Манай улсад хүүхэд хөдөлмөр эрхлэх нь байдаг нь нэгэн үзэгдэл мэт болоод удаж буй. Жил ирэх тусам хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо өссөөр байгаа юм.

Өнгөрөгч онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, зах, хог хаягдлын цэгүүд дээр судалгаа явуулахад хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй 150 хүүхдийг илрүүлжээ. Хөдөлмөр эрхлэдэг хүүхдийн ихэнхи нь гар дээрээс худалдаа эрхлэх, хуушуур, бууз, машины үнэртүүлэгч зарах, төрөл бүрийн жижиг, албан бус секторын бизнесийн туслах ажил хийдэг байна. Тухайлбал тэрэг түрэх, нохойн хоол зарах, мах зөөх, барилгын туслах, микро автобусны кондуктор хийх зэрэг ажлуудыг хийхээс гадна хогийн цэг дээр хог ялгах, ангилах ажлууд хийдэг ажээ. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь 13-17 насныхан бөгөөд 40 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг, үлдсэн хувийг сургууль завсардсан эсвэл огт сургуульд явж байгаагүй хүүхдүүд эзэлж байгаа нь харамсалтай.

Сурч боловсрон, тоглож наадаж байх насны хүүхдүүд амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч, бяцхан бие, балчир оюундаа ахадсан зүйл хийж байна. Үүнийг зогсоохын тулд төрөөс бодлогын чанартай ажил хийсээр байгаа юм. Хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа тэвчишгүй хөдөлмөрийг арилгах нь зөвхөн манай улс төдийгүй дэлхийн олон орны төр засгаас хийх нэн тэргүүний ажил болоод байсан билээ.

Тэгвэл Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгаалах тухай хуулийн төслийг намрын чуулганы хуралдаанаар баталсан. Харин Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Хүүхдийн эрх, хүүхдийн хамгааллын тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг баталлаа.

Хүүхдийн эрх, хүүхдийн хамгааллын тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалт гарсан нь сайшаалтай. Гэвч хуулийн хэрэгжилтийг "гууль" болгочих вий дээ. Батлаад өнгөрөх биш хэрэгжүүлэлт дээрээ алддаг улс ш дээ.