Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөрийн дагуу ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгаруулж, 350 иргэн байрны түлхүүрээ гардан авав.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн үүссэн асуудал бол иргэд түрээсэлж буй орон сууцаа өмчилж болно, болохгүй гэсээр өдийг хүрсэн юм. Ямартай ч сугалаа явагдаж түрээслэх иргэд тодорсон. Засгийн газраас хямд үнэтэй байраар иргэдээ орон сууцжуулах бодлогыг барьж байгаагийн нэг ажил нь энэ.

Иргэд түрээсийн орон сууцаа өмчлөхийг хүсэж буй ч одоогоор энэ асуудал нэг мөр болж, батлагдаагүй байгаа юм.

Харин холбогдох албаны хүмүүс нь өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байгаа нь олон хүнийг эргэлзээнд оруулж буй. Түрээслэн амьдрах явцдаа өөрийн өмч болгох боломжтой гэсэн мэдээлэлд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга "Манай иргэд их гэнэн юм. Маш буруу ойлголт энд яваад байна. Түрээсийн орон сууцны хөтөлбөр бол зуун хувь түрээсийнх. Дахин хэлье. Амьдарч байгаад өөрийн болгоно гэдэг худлаа мэдээлэл шүү. Албан ёсоор хэлье" хэмээн хэдэнтээ хэлсэн. Тэгвэл тус газрын тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг түрээслэнгээ өөрийн болгох боломж бий гэдгийг мэдэгдлээ.

Түүний хэлж буйгаар бол иргэдэд түрээсийн байрыг нь өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх, эсвэл түрээслүүлэх аж. Энэ сонголтыг олон улсад хэрэглэдэг бөгөөд манай улсад түрээслэнгээ өмчлөх гурван хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Гурван сонголттой юм байна. Тодруулбал, зөвхөн түрээслүүлэх хэлбэрээр орон сууцанд амьдарч байгаад хугацаа нь дуусахаар дараагийн хэрэглэгчид шилждэг. Хоёрт, түрээслэнгээ өмчилдөг. Гуравт, ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр түрээсийн үнэ дээрээ байрны үнийг шингээж төлөх байдлаар шууд өмчлөх хувилбар бий гэдгийг онцлов. Тэгвэл Монгол улсад энэ гурван аргыг ашиглах бүрэн бололцоотой гэж ТОСК-ийн зүгээс үзэж байгаа юм байна.

Ингэхдээ тухайн өрхийн сарын орлогод дарамт учруулахгүйгээр хийх нь чухал аж. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайн байрны м.кв-ын үнийг хамгийн хямд байлгах, иргэдийн сард төлөх мөнгөн дүн бага, хугацааг нь урт байхаар зохицуулах хэрэгтэй хэмээв. Эдгээр асуудлыг шийдчихвэл түрээслэнгээ бусдад шилжүүлэх, эсвэл түрээслэх хугацаандаа байрны урьдчилгаа хуримтлуулж өмчилж авах, урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр тухайн орон сууцны нийт өртгийг шингээж түрээсийн төлбөр дээрээ давхар төлөөд явах бүрэн боломжтой болох юм байна.

Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж иргэд байраа түрээслэнгээ өмчлүүлэх боломжийг нээх аж. Тухайн иргэн түрээсийн орон сууцанд амьдрах таван жилийн хугацаандаа найман хувийн зээлийнхээ 30 хувийн урьдчилгааг бэлдээд шууд өмчлөнө. Эсвэл 20-25 жил сар бүр түрээсийн төлбөр дээрээ байрны өртгийг нэмж төлж өөрийн өмч болгох боломж нээгдэх нь ээ.

Ийнхүү олон сар асуудал дагуулсан өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэсэн маргаан ажил хэрэг болох гэж буй нь сайн хэрэг. Гэхдээ засгийн газар тогтоолоо өөрчилж, иргэдийн түрээсэлж буй байрыг нь өөрийн өмчлөлд нь шилжүүлэх үү, үгүй юу гэдэг одоогоор асуулт хэвээр үлдлээ.