Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) нь Улаанбаатар хотноо 2016 оны 04 сарын 13-ны өдөр “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”-ыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд Гадаад Хэргийн Яам, Сангийн Яам, Аж Үйлдвэрийн Яам, Хөдөө, Аж Ахуйн Яам, Гаалийн Ерөнхий Газар, Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Хөгжлийн Институт, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцох юм.

НҮБ-аас Далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орон байдаг гэж тодорхойлсон байдаг бөгөөд дийлэнх нь буурай хөгжилтэй улс юм. Тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг харилцан холбоо бүхий онцлог саад тотгор нэлээдгүй байдаг учир ДГХБО-д хөгжлийн хувьд үндсэндээ хоцрогдсон байдаг.

ДГХБО-ын эдийн засгийн бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил олон улсын түвшинд цөөн хийгдсэн байдаг. Эдгээр бэрхшээлийг дэлхий нийтэд таниулан ойлгуулах ажил нь үндэслэл, судалгаа, зохион байгуулалт муутай явж ирсэн тул ДГХБО-ын ОУСТ нь дотоодын болон дэлхийн нэртэй эрдэмтэд, эдийн засагчдын оюуны чадамжийг төвлөрүүлэн ажиллаж байна.

ДГХБО-ын ОУСТ нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд олон улсын худалдаа, ялангуяа Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, мөн олон талт худалдааны тогтолцооны хүрээнд олгогдож буй худалдааны тааламжтай нөхцлүүдийг бүрэн дүүрэн ашиглах мөн хэлэлцээнд оролцогчдын хэлэлцээр хийх чадавхийг бэхжүүлэхэд тус дөхөм болгох зорилгоор уг гарын авлагыг гаргасан болно.

Энэхүү гарын авлага нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бодлого гаргагч нар, хэлэлцээнд оролцогч хувь хүн болон хуулийн этгээд, төрийн албан хаагч, худалдаа, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх багш, судлаач нарт олон талт хэлэлцээрийн холбогдох хэлэлцээ хийх талаар цогц мэдээлэл өгөх мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, Хөгжлийн Бага Хурал, ДХБ болон бусад олон улсын байгууллагуудаас эмхтгэн гаргасан худалдааны гэрээ хэлэлцээрүүд, худалдаатай холбоотой судалгааны эх сурвалжууд болон бусад гарын авлагыг нэгтгэн нэг дор зурагчлан харуулсан чухал ач холбогдол бүхий гарын авлага болж гарсан.

Түүнчлэн тус гарын авлагад олон талт худалдааны тогтолцоо, Дохагийн үе шатны хэлэлцээний далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хөндсөн үйл явц, зөвшилцөлд хүрч байгаа асуудлуудад дүгнэлт өгөх мөн хэлэлцээрийн хүнд сорилтуудыг хэрхэн өөрт ашигтай байдлаар ашиглаж болох талаар тодорхой зөвлөмжүүдийг тусгаж өгсөн болно.

 

Арга хэмжээ Гадаад Хэргийн Яамны “Зөвшилцөл” танхимд 10:30 цагаас эхэлнэ.