлдсэн олон олон тохиол гарсан билээ. Хамаг бүхний үнийг 2 дахин нэмчихээд, хадгаламжийг болохоор өсгөлгүй 2 дахин үнэгүйдүүлсэн балмад ажиллагааны явцад цөөн хэдэн хүн хувьдаа их хожоо гаргасан 20-р тогтоолоос өгсүүлээд л хэлье ярья гэвэл цаг цаас хүрэлцэхгүй.

Банк дампуурч, ханш унаж, хаана яаж мөнгөө хадгалах вэ гэж түмэн олон цөхөрч байх үед тодорхой үл бүтэх хүмүүсийн тархинд тэр их мөнгийг хамж аван луйвардах санаа урган гарч иржээ.

Хүүхэд байхдаа би Я.Перельманы “Сонирхолтой математик” хэмээх номыг амтархан уншиж байсан юм. Тэгэхэд Хаант Оросод, өдгөө “Санхүүгийн пирамид” гэгдэх болсон луйвар газар авч байсан, энэ нь бүр ч дээр үед Өрнөдөд үүсэж мөхсөн болохыг мэдэн, ийм юм бас байдаг аа гэж гайхаж байсан.

Гэтэл тэр нь 90-ээд онд ОХУ-д гараад ирсэн билээ. Виталий Мавроди гэх зальтан МММ нэрийн дор 10 сая Оросын иргэнийг мэхэлж, 1996 онд сүйрэл авчирсан. Мавродитнууд цөөнгүй ч байв. Тэгвэл Албанид 96-97 онд 7 пирамид нурж, 2 тэрбум доллараа хадгалуулсан ард иргэд бухимдан үймж, армийн хүчээр дарж, амь нас сүйдэж, ерөнхий сайд огцорч байсан байдаг.

Үүнээс сургамж аван, сэрэмжлүүлэх ажиллагаа явуулахын оронд энийг чинь харин хэрэгжүүлчихье гэж төрийн албан тушаалтнууд олзуурхан улайрч, юу байдгийг нь зааж сургаж, хууль-эрхзүйн орчинг нь бүрдүүлж, энэнээс өөр аврал, гарц үгүй хэмээн баруун солгойгүй сурталчилж, их давалгааныг үүсгэсэн байдаг аа. Гэтэл олон оронд санхүүгийн, хөрөнгө оруулалтын пирамид гэх энэ механизмыг шууд хориглодог, хэрэглэсэн хүнийг Эмиртэд цаазаар авдаг, зарим оронд маш хатуу хяналтын дор, ихээхэн хязгаарлагдмал хүрээнд, онцгой тохиолдолд зөв зүйтэйгээр хэрэгжүүлгэхийг оролддог, гэхдээ бүтэлтэй зүйлд хүргэдэггүй.

Яасан сайхан луйвар вэ хэмээн санаачлан баталгаажуулан ХЗХ нэрийн дор үзэгдлийг өрнүүлсэн төр ХЗХ байгуулагчдыг баялаг бүтээгч, үндэсний бүтээн босгогчид хэмээн амаа олохгүй магтаж, одон медаль, гавьяа шагналаар булж байлаа. “Гэр хорооллын барилгажуулалт”-ын Түмэнгэрэлийг одонгоор шагнаж, хоёр салбарын ТА болгож, дахин дахин НИТХ-д суулгаж байсан. ЗГ-ын МҮХАҮТ, ОӨГ “Глоб кредит”-ийн Мэндбаярт “Монголын үндэсний шилдэг бренд”, "Оны бүтээлч” гэх зэрэг өргөмжлөл өгч байсан байдаг.

895 (900 гаруй ч гэдэг) ХЗХ буй болон, активын 80% нь 30 ХЗХ-нд төвлөрч байлаа. ЕС асан Д.Бямбасүрэн энэ бол төрийнхний гурван давхар луйвар юм, эхлээд төрийнхөн санаачлан өрнүүлж, хуурч мэхэлж ард иргэдийн хөрөнгийг бөөгнүүлсэн, дараа нь ХЗХ-ны үйл ажиллагааны явцад хутгалдан орж завшиж байсан, эцэст нь ХЗХ-нууд хаагдсаны дараа өмч хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулсан гэсэн байсан.

Н.Энхбаяр УИХ-ын чуулганы нээлт дээр, хуруу хумсаа хуйхлан байж хуримтлал үүсгэсэн иргэд хохирсонд төр буруутай учир, төр бүрэн барагдуулах ёстой гэж мэдэгдэж байсан.

Төрийн албаны болон Иргэний хуулиар энэ асуудлыг төр хариуцна, хохирлыг төрийн байгууллага арилгана гэдэг нь тодорхой болдог. УИХ-ын даргын 2006 оны 99 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ХЗХ-дын асуудалд төр буруутай гэдгийг тогтоож, албан ёсны дүгнэлтээ гаргасан байдаг аа. Өмнө нь хохирлын 50%-ийг төрөөс барагдуулах хууль гарч хэрэгжсэн бол, 2014 оны 4-р сарын 24-нд хохирлыг бүрэн барагдуулах хууль гарсан. Хоёулаа эргэн төлөгдөх нөхцөлтэй.

 

Ард түмнийхээ мөнгийг цуглуулан иддэг ашигтай бизнес

 

Хэрэв энэ бүхэн нь төрийн зальхай томчуудын санаачилсан, санхүүгийн пирамид хэлбэрийн луйвар юм байнаа гэдгийг ард олон мэдсэн бол юу гэж мөнгөө өгөх вэ. Чухам санхүүгийн пирамидыг санаачилсан төр өөрөө юу гэж хэлж болох, юу гэж хэлж болохгүйг сайн мэдэж байсан учир “энэ бол огт санхүүгийн пирамид биш, найдвартай банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж батлан итгүүлж, идэвх санаачлагатай, ажилч хөдөлмөрч, 90-ээд оны мөхөл сүйрлийн хар шуургыг тууштай сөрөн зүтгэж явсан иргэдийнхээ хуримтлалыг хураан бөөгнүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Тэр үед түмэн олны төрдөө итгэх итгэл бас ч гэж одоогийнх шиг алдагдаагүй байсан билээ.

Д.Бямбасүрэн гуай: “Хохироосон эзэд нь тодорхой. Ялзрал доройтол, авилга хахуульд идэгдсэн албан тушаалтнууд” гэж тодорхойлсон байдаг. Хамгийн түрүүнд олигарх улс төрчид л мөнгөө өсгөж, хамгийн ихээр үр шимийг нь хүртсэн байдаг. 2002 оны 12-р сараас 2004 оны 4-р сар хүртэл ХЗХ төрийн ямар ч хяналтгүйгээр оршиж иржээ.

Хяналт буй боллоо гээд ч зөвхөн гай л болж байж. Лицензийг цэгцэлнэ, аль олон зээл олгосонд нь лиценз олгоно гэж бужигнуулж байв. Монголбанкнаас байнга янз бүрийн үл гүйцэлдэх шаардлага, хязгаарлалт тавьж, үйл ажиллагаанд садаа болно. Жишээ нь, гишүүн бус хүмүүстээ зээл олгох нь буруу, 2% өсгөнө гэж гишүүдээсээ мөнгө аваад, 3%-ийн хүүтэйгээр тэр л гишүүддээ зээлдүүлж ажилла ч гэж байв. Бодит байдал дээр бол тэр мөнгийг ямар л бол ямар байдлаар эргэлдүүлж байж л үр дүнд хүрэх байлаа. Төрийн томчууд эхнээс нь бүхий л явцыг өөрсдийнхөөрөө төлөвлөсөн байсан ч, ХЗХ-ныхон зөв голдрил, хэвийн бизнес болгох гэж хичээж байсан юм.

Гэвч, Монголбанкны О.Чулуунбат зэрэг хүмүүс ХЗХ найдваргүй, арилжааны банкууд найдвартай гэж дахин дахин мэдэгдэж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн доголдол учруулна. Тэр үеийн арилжааны банкууд бас л иргэдийн хуримтлалыг бөөгнүүлж луйвардах хэлбэр байлаа. Банк, банк бус байгууллагуудын зөрчилдөөнийг ч олигархууд өөрсдөдөө ашигтайгаар зохион байгуулж байв. Энэ мэтчилэнгээр, ХЗХ-дын үйл ажиллагааг будлиулан дампууруулах ажлыг эртнээс төрийнхөн хийж байв. Өөрөө найдвартай гэж сурталчлан буй болгочихоод, дараа нь найдваргүй гэж сурталчлах болсон хэрэг.

Хурсан их мөнгө рүү нам ханцуй шамлан орлоо. Төрийн дарамтад орсон ХЗХ-дыг аргалан улс төрийн саалийн үнээ болгов. “Глоб Кредит” 2004 онд сонгуульд зориулан, намд их хэмжээний мөнгө хандивлаж байв. “Сонгуулийн ажилд мөнгө дутаад байна, яах вэ” гэхэд “Түмэнгэрэлээс ав” гэх яриа болдог байлаа, тэгээд л удахгүй бэлжиж, мөнгө, архи тарааж гарна.

