Өвдөж өвчилж болохгүй тэгэх юм бол ядууралд өртөнө гэсэн үгийг зүгээр нэг хэлээгүй болохыг ДЭМБ-ын судалгаа харуулна.

Дэлхийд эрүүл мэндийн төлбөрийн дарамтаас болж жилдээ 150 сая хүн санхүүгийн хүндрэлд ордгоос 100 сая хүн ядууралд өртдөг байна. Манай улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар эмнэлгийн тусламж үйлчилгээний нийт зардлын 60 гаруй хувийг иргэд бэлэн мөнгөөр төлдөг. Гэтэл дэлхий нийтэд эрүүл мэндийн үйлчилгээнд төлж байгаа зардлын 15-20 хувийг шууд төлж байгаа тохиолдолд өрх гэр, хүн ам санхүүгийн дарамтад ордоггүй гэж үздэг. Улс орнуудад эрүүл мэндийн зардал гэрлийн хурдаар өсөж байхад иргэдийн орлого тэр чигээр бас буурч байна. Энэ нөхцөлд иргэдээ хэрхэн эрсдэлээс хамгаалах вэ гэдэг тулгамдсан асуудлын нэг юм. Бид 18 жилийн турш эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулах талаар ярилцахдаа энэ хугацаанд 10 гаруй хууль, бодлогын тав, стратегийн 15 баримт бичиг, 20 гаруй хөтөлбөр төлөвлөгөө боловсруулжээ. Харамсалтай судалгаагаар эрүүл мэндийн хууль тогтоомжийн 80 гаруй хувь нь хэрэгжээгүй хэрэгжилтийн явц удаан гэсэн байдаг.

Олон улсад дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг бол манай улсын хувьд гурван хувь хүрэх үгүйтэй байдаг. Уг гурван хувийн мөнгөнийхөө 80 хувийг тусламж үйлчилгээнд таван хувийг урьдчилан сэргийлэхэд зарцуулж байна. Одоо яригдаж байгаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд таван хувь болгох гэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаабөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг. Уг хуулийг шинэчилснээр эрүүл мэндийн тогтолцоо өөрчлөгдөх юм.\

эрүүл мэндийн хууль тогтоомжийн 80 гаруй хувь нь хэрэгжээгүй хэрэгжилтийн явц удаан гэсэн байдаг.

Хэдийн өнөөдөр сайдгүй салбар хэмээн дуудуулж байгаа ч дуулгах сайн мэдээтэй бөгөөд засаглалын, тусламж үйлчилгээний, санхүүжилтийн шинэчлэлээ хуулийн орчиндоо боловсруулаад байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа шинэчлэн найруулснаар эмнэлэг, эмчээ сонгох эрх иргэн та бидэнд чөлөөтэй болж үүнийг дагаад тусламж үйлчилгээний тоо өргөжсөн. Хэр зэрэг чанартай үйлчилгээ үзүүлнэ тэр хэрээр санхүүжилт авахаар зохицуулсан.

Гэвч эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхгүйгээр эрүүл мэндийн салбарт ямар ч ахиц дэвшил гарахгүй. Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдагбөгөөд өөрөөсөө гадна хоёр хүний даатгалыг хариуцдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэвч даатгалаа төлсөн иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэр болгон хүртэж чаддаггүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна.

Т.Буянаа