Манай оронд агаарын бохирдол нь ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгаа талаар нотлох судалгаа нь эхлэл төдий байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн судлаач Д.Энхмаа нарын судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд 2011 оны тавдугаар сард 20 жирэмсэнд, 2011 оны арванхоёрдугаар сард 73 жирэмсэнд хэт авиан шинжилгээгээр ураг өсөлтгүй болсон нь оношлогдсон. Өвлийн улиралд 3.6 дахин их байгаа нь ажиглагджээ. Үнэхээр агаарын бохирдлоос болж ураг өсөлтгүй болж байгааг АНУ-ын Лос Анжелесийн Хүүхдийн эмнэлэг, Сабан судалгааны төвтэй хамтран “Агаарын бохирдол ба ургийн өсөлт хөгжилт хоорондын хамаарал” сэдэвт судалгааг 2015-2017 онд хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангуулж ажиллаж байна. Энэ судалгааны зорилго нь хэт авиан оношилгоогоор ургийн өсөлтийг үнэлж, агаар дахь нарийн ширхэглэг тоосонцор (РМ2.5)-ын агууламжтай хамааралтай эсэхийг судлах юм. Судалгаанд 5000 гаруй жирэмсэн эхийг хамруулах бөгөөд асуумж судалгаа, хэт авиан оношилгоогоор мэдээлэл цуглуулах юм.

Эрүүл мэндийн статистикийн мэдээллээс харахад 1999-2016 онуудад дунджаар амьсгалын тогтолцооны өвчин 26.8, хоол боловсруулах тогтолцооны өвчин 23.9, шээс бэлгийн тогголцоооны өвчин 19.8, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1, гэмтэл хордлого болон бусад эмгэг 11.5 хувийг эзэлж байна. 2014 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоог 2008 оны өвчлөлтэй харьцуулахад 1.4 дахин ихэссэн байхад нас баралт төдийлөн буураагүй байна. Сүүлийн 16 жилд (1999-2014 он) амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд харьцуулахад байнга өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 1999 оны өвчлөлийг 2014 онтой харьцуулахад 10 000 хүн тутамд 750 хүнээр өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Улаанбаатар хотын утаа, агаар, хөрсний бохирдлын асуудал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул энэ асуудлыг хоёр жилийн өмнө Улсын Их Хурлаар авч хэлэлцэн Засгийн газар, салбарын яам, нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн боловч өнөөдөр үр дүн нь хангалттай биш байна. Засгийн газар ирээдүйд гарах эрсдэлийг бууруулах чиглэлээр тухайн үед нь би үг хэлж байр сууриа илэрхийлж байсан. Иймээс хоёр жилийн дараа энэ асуудлыг дахин хөндөж, үр дүн нь хэр байгаа талаар сонсохоор асуулга тавьсан. Төр, засгийн зүгээс утааг багасгах арга хэмжээнд зориулан төсвөөс татаас өгч ирсэн ч үр дүн хангалтгүй хэвээр байна. Цаашид юуны өмнө иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах, Засгийн газар, салбарын яам, нийслэлийн удирдлагууд, энэ ажлыг хариуцсан чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтнууд ажилдаа эзэн болж, сэтгэл гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг хэллээ.

Т.Буянаа