ХЗХ-ноос 50 саяас их хэмжээний зээл аваад өгөхгүй гэдийсэн 80 гаруй төрийн томчууд, олигархууд байлаа. Улс төрчид бүхий л арга хэлбэрээр ХЗХ-дыг дээрэмдэж байв.

УИХ-ын ЭЗБХорооны Очирхүү, Мөнх-Оргил, Чулуунбат нар ХЗХ эдийн засгийн хувьд хүчрэгдэхээ байлаа, нам даръя гэж ярилцсан гэх. Өөр хүмүүс ч ХЗХ-дын талаар атгаг зорилгоор ярилцдаг байжээ. УИХ-ын гишүүн байсан хүн дараахь түүхийг хүүрнэсэн байдаг.

Түүний яриаг сонсоод байвал, төрд дээгүүр байдаг хүмүүс маань гагцхүү улайрсан хулгайч дээрэмчид агаад, мөнгөний сураг л дуулбал шууд авах гэдэг хэмээн ойлгогдох. Намын томчууд цуглаж нэгэнтээ хөөрөлджээ. Ард олонд бол тэд улс төрчид энээ тэрээ гэж харагдана. Ачир дээрээ бол арзайсан хар хулгайч нар юм байх. Тэнд тийм мөнгө, хөрөнгө байна, яаж авах вэ л гэнэ.

Тэр нэг тохиолдолд бол “ХЗХ-нд баахан мөнгө байна. Яаж авах вэ” гэжээ. Чингээд сархад зооглон, хор найруулжээ.

“Ерөөсөө тэнд нэг худлаа шалгалт оруулчихъя. Тэр нь бидний хэл гэж заасан юмыг л хэлнэ. Тэгэхлээр нь хэвлэлээр баахан сенсаци дэгдээнэ. Хүмүүс ХЗХ-ноос мөнгөө авъя гэж бужигнана. Эздийг нь бид барьж аваад хорьчихно. Хөрөнгийг хувааж авна”. Ийм л юм ярилцсан гэнэ.

Ярилцаад зогсолгүй хэрэгжүүлжээ. Шалгалт оруулсан, “ХЗХ болохоо байжээ, үйл ажиллагааг нь зогсоож, хөрөнгийг нь хураах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан. Шалгасан хүнийг шалгуулсан хүн хутгалж алсан ч явдал гарсан.

Хүмүүс “ХЗХ дампуурч байгаа юм байна, биднийг хуурч мэхэлж байгаа юм байна, мөнгөө олж авъя” гээд бужигначихсан. ХЗХ мөнгийг нь эргэлтэд оруулчихсан, өгчих тийм их бэлэн мөнгө байдаггүй. Үйлчлүүлэгчиддээ учирлаж үзлээ. “Мөнгийг нь өгсөнгүй” гээд эздийг нь шоронд хорьчихов.

Тэдний мөнгө, хөрөнгө, ресурсыг бөөгнүүлж нөгөө томчууд хүссэн, нүдэлсэн зүйлсээ хувааж авцгаалаа.

Нэг том худалдааны төв байжээ. Түүнийг авахын тулд шар толгойт буюу европ царайтай хүн олж иржээ. Ер нь шар толгойт олж ирнэ гэдэг нь том бизнес байдаг аж. Яахаас ч буцахгүй шар толгойт нэгийн зэргийг олж, дэлхийн аугаа бизнесмен гэж худал сурталчилна. Дараа нь түүний нэрийг барьж баахан хулгай луйвар хийчихээд, “Тэр шар толгойт л ингэлээ, шар толгойт алга болчихлоо” гэнэ. Капла ч тийм л жүжигт тоглосон тийм хүн шиг байгаа юм.

Тэгээд ХЗХ залгигчид нэг “швейцарь бизнесмен өвөө” гэх нөхрийг олж иржээ. Тэр өвөө “аугаа бизнесмен”гэх хэрнээ, бизнесээ ер хийхгүй юм гэнэ. Наргиж, зугаалаад л өдөр хоногийг элээх. Тэрхүү өвөө уг худалдааны төвийг менежментээр авсан гэх.

Гэтэл нөгөө өвөө алга болчихож. Харин өвөөгөөс төвийг худалдаж авсан гээд хэн ч мэдэхгүй монгол хүүхэд гараад ирэв. “Юу ярьж байна вэ, наадахыг чинь төр зарж, мөнгийг нь хохирогчдод өгөх ёстой, өвөө бидэнд мөнгөө дараа өгнө гэсэн” гэж төрийнхөн гайхжээ. Гэтэл луйварчин их гаруудын тоглоомын хүүхэд өөдөөс нь “надад тэр өвөө зарсан, ингээд л гүйцээ, одоо миний өмч” гэж мухарлажээ. Тэр хүүхдийг томчууд өмгөөлөн асуудлыг мухарлажээ.

Иймэрхүү зүйлийг тэрхүү экс-гишүүн хүүрнэсэн билээ. Яг 100% баримт нотолгоо гэж хэлж болохгүй ч, уур амьсгал, мөн чанарыг мэдрүүлсэн л яриа болсон.

Ямар ч атугай, Монголбанкны хүмүүсээс бүрдсэн Санхүүгийн зохицуулах хороог байгуулан, шалгах нэрээр дампууруулах ажлыг эхлүүлэв. “Мөнгөө авах гэсэн хүмүүст өгөх мөнгө алга байна” гэсэн үндэслэл муутай шалтгаанаар тэд бороохой хийсэн байлаа. Хамгийн томоос нь эхэлж дампууруулан, бүгдийг нь нураажээ. ХЗХ-ны удирдлагад байсан 67 хүнд 5-10 жилийн ял оноож, хөрөнгийг нь хураан битүүмжилжээ.

 

100 мянган хүнийг хамарсан эмгэнэл

 

Ямар үр тарина, тийм ургац хурааж авна гэдэг. Ард иргэдээ дэндүү улайм цайм дээрэмдэж, аж амьдралыг сүйтгэсэн төрийн буруутай үйл ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа олон мянган хүнийг хамарсан өргөн эсэргүүцлийг өдөөсөн билээ.

Энэ хөдөлгөөний хамгийн тууштай, олонд танигдсан удирдагч нь Монголын хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг юм. Төр улсын явдлаас хол хөндий, төгөлдөр хуурын багш энэ эмэгтэй гадаадад мэргэжлээрээ ажиллан буй болгосон хуримтлалаа яаж хадгалж хамгаалах вэ гэсэн хариулахад бэрх асуултад ээрэгдэн байснаа, төртэй нийлэн гайхамшгийг амлах ХЗХ-г сонгожээ. Бас ах дүү нарыгаа ч уриалан, нийтдээ 68 сая төгрөгийг ХЗХ-нд тушаасан аж.

Ингээд л нэгэн өдөр санаа амар таксинд явж байтал нь, таксины жолооч мөнгөө хийсэн ХЗХ-ных нь нэрийг дурдаж, “Баахан хүмүүс овоорчихсон, их бухимдалтай байна лээ. ХЗХ-д дампуурч байгаа гэнэ” гэжээ. Зүрх ёгхийж, тархи толгой манарч, дотор харанхуйлаад явчихсан гэж Х.Оюунцэцэг ярьдаг. Энэ бол 100 мянга орчим хүнийг хамарсан эмгэнэл, сүйрэл байлаа.

2005 оны 5-р сарын 3-нд анх ХЗХ-ны хохирогчид Сүхбаатарын талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнээс хойш жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, өргөдөл зарга гээд өчнөөн арга хэлбэрээр тэмцэж ирсэн 16 эмэгтэй (нэг нь 2 настай хүүгийн хамт) үс гэзгээ тайрч, гэрээслэл бичиж, өвлийн хүйтэнд гадаа 40 хоног өлсгөлөн зарлаж байв. Гэтэл цагдаа нар шөнөөр дайрч, майхан савыг нь булаан хөөж байжээ. Их Тэнгэр рүү орох замыг хааж, баригдан хоригдоцгоож ч байлаа.

Өнөөдөр төрөөс хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулах хууль-эрхзүйн орчин бүрдсэн ч амьдрал дээр хэрэгжилгүй олон жилийг элээсээр, тэмцэл ч үргэлжилсээр.

“Бид төр юм чинь ард олныг яасан ч яадаг юм” гэсэн урд урдхи нийгмүүдээс уламжилсан бурангуй дарангуй хандлагыг сөрж, “Төрийг ард олон мэднэ” гэх зөв хандлагыг хүчжүүлж өргөжүүлэн, нийгэмд ойлгуулж таниулсан ач холбогдолтой тэмцэл энэ байлаа.

 

90-ээд оны алдартай луйврын нэг

 

Өмнө минь “Үг” сонины 2007 оны №13 байна. УИХ-ын даргын 2006 оны 99 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ажлын тайлан нийтлэгджээ. Хамтдаа харцгаая.

2002 оны Хоршооны тухай хууль дутуу дулимаг, хөнгөн хуумгай, хагархай цоорхой гарсан нь ХЗХ-ны аюул үүдэх гол шалтграан болсон гэжээ. Төрөөс бол хяналт шалгалт маш муу хийж ирсэн. 2003 онд татварын шалгалт хийж, татварын хэдхэн зөрчил л илрүүлсэн. 2002 онд дээрх хуулийн дагуу ХЗХ-д байгуулагдсанаас хойш 2004 оны 4-р сар хүртэл төрөөс тавих ямар ч хяналтгүйгээр үйл ажиллагаа явагдаж ирсэн. Ингээд 2004 оны 4-р сард төрөөс сая ерөнхий шалгалт хийж, ноцтой зөрчил илэрсэнгүй гэж УИХ-д тайлагнаж байжээ. Гэтэл хэрэг явдал тийм биш байгаа гэсэн дохиолол ирсээр.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) гэх тусгай бүтцийг үүсгэн ажиллуулсан 2005 онд л иргэдийг хохироож байна гэж төрийн төвшинд нэлээн ярьж эхэлжээ. Энэ үед ХЗХ-нд хандах магадлалтай иргэд аль хэдийнээ мөнгөө ямар нэг хоршоонд хадгалуулчихсан байв. Түүний хойно л Монголбанк иргэдийг сэрэмжлүүлсэн мэдээлэл хийх болжээ. Холбогдох төрийн байгууллагууд урьдчилан сэргийлэх боломжуудаа ашиглаагүй гэдгийг УИХ-ын ажлын хэсэг онцолжээ.

ХЗХ-нд мөнгө хадгалуул, хоршооноос зээл ав гэж реклам хийхгүй гэсэн нь хавтгайран зөрчигдсөн, төрийн томчууд ч ихээр сурталчилсан гэдгийг мөн УИХ-ын ажлын хэсгийн тайланд дурджээ.

Төрийн тайланг хамтдаа харахуй, төрийн боольхой мэдрэгдэж байна. 90-ээд онд олон тийм луйвар явагдаж байсан. ХХ тогтоолыг гаргаж, юмны үнийг 2 дахин өсгөж, харин хадгаламжийн хэмжээг хэвээр үлдээн, жаахан мөнгөтэй ард иргэдээ ноцтой хохироосон бол, хэсэг бүлэг этгээд өмнө нь төгрөгийг гадаад валют болгон хадгаламж нь 2 дахин үнэгүйдсэн иргэдээс 2 дахин илүү санхүүгийн давуу байдалтай болсон байдаг. Төр ч ард түмэндээ өгөх ёстой мөнгөнийхөө 50 хувийг өгөхгүй болж, дээрэм хийсэн. Социализмын үеийн сэтгэлгээнээсээ ангижраагүй олон түмэн төрд юм хэлж чадалгүй дуугүй л өнгөрсөн.

Хувьчлал гэх хуудуутай ажиллагаагаар төрийн өмчийг, хавтгайрсан зээл олголтоор төрийн мөнгийг талаар нэг тараан үгүй хийж, энэ нь төрд гарсан авлигачдад л юуны өмнө ашигтай тусч байсан. Дараа нь тэр өмч ч, мөнгө ч ор сураггүй алга болж байсан.

Тэгвэл ард түмний буй болгосон баялаг хуримтлалыг хурааж авч завшдаг арилжааны банк гэх зэрэг эхнээс нь дампуурлыг нь сценарид нь биччихсэн залилангууд гарч ирсэн. Тэр болгоны ард төрийн томчууд байсан. Тэдний хулгай луйврын санаа төрийн бодлого болоод гарч ирдэг байлаа шүү дээ.

Сүүлдээ банкинд хэн ч итгэхээ байсан...

 

Хүн алах хөнөөлд хүргэсэн зохицуулалт

 

СЗХ ХЗХ-дыг дампууруулах ажилд ханцуй шамлан оржээ. 26 ХЗХ дампуурч, 8000 гаруй иргэний 72 тэрбум төгрөгийн хохирол тооцоологдон зөвшөөрөгдсөн үр дүн дороо гарав. 2007 оны 4-р сарын 22-нд хоршооны 815 нэр төрлийн 43 тэрбум 600 сая төгрөгийн хөдлөх хөрөнгө, мөн 20 гаруй хөдөлшгүй том хөрөнгө хураагдлаа. 14 тэрбум төгрөг мөн хураагдсан, хураагдаагүй гэдэг.

“Баян-Өндөр” ХЗХ-г ерөөсөө дампуурах үндэслэлгүй байхад нь дампуурсан гэж зарлажээ. ХЗХ-дын гишүүд “дампууруулалгүй цааш зөв зүйтэйгээр ажиллуулъя, бид хөрөнгийг авч үлдэж, хохирлоо барагдуулъя” гээд байхад л төр нийгэмчилж байлаа.

ХЗХ-ны тэргүүн С.Самбалхүндэв анхнаасаа л “ХЗХ-дыг нураана” гэсэн төлөвлөгөө байсан гэдэгт итгэлтэй байдаг. Тэр “Би нэг л тодорхой үйлдлийнхээ төлөө төрөөс шагнал авч, тун удалгүй харин түүнийхээ төлөө шоронд орсон доо” гэдэг.

“Глоб”-ын Мэндбаяр:

“Иргэний хэрэг байсан байхад шоронд хийсэн. “Хөрөнгийнхөө талыг зараад хохирлыг барагдуулчихъя” гэхэд сонсолгүй, бүх юмыг хураасан. Солонгосын түнш маань “тэр хохирлыг бид төлчихье, тэгээд цаашаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гээд байхад төр хүлээж аваагүй. Нэг объектоо тэрбум 200-гаар үнэлээд 28 хүний мөнгийг өгч, “хохирлыг” барагдуулж эхэлж байсан. Тоогоогүй. “Өөрсдөө мөнгөө аваад хувьцаат компани болчих гээд гишүүдтэйгээ гэрээ байгуулчихъя” гэсэн чинь анхаараагүй. Би томоохон бизнес эрхэлж байсан. Техникээ суурилуулчихаад, гараашных нь газрыг ухчихсан байсан барилгынхаа талаар хятадуудтай чухал ажил хэргийн уулзалтад орох гэж байхад намайг баривчилсан” гэжээ.

“Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны Түмэнгэрэл “дарга нарын хороос болж, огт дампуураагүй байгаа манай хоршоог заавал унагах гээд байна” гэж байжээ. НИТХ-ын төлөөлөгч ч байсан тэр 2006 оны 6-р сард СЗХ-ны дарга Д.Бадрааг хутгалан амь насыг нь егүүтгэжээ. ХЗХ-ны асуудал нь хүн алах, амиа хорлох, амь насаа алдах хэмжээний аймшигт хэрэг явдал болжээ.

 

Зөөж аваачна гэчихээд зөндөө олон тэрбумыг халаасалжээ

 

ХЗХ-доос хураагдсан хөрөнгө дээр суурилан, хоршооны хохирогчдын хохирлыг богино хугацаанд бүрэн барагдуулах боломж байсан боловч төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдын сэтгэлгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хохирол барагдаагүй, тэр бүү хэл зарим эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглан хоршооны хөрөнгийг завшин үрэгдүүлснийг Хууль зүйн сайдын 2012 оны 10-р сарын 24-ний А/47-р тушаалаар байгуулагдсан хохирогчдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг шалгалт хийх явцдаа тогтоосон.

Төрийн томчууд зээлийн баримт, материал устгах ажлыг улайран хийж байжээ.

26 ХЗХ-ноос 14 тэрбум төгрөг, 43 тэрбумын хөрөнгө, мөн газрууд, лицензүүд зэргийг хурааж авчээ. Цагдаагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжих замд л олон тэрбумын хөрөнгө алга болчихож байсан гэдэг.

ШШГЕГ-ын нэг ажилтан ХЗХ-ноос хураагдсан 24 машины гараашийг хувьдаа завшин түрээслүүлж байжээ. Бас нэг ажилтан нь барилгын метр квадратыг үлэмж багасган борлуулж өөртөө ашиг хонжоо гаргаж байсан байна. Хөрөнгийг нэн хямдаар үнэлэн, унац гаргана. Тонож, хэнд ч хэрэггүй болгон сүйдэлнэ. Олон машиныг тонож юу ч биш болгочихоод Амгалангийн хорих ангийн хашаанд бөөгнүүлж байжээ. Төрийнхөн хотонд орсон чоно шиг л авирласан гэж хэн хүнгүй хэлдэг.

Мөрдөн байцаах газрын 2 офицер хариуцсан хохирлынхоо 80 хувийг барагдуулан сайн ажилласан. Холбогдох төрийн албан хаагч бүр ийм байсангүй. Ажлаа хийх сонирхолгүйгээс болж борлуулалтын асуудалд хүйтэн цэвдэг хандаж, их хэмжээний бараа хуучирч муудан, хэрэгцээгүй болсон.

Хохирогчид татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулах гээгүй. ХЗХ-дын потенциалыг бүрэн дүүрэн ашигласан бол, мөнгөө бүгдийг буцаан авч болох байсан. СЗХ-ны дарга Д.Бадраа "Төр санхүүгийн хариуцлага хүлээхгүй!” гэж мэдэгдэж байсан ч эхнээсээ л санхүүгийн хариуцлага руу яваад орчихсон. Зарчмын хувьд бол төр санхүүгийн хариуцлага хүлээх ёстой. Энэ нь хууль-эрхзүйн үндэстэй.

2007 оны 8-р сард эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хохирлыг төрөөс барагдуулах хууль гарсан. Хамгийн хэрэгждэггүй хуулийн нэг нь энэ болсон билээ.

 

Мөнгөө алдлаа гээд мөрөн дээрхээ хага бууджээ

 

Түмэн өрх бүлийн амьдрал сүйдсэн гамшиг тохиолдчихоод байхад болчимгүй үг яриагаараа алдартай нэг гишүүн “Яах гэж шуналтаж мөнгөө ХЗХ-нд өгсөн юм, хохь нь!” гэсэн байдаг. “Чи шуналгүй юм бол яах гэж тэдний мөнгийг идсэн юм, чиний аз болох хэрэг үү?” гэмээр санагдана. Тэр болон, олон гишүүд, улс төрчид, олигархиуд ХЗХ-ноос их хэмжээний зээл авч, өгөлгүй зувчуулсан юм.

ХЗХ-ны хохирогчид хэргийн эзэн олигархиудыг бодвол шударга хөдөлмөрөөрөө хуримтлуулсан мөнгөө хадгалж хамгаалах гэсэн л байдаг. Шударга хөдөлмөрийг шунал гэчхээд, малаа хамгаална гэдэг төр маань хүнээ хамгаалахгүй гэвэл учир утгагүй.

ХЗХ дампуурсан гэдгийг сонсоод зөвхөн “Оюу-Алт” хоршооны 12 хүн зүрх хаагдах буюу бусад байдлаар эрүүл мэнд нь доройтож нас барсан гэдэг. Ихэнх тохиолдолд гадаадад ажиллагсдын мөнгийг хадгалж хамгаалах аргагүйдэн ХЗХ-нд өгсөн байдаг. Солонгост 4 жил ажиллаж буй эр “Чамайг ална, хүүхдүүдээ ална, тэгээд амиа хорлоно” гэж захиа бичжээ. 260 гаруй сая төгрөгөө найдвартай нь дээр гээд 10 хоршоонд хувааж хийсэн байтал 10-уул дампууран хоосорсон хүн байдаг.

Эхнэрүүд зодуулж, хөгшчүүд орох байх газраа олж, ядаж гэр орон тэвчихийн аргагүй там болон хувирч байлаа. Ханиа тахир дутуу болтол зодож, өөрөө шоронд орж, амьдралаа бүрмөсөн сүйдэлсэн тохиолдол ч бий. Нэг хөгшин гэртээ орохоос халшран гудамжинд тэнэх болсон бол архинд орж тамтгаа алдсан явдал цөөнгүй.

2007 оны 3-р сарын 25-нд И.Батхүү гэдэг хүн мөнгөө алдсанаас болж амьдрах аргагүй боллоо, миний үхэлд өөр хүнийг бүү хардаарай гэсэн утгатай зурвас үлдээгээд толгой руугаа буудан амиа хорложээ.

Үүнийг бичигч бас хохирогч. “Хамаг мөнгөө алдчихлаа! Яаж амьдрах болж байна?” гэж аав минь цочирдсон байдалтай хэлж орж ирсэн хар өдрийг мартахгүй. Ингэж олон жилийн ариун цагаан хөдөлмөр зүтгэлийн үр шим болсон гэр орны минь санхүүгийн ресурс цөм устан үгүй болж байсан. Зохиогч гэхэд л гэр орныхоо амьжиргаанд нэмэр болох санаатай, дасаж дадсан ажил үйлээ орхиж, арайхийн зээл олж, сонины бизнес, компьютерын бизнес хийнэ хэмээн хоёр ч удаа шаталт, сүйрэлтэй тулгарч явснаа тодхон сананам. Хэрэв чингээгүй бол бидний аж байдал өнөөдөр хавьгүй дээр байх байсан нь ойлгомжтой.

2013 оны эхээр хохирогчдын 8% буюу санаандгүй байдлаар сонгосон 700 хүнийг хамруулан судалгаа хийжээ. Чингэхэд хохирлоос болж 58 хүн нас барсан, 228 хүний эрүүл мэнд доройтсон, 79 гэр бүл салсан, 420 хүн орон гэргүй болсон, 598 хүн төлж хүчиршгүй өр зээлэнд баригдсан, 225 хохирогч гадаадад ажилладаг үр хүүхдийнхээ мөнгийг алдсан, 2008 хохирогч хүүхдээ их, дээд сургуулиас гаргасан байна. 8%-д нь судалгаа хийхэд л ийм байгаа юм чинь 100%-д нь судалгаа хийсэн бол төрөл бүрээр хохирогчдын тоо 10 гаруй дахин өсөх нь мэдээж. Жишээ нь нас барсан хүний тоо 725 болох аж. 2850 хүний эрүүл мэнд доройтсон, 987 гэр бүл салсан, 5250 хүн орон гэргүй болсон, 7475 хүн төлж хүчиршгүй өр зээлд баригдсан, 2812 хохирогч гадаадад ажилладаг үр хүүхдийнхээ мөнгийг алдсан, 2600 хохирогч хүүхдээ их дээд сургуулиас гаргасан болж таарч байна.

