enhbayra_1Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд өш хонзон авна хэмээж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа зарим нөхдийг ажил төрөлгүй болгож гудамжинд гаргаж хонзонгоо авч байгаа бололтой.

Ийн хэлэхийн учир нь тэрбээр сүүлийн үед сайдгүй байгаа Эрүүл мэнд, спортын яаманд халаа сэлгээг дориун хийж өөрт таалагдаагүй хүмүүсийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж тэдний оронд өөр нэгнийг албан тушаалд томилуулж эхэлсэн байна. Энэхүү халаа сэлгээнд өртсөн хүмүүс нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэгэн цагт нөхөрлөж явсан журмын анд, дүү Г.Шийлэгдамбын томилсон хүмүүс юм.
Энэ бол эзэнгүй байгаа яамыг орлож буй зарим нэг эрх мэдэл бүхий хүмүүсийн бүтцийн өөрчлөлт нэрээр хийж буй томилгоо юм. Халаа сэлгээнд Биеийн тамир спортын хөгжлийн төв өртөж, шинэ даргаар Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар Ч.Эрдэнэтуяа нарыг томилжээ. Түүнчлэн тус яамны зарим нэг газрын дарга, мэргэжилтэнгүүд ч солигдож эхэлсэн мэдээ байна. Тус яамны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Шадар сайд Ц.Оюунбаатар ийм халаа сэлгээг хийхийг хүсээгүй ч “том” ах гэх тодотголтой МАХН-ын дарга Н.Энхбаяр дээрээс лүндэн буулгасан тул яалт ч үгүй ацан шалаанд орсон гэдэг нь ойлгомжтой. Аливаа нэгэн МАХН-ын томилгоо намын даргынх нь тушаалаар явдаг учраас ийн хэлсэн хэрэг.
Ямартай ч Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд эрх баригчдаас өс хонзон авна хэмээн мэдэгдэж байсан Н.Энхбаяр даргын өөртэй нь холбоотой асуудлыг дэлгэсэн Г.Шийлэгдамбаас болж олон хүнийг хоолноос салгаад зогсохгүй, олон гэр бүлийн амьдрал өөрчлөгдөв. Энэ нь Н.Энхбаярыг хэн бэ гэдгийг дахин харуулж буй хэрэг.
Бид ажлаас халагдсан гэх хүмүүстэй уулзаж энэ талаар тодруулах гэсэн боловч “Нэр усаа гаргаад яах вэ. Хэн нь халагдаж хэний оронд хэн томилогдож ирсэн бэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Үүнээс өмнө Н.Энхбаяр гэдэг хүнд өөрсдийгөө зүслүүлмээргүй байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг ч МАХН-ын дарга Г.Шийлэгдамбын асуудлаас болж биднийг хохироож байгаа нь зүйд нийцэхгүй байгаа юм. Өнөөдөр цөөнгүй хүн шударга бус үйл явдлын золиос болж ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна” гэсэн юм. Тэдгээр хүмүүс ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж байгаа ч ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжээ ч авч чадахгүйд хүрч мэдэхээр байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хуралдсан тус намын Бага чуулганаар хэлэлцсэн нэг асуудал нь дараагийн Эрүүл мэнд, спортын яамны сайд хэн болох вэ гэсэн марафон байсан аж.
Гэтэл “Лам олдохгүй бол буцахдаа таныг зална” гэгчээр хуучин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяаг хуучин ажилд нь буцаан томилохоор түүнтэй уулзаж жин тан болгожээ. Ингээд хэдхэн хоногийн дараа А.Эрдэнэтуяаг дахин дуудаж тохирсон шийдвэрээ гэнэт өөрчилснөө дуулгаж, “Угаасаа чи ЭМС-ийн сайдын суудалд оч” хэмээн зөвлөсөн гэнэ.
Гэтэл мань хатагтай тэдний тавьсан саналаас татгалзаж хуучин ажилдаа буцаж очих сонирхолтой байгаагаа дуулгасан аж. Ингээд тус намынхан дахин сайд болох хүний эрэлд мордон Нота гэх нэртэй мэдрэлийн заслын их эмчийг дуудан, сайд болох санал тавьсан ч бас л татгалзсан хариу өгчээ. Адаг сүүлд нь ЭМШУИС-ийн захирал асан Ц.Лхагвасүрэн дээр тогтож түүнийг сайдад томилохоор өрөвдөлтэй ч гэмээр өрнөлттэй жүжгийг Бага чуулганыхаа хурлын үеэр тавьжээ.
Ямартай ч Н.Энхбаяр өөрт нь талтай гэсэн болгонд албан тушаалыг амны цаас шиг хайр найргүй өгч байгаа хэрнээ мөрөөрөө ажлаа хийж явсан төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа явдал нь намынхаа дотоод асуулын талаар үнэн бодит байдлыг гаргаж тавьсан Г.Шийлэгдамбад өс хонзон санаснаас үүдэлтэй гэдэг нь харагдаж буй юм. Сайн цагт нэг намын ахан дүүс болж, өөр өөрийн оргил руу сэтгэл нэгтэй зүтгэж явсан Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба гэх хоёр эрхэм өдгөө дайснууд болж тэдний хөлд олон хүн чирэгдэж байгааг шинэ цагийн залхаан цээрлүүлт гэлтэй. Хэзээнээс л ханилсандаа халгаатай гэгддэг Н.Энхбаяр гэх хүн зовж шаналж байхад туслалцаа, тусламж хоёрыг зэрэг үзүүлж байсан намынхаа нөхөддөө олон удаа хуншгүй зан гаргасан гэдгийг намынх нь нөхдүүд ч хэлж байсан удаатай.
Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сард МАХН-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярын талаар ний нуугүй ярьсан байдаг. Мөн энэ сарын 13-нд УИХ-ын дэд дарга асан Л.Цог “ETV” телевизийн “Асуух эрх” нэвтрүүлэгт орохдоо намынхаа даргын талаарх хачирхалтай мэдээллийг олон нийтэд өгсөн юм.
Тэрбээр “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд Н.Энхбаяр дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгсөн. Гэтэл өнгөрсөн онд Сөүлээс дахин утасдаж нэг сая ам.доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав. Надад энэ нам чинь хэрэггүй гэхэд Н.Энхбаяр за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья гэж хэлээд утсаа тасалсан. Ер нь Н.Энхбаяр дарга авилга хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэдгээ зогсоох хэрэгтэй” хэмээн ил шулуухан хэлээд авсан. Л.Цог өнөөдөр энэ үгийг хэлснээсээ болж намдаа ад үзэгдэж хөөгдөх дээрээ тулчихаад байгаа.
“Бурууг бусдаас эрж, өс зангидах нь мөхөхийн цондон” гэдэг. Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг дараалан хашиж, тэр хэрээрээ Монголын ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой энэ хүн өөрийн ужид хүслийг чухалд тавьж, гэм зэмгүй олон хүнийг Г.Шийлэгдамбын хүн хэмээн зүсэлж ажлаас нь халахаар эргэлтгүй шийджээ. Энэ тэгээд өс хонзон авч Монгол Улсаа хөгжүүлж байгаа хэлбэр үү Н.Энхбаяр даргаа!.

Эх сурвалж: