Технологийн дэвшлийн ач холбогдол хэдийгээр их ч сэтгэц, зан төрхийн хувьд төлөвшиж бэхжээгүй өсвөр насныханд донтолт үүсгэх, гэмт хэргийн хохирогч болох сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Өсвөр насныхан, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал хяналтаас хол компьютер тоглоомын газрууд болсоор даруй 10 гаруй жил өнгөрсөн байна.

Манай улсад өсвөр насныханы дунд дэлгэцийн донтолтын тархалтыг судалсан нотолгоо хомс байгаа тул судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх, дэлгэцийн донтолтын түвшинг тогтоох, тандах, улмаар уг эмгэгээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь тулгамдсан асуудал болжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2010-2015 онд хэвтэн эмчлүүлсэн 8-19 насны нийт 187 хүүхдийн 96.8 хувь буюу дийлэнх нь хөвгүүд, 3.2 хувь нь охид байна. 11-17 насныханы дунд хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн тус төвд хандаж, хэвтэн эмчлүүлсэн тоо баримт учраас маш хангалтгүй мэдээлэл юм.

Хэвтэн эмчлүүлсэн өсвөр насныханд нойргүйдэх, нүд анивчих, уур уцаартай болох, худлаа ярих, хичээлээ таслах, бусад сонирхдог зүйлээ орхих, эцэг, эхийн үгийг сонсохыг хүсэхгүй байх, өөртөө анхаарал тавих нь суларсан, тайван бус, уйтгар гунигтай эсвэл хэт хурдан сэтгэлийн хөдөлгөөнтэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Иймд “Сургууль, цэцэрлэгээсээ ирээд гар утас, компьютер тоглон суугаа хүүхдэдээ ээж, аавууд анхаарал хандуулж, цагийн хязгаарт нь хяналт тавих нь хамгийн чухал.

Тоглоомын дон томчуудын архидан согтуурах донтой адилхан хор уршигтай гэдгийг эмч нар сануулсан. Сургуулийн өмнөх насны хүүхэд өдөрт 20-30 минут, бага, дунд ангийнхан 30 минутаас нэг цаг тоглоход хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг үр дагавар үзүүлэхгүй. Харин түүнээс удаан хугацаагаар тоглох нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг СЭМҮТ-ийн эмч нар онцгойлон анхааруулсан.

2010-2015 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн өсвөр насныхны тоо нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь анхаарал татах асуудал болоод байгаа юм.

Иймд өсвөр насныханд тавих анхаарал халамжийг ихэсгэх, тэднийг сонсох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд олон нийтийн анхаарал, оролцоог хандуулах шаардлагатай байна.

Т.Буянаа