Манай улсад энэ долоо хоногт олон үйл явдал болж өрнөв.

Улс төрд сонгууль гэсэн ганцхан сэдвээр үйл явдал нь өрнөх болсон билээ. Үүний хажуугаар хамгийн их дуулиан дэгдээж буй үйл явдал нь оффшор данстай нөхдүүдийн нэр олон нийтэд ил болов. Тэдний нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт. Түүнийг хятад нэртэй хэмээсэн. Тэгвэл тэрбээр уг мэдээлэлд "Тийм нэр надад байхгүй. Гүтгэлэг" гэсэн хариултыг өгсөн. Харин оффшор дансныхаа талаар тайлбар өгөөгүй юм. Оффшор данстай улс төрчдийн цуваа ганцхан түүгээр зогсохгүй үргэлжилж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа, би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн" хэмээн Дархан-Уул аймгийн иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах үеэрээ хэлсэн юм.

Ахмад гишүүд залуус руугаа живх шидэв

Энэ сарын 16-нд МАХН-аас гарч байгаа гишүүд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэв.

Тэд "МАХН бол 13-р зууны үеийн урвагчдын түүхийг давтаж байна. Ардчилсан нийгэмд намаас гарах нь хувь хүний сонголт байх ёстой" гэсэн юм. Гэтэл хэвлэлийн хурлын үеэр гаднаас МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид орж ирсэн бөгөөд мэдээлэл хийж буй гишүүдэд хандан "урвагч нар, ичээч" хэмээж тэдэн рүү хүүхдийн живх шидэн, үймээн дэгдээлээ.

Улс төрчдийн бодлогоор сайдгүй байсан ЭМС-ын яам эзэнтэй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцэн гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар Эрүүл мэнд спортын сайдаас Г.Шийлэгдамбыг чөлөөлөв.

С.Ламбааг Эрүүл мэнд спортын сайдаар томилсноор олон сар сайдгүй байсан эрүүл мэндийн салбар эзэнтэй боллоо.

Нийгэм: Фэйсбүүк ашиглан охид, бүсгүйчүүдийг хуурдаг явдал гарсаар байна

Өнөрсөн жил Ч.Өнөртүвшин гэх зурагчин “Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг хуурч мэхлэн нүцгэн зургийг нь авч улмаар сүрдүүлж, удаа дараа дарамталсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Мэдээлэл гарсны дараахан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тэрбээр “Chinggis Unur нэртэй фэйсбүүк хаягнаас охид руу бичихдээ ах нь “фотомодель” болгоно, олны танил болгож өгч чадна. Мөн Топ модел Э.Одгэрэл, Пүрэвсүрэн, мисс Содтуяа, Сарнай, Долгион нарыг од болгосон. Би Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны рөнхийлөгч гэдэг байжээ.

Сүхбаатар аймгийн харьяат Ч.Өнөртүвшин гэх энэ хүн өнгөрсөн жил гэхэд л нэг мянга гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж зарим охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлж, улмаар бэлгийн дур хүслээ хангаж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.

Цагдаа нар тухайн үед энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоосон бөгөөд хохирогч охидын нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан аж. Харин тэрбээр тухайн үед өөрийгөө өмөөрч “Би хамтран ажиллах санал тавьсан. Реклам сурталчилгаанд тоглуулахыг хүссэний төлөө ийм гомдол гаргаж байгаа охидын сэтгэхүйд гомдож байна” гэх тайлбар хийж байв.

Тухайн үед Ч.Өнөртүвшин нь “Chinggis Unur” фейсбүүк хаяг ашиглан охид бүсгүйчүүдийг хүчинддэг гэх Ч.Өнөртүвшин хэмээх энэ залууд хүчиндүүлсэн гэх 20 гаруй бүсгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан байдаг. Тиймээс Ч.Өнөртүвшинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Ч.Өнөртүвшин дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь ямар нэгэн байдлаар нотлогдоогүй хэмээгээд хэргийг прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогч гэх охид тухайн үед гомдолтой байсан бөгөөд Ч.Өнөртүвшин нь “олон жил төрийн гэрэл зурагчнаар ажилласан танил тал ихтэй учир хэргээ дараад өнгөрлөө” гэцгээж байв.

Тэгвэл тэрбээр саяхнаас мөн л охидыг хуурч нүцгэн зураг авдаг ажлаа эхлүүлсэн байна. Тодруулбал язгуур урлагийн “Хөгсүү” чуулгын тэргүүн гэх Ч.Өнөртүвшин нь тухайн үед “Chingiss Unur” гэх нэртэй фиджак, цагаан цамцтай зурагтай фэйсбүүк хаягнаас охид руу бичдэг байсан бол хамгийн сүүлд ногоон дээлтэй Chingiss Unurtuvshin хаягнаас охидыг хуурах болжээ. Тэрбээр мөн л фэйсбүүк сүлжээ ашиглан, “сайн уу хамтарч ажиллах санал тавьж байна. Надтай холбогдоорой хэмээн утасны дугаараа илгээж, уулзахыг хүсдэг байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс болгоомжлохыг охиддоо сэрэмжлүүлэг болгож байгаа юм.

