ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ сайд нарын томилгооны тухайд олон нийт, сонгогчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Улс төрд өрнөж буй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахад ямар дүр зураг харагдаж байна вэ?

 

-Өнгөрсөн жилүүдийн сөрөг хүчин байсан МАН ярьж, шүүмжилж байсныхаа эсрэгээр засгаа бүрдүүлж байна. Олон нийт өөр хүлээлттэй байсан.

 

Давхар дээлгүй, улс төржилтөөс ангид засгийг хүсч байсан нь сонгуулийн кампанит ажлын явцад маш тодорхой байсан. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдгээр иргэд байр сууриа илэрхийлэн энэ нь төрөө засч авах хүсэл эрмэлзэл нь МАН руу хуйлран саналаа өгөх сэжим болсон. Гэтэл тэр эрэлтэд нийцсэн шийдэл арай л биш байна.

 

-Уг нь МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн сонгуулийн амлалт өгч гарч ирсэн. Энэ зарчимдаа хэр нийцсэн засаг байгуулав гэж дүгнэж байна. Ийм эгзэгтэй үед парламентад суудалгүй улс төрийн намууд хамгийн үнэнд нийцсэн, бодитой дүгнэлтийг хийж байгаа байх?

 

-Мэргэжлийн Засгийн газар нь пиарчин, фейсбүүкчин, твиттерчин сайд нараас бүрдэх бус улстөржилтөөс ангид алсын хараатайгаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэх мэргэжлийн баг юм. Улс орны удирдлагын хямралаас үүдэлтэй нийгмийн бухимдалд уг нь тохирсон хариулт нь Мэргэжлийн Засгийн газар.

 

Яг энэ өнцгөөс нь аваад үзэхэд энэ хариултандаа тохирсон Засгийн газар бүрдэж чадахгүй бололтой. Улстөрчид тэр дундаа давхар дээлтэй сайд нар хүч түрсэн энэ засгаа эрх баригчид хариуцлагаа үүрэх гэсэн байдлаар тайлбарлах биз. Гэхдээ сар гаруйн өмнөх амалсан амлалтаа тэд мартаж болохгүй. Өндөр их итгэл найдварыг биелүүлэх даваанаасаа бүдэрч эхэлж байна гэж л харж байна.

 

-Энэ удаагийн парламент онцлогтой гэж хэлж болно. Нэг талаасаа МАН үнэмлэхүй олонх болчихлоо. Ийм тохиолдолд ямар ч асуудлыг хүч түрэн шийдэх магадлалтай. Нөгөө талаасаа асуудалд мэдрэмжтэй хандахгүй бол парламентад суудалгүй намууд хүчтэй сөрөг хүчин болж мэдэх талтай. Энэ тухайд таны байр суурь?

 

-Монголчуудад уул овоо шиг зовлон хуримтлагдаж. Үүнийг МАН нимгэлж чадна гэж үзээд тэдэнд үнэмлэхүй олонхиор төрөө барих эрх олгосон. Үнэмлэхүй хэмжээний итгэл найдвар гэсэн үг. Цөхөрсөн түмний сүүлчийн найдвар ч гэж хэлж болох юм. Ийм их итгэлийг тээж яваа нам буруу ажиллаад эхэлбэл бухимдлыг өөрсөд рүүгээ л эргүүлнэ.

 

Хэдийгээр үнэмлэхүй олонх хүч түрэн шийдэж болох ч хэтэрхий бярдаад байвал алдаа тэднийг тойрохгүй нь тодорхой. Тэдний алдааг засах, ялангуяа сонгуулийн амлалтыг нь өдөр бүр сануулж ажиллах үүргийг сөрөг хүчин авч байна.

 

-Эрх баригчид өмнөх эрх баригчдын хийсэн үйлдлүүдийг шалгахаас ажлаа эхлэх бололтой. Парламент дахь гол сөрөг хүчин АН энэ шуурганд өртөх нь зайлбаргүй. Ийм сөрөг хүчин хэр зэрэг хүчтэй шүүмжлэгч байж чадах вэ?

 

-ИЗНН сөрөг хүчний хувьд хэрхэн ажиллах талаар тунгааж байна. Бусад намууд ч энэ талаар дотроо хэлэлцэж байгаа байх. Манай нам удахгүй хуралдаж, сонгуулийн алдаа оноогоо дүгнэн өөрсдийн дүгнэлтээ гаргана. Миний харж байгаагаар Монголын улс төрд дахин хуваарилалт явагдах бүх шинж нь бүрдчихэж.

 

Зарим намын нөхдийн намаа шинэчлэх гэдгийг оны ялгаа байдлаар харах бус улс төрийн намыг бүхэлд нь зөв гольдиролд нь оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нам нь жинхэнээсээ олон түмний нам болох хэрэгтэй гэсэн үг.

