Монгол улс саяхан АСЕМ-ийн 11 дүгээр дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж, хоёр өдрийн турш дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Чингисийн Монголын сайхныг биширч, амар амгаланг бахдан ярьцгаасан энэ үйл явдалд манай улсын иргэн бүр эрвийх дэрвийхээрээ оролцсон. Амралт зугаалгын үе таарсныг ч хэлэх үү иргэд нь хотоо чөлөөлөн өгч, харин царайлгууд нь амин хувийн болон амралт зугаалгаа умартан байж хотоо чимж үлдсэн. Бүгд л эх орноо бусдын нүдэнд сайхан харагдуулах гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн байсан нь тэр.

Тэгвэл АСЕМ-ийн уулзалтын дараагаас Монгол улсад 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд чуулах гэж байгаа тухай мэдээ дуулдах боллоо. Дэлхийд нэр хүнд, чанар чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international 2016” тэмцээн ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хооронд болохоор тов нь гарсан байх бөгөөд нэн ховордоод буй Мазаалай баавгайг дэлхийн сонорт хүргэх зорилготойгоор зохион байгуулагдах аж.

“Улс төрийн олимп”, “Гоо сайхны олимп”-ууд ар араасаа зохион байгуулагдахыг бодоход Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2040 онд зуны олимпийн наадмыг эх орондоо зохиох зорилго хий хоосон зүйл биш бололтой. Олон улсын үйл ажиллагаа нийгмийн салбар бүрт үр өгөөжөө өгдгийг бид мэдсэн, мэдэрсэн болохоор эх орныхоо төлөө дахин хотоо чөлөөлөхөд татгалзах хүн гарахгүй биз ээ.

 

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж: Breakingnews.mn