Иргэдийн шударга шүүх ТББ дэргэдээ Хувиараа худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хамгаалах холбоо байгуулсан талаар мэдэгдэл хийлээ. Энэ холбоо нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэдний эрхийг хамгаалах холбоо гэнэ.

Энэхүү холбооны хүмүүс мөнгө зээлүүлдэг байгууллага, хувь хүмүүст эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тус холбоонд одоогийн байдлаар 200 гаруй хүн элсэх хүсэлтэй анкетаа бөглөөд өгсөн байгаа гэлээ.

Тус холбооны тэргүүн Хархорин захын худалдаа эрхлэгчдийн төлөөлөгч Г.Цэрэндулам “Өнөөдөр маш их өрийн сүлжээнд орсон хүмүүс хаана хандахаа мэдэхгүй байна. Ийм учраас бид Хувиараа худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хамгаалах холбоо байгуулсан юм. Мөн Хувиараа худалдаа эрхлэгчдийн анхдугаар их хурлыг зохион байгуулна. Одоо бэлтгэл ажилдаа орчихсон явж байгаа. Өнөөдөр зүгээр харах өнцгөөсөө гоё ганган байгаа ч цаанаа амьдрал нь үнэхээр хэцүү байдаг. Нэг худалдаачин дор хаяж таван зээлд хамрагдчихсан байдаг. Иргэдийн шударга шүүх мөн Наранбаатарт Хадалдаачдийн тэр хүнд бэрхшээлийг хөндөж “Зээлийн боол” хэмээх нэвтрүүлэг хийсэнд нь маш их баярлаж байгаагаа хэлье.

Иргэдийн шударга шүүх ТББ-ын ерөнхий зохицуулагч Н.Дөлгөөн: Зээлийн сүлжээ манай оронд 10-аад жилийн өмнө орж ирсэн. Энгийн нэгэн жишээ нь 10 хувийн хүүтэй арван сая төгрөгийн зээл сарын дараа 11,000,000 төгрөг болох ёстой. Гэтэл тэр хүний зээл 28,350,000 болчихсон байгаа. Энэ нь сүлжээний дотоод зохион байгуулалт нь өдөр болгон мөнгө татаж авдагтай холбоотой. Эдгээр хүмүүс мөнгө зээлж авчихаад эргэлтэд оруулах ёстой байтал өдөр болгон мөнгөө татаж аваад тэдгээр хүмүүсийн зээлсэн мөнгийг нь юу ч биш болгоод байна. Энэ тал дээр худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн мөн зээлдэгчдийн эрх ашиг зөрчигдөөд байна гэж үзэж байгаа юм.

Яармагийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөгч А.Соёлмаа: Өмнө авсан зээлээ төлж чадахгүй болсон үед дараагийн зээлдэгчээс зээл авдаг ингэж явсаар нэг худалдаачин дор хаяж таван зээлдэгчтэй болж байна гэсэн үг. Энэ мөнгө хүүлэгч, зээлдэгч нараас зээлэхээ болиод банкнаас авъя гэхэд тэдэнд барьцаа хөрөнгө байхгүй, маш өндөр шаардлагатай учраас чаддаггүй. Бизнес эрхэлж байгаа бараг бүх хүн энэ зээлийн хүрээнд орчихсон байгаа. Нийт худалдаа эрхлэгчдийн 70-80 хувь нь өдрийн зээлэнд хамрагдсан. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд бид энэ холбоогоо байгуулж байгаа юм. Өнөөдөр хүмүүс зах дээр мөнгө олоод байгаа юм шиг ажиллаад л байдаг гэвч олсон бүх мөнгө нь зээлийн хүмүүс нь ирээд хураагаад аваад явчихдаг. Гэрээ хийдэг ч гэрээнийхээ нөхцөлийн дагуу байдаггүй. Өдөрт тийм хэмжээний мөнгө өг гэдэг тэгээд 12 цагаас хэтрэх юм бол цагийн 7000 төгрөг нэмж авдаг. мөн тэр зээлдүүлэгчдийн зүгээс асар их дарамталдаг. Зарим нэг нь тэр бүү хэл гэрт нь очиж дарамталдаг жишээ байгаа. Хүүхдүүд нь хүртэл манай аав, ээжийг хүмүүс ирээд дээрэлхэнэ дээ гэж боддог болчихсон айлууд хүртэл байна.

 

О.Номин