Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1,123.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
2016/07/20
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл:
А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2016 оны 6 дугаар сарын гүйцэтгэлээр 2,541.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага байна.
Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 88.1 хувь, татварын бус орлогоор 11.9 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр харуулбал:
- Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,635.0 тэрбум төгрөгт хүрч 23.0 хувиар буюу 487.5 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Импортын барааны НӨАТ-ын орлого 83.7 тэрбум, импортын гаалийн албан татварын орлого 45.4 тэрбум, хүүгийн орлого 62.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 58.3 тэрбум, газрын тосны орлого 38.9 тэрбум, навигацын орлого 21.5 тэрбум, өмч хувьчлалын орлого 56.8 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 179.0 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан нь голлон нөлөөлсөн байна. НӨАТ-ын буцаан олголтоор 54.2 тэрбум төгрөг олгосон байна.
- Орон нутгийн төсвийн орлого 1,075.2 тэрбум төгрөгт хүрч 7.6 хувиар буюу 91.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Нийслэлийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 17.6 тэрбум, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 3.7 тэрбум, хог хаягдлын үйлчилгээний хураамжын орлого 1.4 тэрбум, дуудлага худалдааны орлого 16.5 тэрбум, нийслэл хотын албан татварын орлого 3.4 тэрбум, торгуулийн орлого 2.1 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 4.7 тэрбум, бусад татварын бус орлого 6.1 тэрбум, өмч хувьчлалын орлого 10.9 тэрбум, гадаад тусламжын орлого 3.7 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь нийслэлийн орлого 64.2 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна. Орхон аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 1.9 тэрбум төгрөгөөр давсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 0.7 тэрбум төгрөгөөр давж биелэхэд голлон нөлөөлсөн байна. Өмнөговь аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 3.6 тэрбум, ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2.0 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 11.7 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна.
- Хүний хөгжлийн санд 63.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 11.7 хувиар буюу 17.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлоготой холбоотой байна. Нийгмийн даатгалын санд 854.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 1.7 хувиар буюу 14.7 тэрбум төгрөгөөр илүү байна. Тус санд улсын төсвөөс 205.4 тэрбум төгрөгийн татаас олгосон байна.
Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 оны 6 дугаар сарын байдлаар 4,872.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,665.1 тэрбум төгрөгийн буюу 75.2 хувийн, улсын төсвийн зарлага 3,486.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2,659.8 тэрбум төгрөгийн буюу 76.3 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
Нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:
- Улсын төсвийн халамжийн сангаас ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн зардал 2.2 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжид 27.2 тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 9.4 тэрбум, хөрөнгийн зардал 348.5 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна. Улсын төсвөөс орон нутагт 85.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 50.6 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг, 545.8 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгийг тус тус олгосон байна.
- Орон нутгийн төсвийн зарлага 1,110.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 76.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгаас улсын төсөвт 40.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
- Хүний хөгжил сангийн зарлага 178.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 93.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 143.5 тэрбум төгрөгийг олгоод байна.
- Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 91.8 хувийн буюу 802.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлгүүдэд 77.4 тэрбум төгрөгийн татаасыг олгосон байна.
Төсвийн тэнцэл: Тайлант хугацаанд гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 61.9 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 672.4 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 259.8 тэрбум төгрөгийг тус тус төлж, 184.9 тэрбум төгрөгийн гадаад төслийн, 612.1 тэрбум төгрөгийн төслийн бус гадаад зээл тус тус авч, Засгийн газрын 593.0 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 1,021.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад 417.6 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1,123.9 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 1,024.9 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарлаа.
Зочин · 2016/07/25
Чойжилсүрэн санг хувхайруулна аа яана
Зочин · 2016/07/20
good