НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус хуультай холбоотой, ялангуяа НӨАТ-ын урамшууллын системийн талаар янз бүрийн мэдээллүүд цацагдаж байна. Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч нь бусдын баримтыг өөрийн бүртгэлийн санд бүртгүүлбэл оны эцэст таны зарлага, орлогоосоо давж, улмаар орлогоо нотлох боломжгүйгээсээ болж гэмт хэрэгтэн болно гэх яриа олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэгвэл үүнийг үгүйсгэсэн мэдээллийг ГТЕГ-аас өглөө. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татвар нь нэг хүн тус бүр дээр ногдож байдаг. Харин баталгуужуулалтын хувьд гэр бүлийнхээ орлогыг баталгаажуулж болно.Тэр хүнийг орлогоо баталгаажуулсных нь төлөө татварын хяналт, шалгалт хийнэ гэсэн хуулийн зохицуулалт, үйл ажиллагаа байхгүй юм байна. Дээрх ташаа мэдээллийг анх олон нийтэд түгээсэн гэх хоёр хүн байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ГТЕГ-аас хуульчдын холбоонд ханджээ.

Мөн олон нийтийн цахим сүлжээгээр “Азтай НӨАТ-чид”, түүнчлэн id.mn гэх зэрэг НӨАТ-тай холбоотой мэдээлэл, сурталчилгаа хийдэг хувийн цахим нэгжүүд олноор гарч ирж байна. Тэдний үйл ажиллагааг ямар нэг байдлаар ГТЕГ-тай холбоотой хэмээн ташаа ойлголттой иргэд бас цөөнгүй байгаа юм. Тэгвэл эдгээр нь НӨАТ-ын сугалааны тохирол бүхий баримт хэвлэх төхөөрөмж худалдаалах болон ашгийн төлөөх бусад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд гэнэ. Гагцхүү тэд иргэний эрх ашгийг зөрчихгүй, хууль бус үйл ажил үйлчилгээ эрхлээгүй, элдэв ташаа мэдээлэл цацаагүй тохиолдолд үйл ажиллагаа нь нээлттэй ажээ.

Татварын ерөнхий хуулинд бүх бизнес эрхэлж байгаа этгээд кассын машинтай байна гэж заасан. Яагаад гэвэл татвар төлөгч өөрөө хүний НӨАТ шингэсэн үнэтэй бараа, ажил үйлчилгээг худалдаж авч байгаа учраас тэр хүнд сугалаанд оролцох, буцааж авах эрх нь нээлттэй байх учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл кассын машингүй, иргэдэд баримт өгөхгүй байх тохиолдлууд их байгаа ч албаныхан хууль таниулан сурталчлах ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Баримт хэвлэх төхөөрөмжийг хэт өндөр үнэтэй хэмээн худалдаа эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байгаа бол үнэн хэрэгтээ 5000-2,5 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжүүд байгаагаас боломжоороо сонгон авч ашиглах боломжтой юм.

Өчигдрийн НӨАТ-ын сугалааны тохиролоор 15668 азтан тодорсноос нэг хүн 20 сая төгрөгийн азтан болжээ. Гэхдээ одоогоор ямар хүн хожсон нь хараахан тодорхой болоогүй байгаа юм. Дашрамд сануулахад, өмнө нь 400 сая төгрөгийн азтан тодорсон хэдий ч тухайн азтан ГТЕГ-т ирээгүй байна.

Дахин дуулгахад, та бусдын НӨАТ-ын баримтыг бүртгүүлэхэд, бусдад НӨАТ-ын баримтаа өгөхөд татварын ямар нэгэн хяналт, шалгалтаар орохгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Эцэст нь Татварын шинэ хууль хэрэгжсэнээр санхүүгийн нууц, далд, бүр залилангийн гэж хэлж болохуйц дансуудыг ил болгож, тэр хэмжээгээр улс орны эдийн засагт нэмэр болох ач холбогдолтой гэдгийг энд дурдах нь зүйтэй биз ээ.

Ю.Халиун

www.Bataar.mn