8301 хохирогчийн цаана ар гэр, төрөл садан нь болох 50-100 мянган хүн мөн хохирч, эдийн засгийн хэлмэгдэгч болсон байдаг.

Гадаадад хамаг юманд ханш уналтыг харгалзан тооцдог бол манайд ХЗХ-ны хохиролд ханш уналтыг эс тусган давхар давхар хохироосон. ХЗХ-нууд дампуурах үед талх 170 төгрөгний үнэтэй байсан бол одоо энэ үнэ бараг 10 дахин өсөөд байна. Төрийн хураасан хөрөнгө мөнгөний ханш бас л өсөж яригдах ёстой. Тэр үед хотын төвд орон сууцны кв.м нь 1000-2500 долларын үнэтэй байсан байхад төр 100 мянган төгрөгөөр үнэлэн “борлуулж” байсан.

Яг үнэндээ хохирогчдын авна гэж байгаа мөнгө нь жинхэнэ авах ёстой хэр хэмжээний дэргэд инээд хүрмээр юм. Өгсөн авсан нэртэй л болох болохоос зүгээр нэг бэлгэдлийн төдий үйлдэл юм уу даа. Ингэж ХЗХ-ныхон үүрдийн хохирогчид болох ёстой гэж үү?

“Анх ХЗХ-д дампуурах үеэс хойш өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин зарим нь 10, түүнээс дээш дахин өсөж, мөнгөний ханш унаж, төгрөгийн худалдан авах чадамж ихэд буурсныг харгалзан үзэж, хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахдаа ханшийн өөрчлөлтийг тооцон, тоон үзүүлэлтийг бус, чанарын үзүүлэлтийг эрхэмлэж, тэр үеийн тоон үзүүлэлтийг өсгөн бодитойгоор барагдуулах ямар боломж буйг судлан хэрэгжүүлэх ч хэрэгтэй юм” гэж хохирогчид 2014 оны 9-р сарын 5-нд хийсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн байдаг. Бодууштай л асуудал.

Хохирогчдын өргөн, шийдэмгий тэмцэл нь тодорхой улс төрийн хүчинд нэн таатай нөхцөл байдлыг бүрдүүлэн өгч байсан. Тиймээс ч ЕС Н.Алтанхуяг “7 жил шийдэгдээгүй хохирогчдын асуудлыг 7 сарын дотор шийдвэрлэнэ” гэж сэтгэл ханамжтай, ам бардам мэдэгдэж байсан байдаг.

 

Гэтэл ахиад 7 жил болох нь уу даа?

Хоршоодын 6 мянган хохирогчид хохирлыг барагдуулах асуудлыг нэн даруй, нэгмөсөн шийдвэрлэхийг шаардан, эрс тэмцлийн шинэ давалгааныг эхлүүлэх хэрэгтэй болжээ. Эдийн засгийн хэлмэгдэгчид буюу хоршоодын бүх хохирогч, ар гэрийнхэн нь эрх ашгаа хамгаалан эрс шийдэмгий тэмцэхийг уриалж байна! Одоо болноо, зовлон зүдгүүрт ханалаа, цадлаа! Монголын ард түмэнд ч, ахан дүүс тань болох хохирогчид биднийг дэмжин тэмцэхийг уриалж байна!

Хохирогчид оо! Монгол улсын төрд хандаж:

-Хоршоодын бүх хохирогчдын олон жил дамнан сунжирч ирсэн хохирлын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хохирлыг нэгмөсөн, бүрэн барагдуулахыг шаардацгаая!

-2012 оны 4-р сарын 24-нд батлагдсан Хохирлын эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулиа үл ойшоохоо больж олон мянган хүний эрх ашгийг хөндсөн хууль гэдгийг ухамсарлан, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг өөрчлөлт оруулах аваас өмнө нь хохирогчдоор хэлэлцүүлж, ил тодоор, эерэг байдлаар өөрчлөхийг шаардацгаая!

-Хэрэв бидний шаардлагыг эс хүлээн авбаас өргөн хэмжээний жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг эсэргүүцлийн бүхий л хэлбэрийг сонгон, зорилгодоо хүртлээ, тууштайгаар, эрс шийдэмгий илэрхийлцгээе!

 

Ч.Мөнхбаяр

ММХVI. II. XII