Монголбанкийг сайн шалгаарай
2013/10/02
Монголбанкийг шалгаж байна. Сайн хэрэг. Сайтар шалгах хэрэгтэй. Гэхдээ хэн, яагаад шалгаж байна вэ гэдэг сонирхолтой. Монголбанкийг олон удаа шалгаж байсан.
Энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүсэлт гаргасан аж. Тэр ч байтугай “Монголбанкинд шалгалт хийх гарцаагүй нөхцөл байдал үүссэн” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр сүржигнэсэн юм. Ингээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй шалгаж танилцах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахалж бүрэлдэхүүнд нь Ц.Нямдорж, Г.Уянга, С.Одонтуяа, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтжээ.
С.Дэмбэрэлийн хувьд Монголбанкны өмнөх удирдлагуудын үйл ажиллагаанд байнга шахам сэтгэл дундуур явдаг, шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг. Харин Ц.Нямдорж гишүүний тухайд Монголбанкны төлөө Шаардлага гарвал амиа өгөхөөс буцахгүй нэгэн билээ. Тийм ч учраас УИХ-ын даргын суудлаа хүртэл өгч байсан удаатай. Ямартай ч энэ эрмэлзэл нь Монголбанкны удирдлагыг УИХ томилдог, ажлыг нь хянаж шалгадаг гэдгээс арай өөр гэдэг нь анзаарагдсан учраас ийнхүү ялгарсан хэрэг.
Д.Зоригтын хувьд “Монгол шуудан” банкны эзэн асан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны “байнгын гишүүн”. Магадгүй түүний УИХ-ын гишүүн болох том зорилтын нэгээхэн хэсэг нь банкны салбартай ч холбоотой байж болох юм гэсэн хардлагыг төрүүлдэг. Түүнчлэн С.Бямбацогт хуучин гишүүний хувиар төв банкийг хоёр дахь удаагаа “шалгаж” байгаа бол “шинэ” гишүүн Б.Гарамгайбаатар байнгын хорооны даргын хувиар төдийгүй “архаг” бизнесмэнүүдийн хувьд ажлын хэсэгт орж ажиллахыг дуртайяа зөвшөөрсөн бололтой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга нарыг “хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс” төдийгүй С.Одонтуяаг эдийн засагчийн хувиар, Г.Уянгыг “Шударга ёс” эвслээ төлөөлөөд зогсохгүй тус салбарын ажил байдлын талаарх мэдлэгээ өргөжүүлэхээр томилсон болов уу гэж харагдаж байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан ам.долларын ханш өсөх үеэр твийтр хуудаснаа “Монголбанкны албан ханш яагаад Найман шаргынхаас 20 төгрөгөөр доогуур байна аа. Энэ юу гэсэн үг вэ” гэсэн танин мэдэхүйн чанартай асуулт тавиад жиргээчдэд зэмлүүлж байгаа харагдсан. Гэвч үүний хариуд “Мэддэггүйдээ биш энэ талаар зарим хүн бодог гэсэн юм” хэмээн тайлбарласан юм.
Өмнөх парламентын үед Монголбанкийг шалгахад Төсвийн байнгын хорооны гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч асан хүн Эдийн засгийн байнгын хорооны ажилд оролцоод Монголбанкийг шалгаад явж байсан нь сонирхол татаж байв. Мөн тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны нэгдүгээр сарын 10-ны 02 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж Б.Батбаяр, С.Эрдэнэ Д.Балдан-Очир, С.Бямбацогт, Ц.Цэнгэл, Р.Раш нар багтсан байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлын онцлог нь валютын ханш, шатахууны үнийн гэнэтийн өсөлттэй холбоотой байснаараа одоогийн нөхцөл байдалтай ижил төстэй гэж үзэж болох талтай.
Гэвч Монголбанкны дотоод нөхцөл байдлын тухайд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч нь улс төрийн гурван өөр хүчнээс сонгогдсоны хувьд дотоод хяналтын хувьд санаа зоволтгүй гэж хэлж болох талтай нэг онцлог бий. Нөгөө талаас Монголбанкны үйл ажиллагаа өмнөх үеийнхийг бодвол олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, УИХ дахь улс төрийн таван намын өмнө нээлттэй байгаа юм. Тиймээс ажлын хэсэг сайтар шалгахын сацуу төв банкныхны ажлыг цалгардуулж цаг алдуулан сүржигнэсний эцэст өмнөх шалгалтын нэгэн адил таван хуудас цаасаар дүгнэлтээ цэглэхгүй гэж найдаж байна. Авах ч юмгүй, хаях ч зүйлгүй албан ёсны таван хуудас санал дүгнэлт, “зөвлөмж”-өөс илүү нээлттэй мэдээлэл дунд умбан орж шумбан шалгасных ажил хэрэгч шийдвэр олоод ирээсэй гэж ажлын хэсгийнхнээс хүсцгээе.
У.Оргилмаа
Зочин · 2013/10/03
МАН-ын үеийн өр зээл, АН-ын шинээр үүсгэсэн өр, зээл, түүний дотор Чингэс бонд, зориулалт, зарцуулалт, үрдэгдэл, хүү төлөлт, Са******рай бонд, до******** зэргийг маш сайн шалгах гэдэгт итгэж байна.