 

Улс төрийн шинэчлэлийн гол шалтгаан нь намдаа биш төрийн тогтолцоо, засаглалын чадамжиндаа байгаа юм. Төрөө засах хэрэгтэй гэсэн үг. Олноороо төрөө засах хэрэгт ханцуй шамлан орж, олонх цөөнх гэлтгүй хамтран ажиллавал бид төр улсаа авч явах ойлгомжтой нэгдсэн бодлого, дүрэм, журамтай болно.

 

-Ийм санаачлагыг эрх баригчид л эхлээд хийвэл үр дүнтэй болох байх?

 

-Эрх баригчид уг нь үүнийг санаачлан улс төрийн намуудтай дугуй ширээний уулзалтыг одооноос эхлүүлэх хэрэгтэй. Улс орны удирдлагын системийн хямралыг нүүр нүүрээ харж байгаад, олон түмний өмнө ил тод хэлэлцэж, нэг шийдэлд хүрмээр байна.

 

Ингэхээр бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярилцана гэсэн үг. Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөхөөс хамаарч улс төрийн намуудын шинэчлэл агуулгаараа явагдана. Түүнээс биш нэг даргыг нөгөөгөөр солих замаар олигтой үр дүнд хүрнэ гэж найдалтгүй. Эсвэл эрх баригчдын алдаан дээр дөрөөлж байгаад дараагийн сонгуульд ялна гэж мөрөөдөж байгаа бол том эндүүрэл.

 

-Монголчууд бид улс төрийн дахин хуваарилалтын өмнө ирлээ хэмээн та жиргэсэн байсан. Таны яриад буй санаа үүнтэй холбогдож байх шиг байна. Ер нь одоо дахин хуваарилалт хийх боломж бий юү?

 

-Үнэмлэхүй олонхийн нөгөө талд хүчтэй, зөв сөрөг хүчнийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Ингэж байж Монгол Улс хожих юм. Улбагар, дээрэлхүүлж, дарамтлуулсан сөрөг хүчин бидэнд хэрэггүй. Парламентад суудалтай эсвэл суудалгүйгээгээс үл хамаарч хамтран ажиллах шаардлагатай болно. Олны хүч оломгүй далай гэдэг.

 

Олны хүчийг хэн зангидаж чадахаас улс орны тогтвортой байдал ихээхэн хамаарна. Эв нэгдэлгүй, тархай бутархай сөрөг хүчин байгаа цагт эрх баригчид улам оодорч, юу хүссэнээ тааламжтай цагтаа үйлдэх л болно. Эрх баригчдын хүчтэй ташуур, амлалтыг нь сануулж, алдааг нь засах сөрөг хүчнийг бүрдүүлэх эсэхээс хамаарч улс төрд дахин хуваарилалт явагдах болов уу.

 

МАН-д үнэмлэхүй олонхиор засаглах эрх өгсөнийг цөхөрсөн ард түмний сүүлчийн үг гэж харвал улс төрийн шинэчлэлийг бид дарга цэргийг сольдогоосоо өөр байдлаар явуулна. Тиймээс энэ шинэ дуудлагад нэгдэж, нийцэж чадах улс төрийн хүчнүүд, улстөрчид хамтран ажиллах өргөн боломж одоо нээгдэж байна.

 

ИЗНН энэ дуудлагын тэргүүн эгнээнд яваасай гэж хүсч байна. Хэрэв бид үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд эрхэмлэдэг л бол биеэ оторлох бус эвлүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэх ч хэрэгтэй байж мэднэ.

 

-АН олонх болсон цагаасаа эхлэн дотроо талцал ихтэй байсаар сонгуульд амжилт гаргаагүй. Энэ удаад МАН олонх болсноор бас л АН-д болж байсан үйл явц давтагдах нь гэсэн шинж ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтэц болоод сайд нарын тухайд МАН-ын цөөнгүй гишүүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнээс харахад монголчууд үнэхээр МАНАН-гаас өөр сонголт хийх цаг ирснийг улам бататгасаар байх шиг?

 

-Төрөө хэрхэн засах тухай биш харин одоогийн байгаа бүтцэд хүмүүсээ хэрхэн байршуулахад хамаг хүч, цагаа зарцуулвал МАН энэ системдээ идүүлээд дуусна. Дулмааг Долгороор солиод Монгол хожихгүй. Хувь хүн нь хожиж болох л юм. Эдийн засаг тун амаргүй байгаа. Төсөөлж байснаас ч хүнд байна гэж эрх баригчид ярьж эхэлсэн.

 

Үүний гол шалтаг, шалтгаан нь төрийн удирдлагын тогтолцоонд байгааг тэд олж хараасай, засахаар ажиллаад эхлээсэй гэж хүсч байна. Хэрэв тэд үүнийг хүсэхгүй, боловсон хүчний байршлын анализ маягийн юмтай зууралдаад байвал бид хараад суугаад байхгүй.

 

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