Түрээсийн орон сууцыг хэрхэн өмчлүүлэх вэ

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөрийн дагуу ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгаруулж, 350 иргэн байрны түлхүүрээ гардан авав.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн үүссэн асуудал бол иргэд түрээсэлж буй орон сууцаа өмчилж болно, болохгүй гэсээр өдийг хүрсэн юм. Ямартай ч сугалаа явагдаж түрээслэх иргэд тодорсон. Засгийн газраас хямд үнэтэй байраар иргэдээ орон сууцжуулах бодлогыг барьж байгаагийн нэг ажил нь энэ.

Иргэд түрээсийн орон сууцаа өмчлөхийг хүсэж буй ч одоогоор энэ асуудал нэг мөр болж, батлагдаагүй байгаа юм.

Харин холбогдох албаны хүмүүс нь өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байгаа нь олон хүнийг эргэлзээнд оруулж буй. Түрээслэн амьдрах явцдаа өөрийн өмч болгох боломжтой гэсэн мэдээлэлд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга "Манай иргэд их гэнэн юм. Маш буруу ойлголт энд яваад байна. Түрээсийн орон сууцны хөтөлбөр бол зуун хувь түрээсийнх. Дахин хэлье. Амьдарч байгаад өөрийн болгоно гэдэг худлаа мэдээлэл шүү. Албан ёсоор хэлье" хэмээн хэдэнтээ хэлсэн. Тэгвэл тус газрын тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг түрээслэнгээ өөрийн болгох боломж бий гэдгийг мэдэгдлээ.

Түүний хэлж буйгаар бол иргэдэд түрээсийн байрыг нь өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх, эсвэл түрээслүүлэх аж. Энэ сонголтыг олон улсад хэрэглэдэг бөгөөд манай улсад түрээслэнгээ өмчлөх гурван хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Гурван сонголттой юм байна. Тодруулбал, зөвхөн түрээслүүлэх хэлбэрээр орон сууцанд амьдарч байгаад хугацаа нь дуусахаар дараагийн хэрэглэгчид шилждэг. Хоёрт, түрээслэнгээ өмчилдөг. Гуравт, ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр түрээсийн үнэ дээрээ байрны үнийг шингээж төлөх байдлаар шууд өмчлөх хувилбар бий гэдгийг онцлов. Тэгвэл Монгол улсад энэ гурван аргыг ашиглах бүрэн бололцоотой гэж ТОСК-ийн зүгээс үзэж байгаа юм байна.

Ингэхдээ тухайн өрхийн сарын орлогод дарамт учруулахгүйгээр хийх нь чухал аж. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайн байрны м.кв-ын үнийг хамгийн хямд байлгах, иргэдийн сард төлөх мөнгөн дүн бага, хугацааг нь урт байхаар зохицуулах хэрэгтэй хэмээв. Эдгээр асуудлыг шийдчихвэл түрээслэнгээ бусдад шилжүүлэх, эсвэл түрээслэх хугацаандаа байрны урьдчилгаа хуримтлуулж өмчилж авах, урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр тухайн орон сууцны нийт өртгийг шингээж түрээсийн төлбөр дээрээ давхар төлөөд явах бүрэн боломжтой болох юм байна.

Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж иргэд байраа түрээслэнгээ өмчлүүлэх боломжийг нээх аж. Тухайн иргэн түрээсийн орон сууцанд амьдрах таван жилийн хугацаандаа найман хувийн зээлийнхээ 30 хувийн урьдчилгааг бэлдээд шууд өмчлөнө. Эсвэл 20-25 жил сар бүр түрээсийн төлбөр дээрээ байрны өртгийг нэмж төлж өөрийн өмч болгох боломж нээгдэх нь ээ.

Ийнхүү олон сар асуудал дагуулсан өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэсэн маргаан ажил хэрэг болох гэж буй нь сайн хэрэг. Гэхдээ засгийн газар тогтоолоо өөрчилж, иргэдийн түрээсэлж буй байрыг нь өөрийн өмчлөлд нь шилжүүлэх үү, үгүй юу гэдэг одоогоор асуулт хэвээр үлдлээ.

Эдийн засаг: НӨАТ-ээс үүдсэн хошгируулалт дуусахгүй нь ээ

2016 онтой золгосон эхний өдрөөс эхлэн НӨАТ-ын хуульд өөрчлөлт орсон. Энэхүү хуулийг дагаж мөрдөөд жил хагасын нүүр үзэх гэж байна. Гэтэл өнөөдөр иргэд ашиг харагдах нь бүү хэл олсон хэдээсээ хумслуулж, тэр бүү хэл гэмт хэрэгтэн болоод авав бололтой. Басхүү хошгируулалт ч дуусахгүй нь ээ.

Иргэдийг сар бүр төлсөн НӨАТ-ын баримтаар сугалаанд хамруулж 20 мянгаас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал олгож буй. Гэхдээ азтан нэг нь ганц, хоёр баримт бүртгүүлээд 20 мянган төгрөг хожиж, супер шагналын эзэн болохын тулд олон хүн жижиг гэлтгүй үйлчлүүлсэн бүхий л газраасаа сугалаанд оролцох код бүхий баримтаа нэхэн авах нь ихэссэн. Энэ нь хуулийн хэрэгжилтийг сайжруулж байгаа нь сайн хэрэг. Энэ гарсаар супер азтан тодрохгүй явсаар шагналын сан өсөж 400 сая төгрөг болов. Харин гуравдугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшуулалын долоо дахь удаагийн сугалааны тохирол явагдаж 400 саяын азтан тодорсон. Гэтэл эзэн нь баримтаа бүртгүүлээгүй байна гэх мэдээллийг холбогдох газраас тухайн үедээ өгч, азтанг баримтаа бүртгүүлэхийг хүлээх үлдсэн юм. Энэ хооронд олон хүн азтан болохыг хүсэж өөртөө байгаа бүхий л баримтаа шалгаж, тулгаж үзсэн нь тодорхой. 400 саяын азтанг ч иргэд олчих санаатай олон таамаг дэвшүүлж байлаа.

Олдохгүй байсан азтан бүүр хоёрын хоёр болоод гараад ирэх нь тэр. Тэдний нэг нь А.Цэенпил гэх эмэгтэй. Тэрбээр дөрөвдүгээр сарын 24-ний өдөр баримтаа бүртгүүлж, азтан болсноо мэдсэн ажээ. Харин нөгөөх нь Говь-Алтай аймгийн уугуул С.Алтанзул гэх эмэгтэй. Тэрбээр нийслэлд орж ирэх үеэрээ “Оргил” худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэнээр 400 саяын азтан болсноо мэдсэн байна. Ийнхүү эзэн нь олдохгүй байсан азтан нэг биш хоёр болов. Баримтныхаа учрыг олохоод тэд ГТЕГ-т ханджээ. Тус газарт С.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд хандсан байна. Түүний сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж. Харин хоёр дахь азтан болох А.Цэенпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцэхгүй байсан аж. Тиймээс иргэн А.Цэенпилийг 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг ГТЕГ-аас албан ёсоор мэдээлж, түүнийг хуурамж баримт үйлдсэн байж болзошгүй гэдгийг олон нийтэд зарлаж орхив. Ингээд их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчээр хоёр азтаныхаа нэгийг гэмт хэрэгтэн болгож буй бололтой. Энэ сарын хонжворын сан нь 675 сая төгрөг болж өсчээ.

Дараагийн нэг асуудал нь НӨАТ-ын буцаан олголтын асуудал. Иргэдийн хүлээж байсан хүлээлтэд таагүй хариулт өгөв. УИХ-ын сонгууль болох учраас буцаан олголтын ажил энэ ондоо багтан бараг хийгдэх боломжгүй хэмээсэн. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсны дараа иргэдийн буцаан олголтыг хийх боломжтой болно гэсэн үг юм.

Спорт: "Рио-2016" Олимпийн бамбарыг хүлээлгэн өглөө

Энэ сарын 20-нд Монгол Улсын хилийн шугамын дагуу 8252 км замыг хоёр жилийн хугацаанд туулан хилчдээр өртөөлөн буухиалаад ирсэн “Рио-2016” олимпийн бамбарыг Хил хамгаалах байгууллага Монголын Үндэсний олимпийн хороонд хүлээлгэн өглөө. 2014 онд Хил хамгаалах ерөнхий газар, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурснаар зургадугаар сарын 21-нд Риогийн тэнгэрт бадамлан асах галт бамбар Монгол Улсынхаа дархан хилийг тойрон хилчдээрээ дамжуулан спортыг сурталчлах, олимпийг түгээн дэлгэрүүлэх их аялалдаа гарсан юм.

Галт бамбар аялах явцдаа хилийн бүх отряд /анги/, застав, харуулаар аялж олимпизмийг сурталчилах сургалт яриа таниулга, спортын тэмцээн уралдааныг тухайн орон нутагт зохион байгуулжээ.

Монгол Улс анх удаагаа хамгийн олон олимпийн эрх буюу 36 олимпийн эрхийг аваад байгаа юм. “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ С.Батцэцэг 63 кг жинд чөлөөт бөхийн төрөлд, ОУХМ Д.Төмөрхүлэг 63 кг, ОУХМ Д.Сумъяа 57 кг жинд жүдогийн төрөлд, ОУХМ Д.Отгондалай боксын төрөлд, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин Д.Гантулга хөнгөн атлетикийн төрөлд Рио-2016 олимпийн наадамд хүч үзнэ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа